”МИАТ”-ийн захирал Ц.Орхон халагдах өргөдлөө өгөв

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

”МИАТ”-ийн захирал Ц.Орхон халагдах өргөдлөө өгөв

УИХ-ын
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр алдагдлаа тайлбарлаж ажлаа
тайлагнасан ”МИАТ” ком­панийн гүйцэтгэх захирал Ц.Орхон өчигдөр ажлаас
чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Тиймээс өчигдөр ТӨХ, дараа нь “МИАТ”
хувьцаат ком­панийн ТУЗ хуралдаж уг асууд­лыг хэлэлцэн Ц.Орхоныг үүрэгт
ажлаас нь чөлөөлж, оронд нь гавьяат нис­эгч Г.Жаргал­сай­ханыг томил­сон
байна. Тэрбээр “МИАТ” ХК-ийн Токио дахь Төлөөлөгчийн газрын ерөнхий
менежерээр ажиллаж байсан юм.

Одоогоос хоёр жил гаруйн өмнө
“МИАТ” компанийн Техникийн газрын инженер, тех­никийн хэсэг ажилтан
“Боинг 737-800” онгоцыг барьцаалан нислэгийг саа­туулж улмаар тус албаны
120 гаруй ажилтнаас 94 нь халагдах өргөдлөө өгч ажил хаялт зарласан.
Эцэст нь Засгийн газар, ТӨХ-ны төв­шинд асуудлыг хэлэлцэж 2010 оны
тавдугаар сарын 26-нд тус компанийн гүйцэтгэх захирал Р.Бат-Эрдэнийг
ажлаас нь чөлөөлж оронд нь Ц.Ор­хоныг  томилсон билээ. Ц.Ор­хон захирал
ажлаа авсан даруй­даа  инженер техни­кийн бүрэлдэхүүнтэй ойл­гол­цон
удирд­лагын багийг 100 хувь шинэчлэн Үйл ажиллагаа эр­хэлсэн дэд
захир­лаар Г.Жаргалсайхан, Бизнесийн асуудал эрхэлсэн дэд захирлаар
Г.Ням­даваа нарыг тус тус томил­сон бай­даг. Харин дараа нь
Г.Жаргалсайханыг “МИАТ” ХК-ийн Токио дахь Төлөөлөгчийн газ­рын ерөнхий
менежерээр томилсон аж. Ямартай ч “Ц.Орхоны багийнхан” өнгөр­сөн хоёр
жил гаруйн хугацаанд тус ком­панийн алдагдлыг багас­гаж ашигтай
ажилуулах, нис­лэгийн тээвэрлэлтийг нэмэг­дүүлэхэд онцгой анхаарч
аюулгүй ажиллагаа, нислэгийн тех­никийн бүрэлдэхүүний чад­вар дадлагын
талаар өндөр шаард­лага тавьж ажилласан. Гэвч УИХ-ын сонгуулийн дараа,
“шаардлагатай” бол Засгийн газар солигдох бүрт “МИАТ”-ийн удирдлагад
“халддаг”-ийг мэдэрсэн хүний хувьд энэ удаад ажлаас чөлөөлөг­дөх
өргөдлөө өгсөн бололтой.

Харин түүний оронд “МИАТ” ХК-ийн
Гүйцэтгэх захирлаар томилогдож буй Г.Жаргалсайханы хувьд мөн л
сал­барынхаа тогоонд “чанаг­даж, хатаагдсан” нэр хүндтэй нэгэн аж.
Тиймээс ч “Төмөр замыг Н.Сэрээнэндоржоор, МИАТ-ийг гавьяат нисэгч
Г.Жаргалсайханаар удирдуу­лах зал­гамжлуулах болсон нь зөв шийдвэр
боллоо” гэж зам тээврийн салбарынхан ам сайтай байгаа аж.

Гэвч
“хөшигний цаана” Засгийн газар, АН-ынхны хүрээнд улс төрийн томилгоо
хийхээр улайран зүтгэсэн бяцхан тэмцэл өрнөөд авсныг зарим эх сурвалж
нуухгүй байна. Дашрамд дурьдахад өнгөрсөн аравдугаар сарын 5-нд
“УБТЗ”-ын даргыг томилох асуудалд ч Засгийн газар, Зам тээврийн яам,
Төрийн өмчийн хороо мөн л мэргэжлийн хүнийг томилох байр суурин дээр
нэгдэж чадсан билээ. Энэ нь ч АН, шинэчилсэн Засгийн газрыг олон нийтэд
зөв харагдуулсан. Тэр тусмаа Зам тээврийн яамны удирдлагууд ажлаас
чөлөөлөгдөж буй мэргэжилтнүүд болон ахмадууддаа хүсвэл тус салбарынхаа
эрдэм шинжилгээ, судалгааны төвд ажиллах боломжийг олгосон юм.

“МИАТ”
ХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдож буй Г.Жаргалсайхан нь өнгөрсөн
жилийн наадмаар тус компаниас төрсөн 20 дахь гавьяат нисэгч болж дайны
үеийн анхны монгол нисэгчдийн нэгэн болох аав Гунгаагаа магнай хагартал
баярлуулсан билээ. Гэвч нисэгч болоход “арын хаалга” байх биш. Тэрбээр
1972 онд ЗХУ-ын Сасовын Нисэхийн дунд сургууль, дараа нь Санкт
Петербургийн Иргэний нисэхийн академийг төгсөж ирснээс хойш “МИАТ”
ХК-тай амьдралаа холбосон аж. ИНЕГ-ын Нислэг штурманы хэлтэст байцаагч
нисэгч, Нисэхийн техникийн улсын байцаан шалгах газрын даргаар ажиллаж
байсан Г.Жаргалсайхан гавьяат Монголд ирсэн бүх онгоцоор ниссэн төдийгүй
2000 оноос өмнөх нисэгчид дунд түүгээр шалгуулаагүй хүн байдаггүй
гэлцдэг юм билээ. Гавьяат болсныхоо дараахан “Манайх шинэ онгоцуудаа
аваад 2013 он гэхэд АНУ руу шууд нислэг хийх бэлтгэлээ эхлээд байгаа.
Хамгийн сүүлийн үеийн “Боинг-787” онгоцыг яагаад монголчууд авч болохгүй
гэж” хэмээн сэтгэл хөдлөн ярьж суусан тэрбээр эдүгээ энэ түүхэн үед
“МИАТ” ХК-ийг удирдах бүрэн эрхээ аваад байна. Яагаад томилгоо бүхэн
хардлага сэрдлэг дагуулах ёстой гэж. Нисэхийнхэн өөрсдөө “МИАТ”-аа
удирдаж, өөр өөрийн онцлогтой түүхэн гавьяагаа салбартаа үлдсээсээр
байна.

Шинэчлэлийн Засгийн газар, Зам тээврийн яам, “МИАТ”
ХК-ийнхан түүхэнд байгаагүй том зорилтуудыг өмнөө тавиад байгаа. Улс
төрийн нөлөөлөлгүй, мэргэжлийн чадварлаг баг гар, сэтгэл нийлэн
ажилласнаар зорилгодоо хүрч Монголын үндэсний авиа компаниуд, нисэхийн
салбар шинэ шатанд хөгжих болтугай.

Тоймч У.ОРГИЛМАА
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж