Саяхан уран бүтээлийн 50 дахь улирлын нээлтээ алдарт, хүчирхэг “Стартак” балетаар нээж байсан ДБЭТ-ын хамт олон хоёрхон хоногийн өмнө гадны нэр хүндтэй зочдоо хүлээн авсан юм. Театр 50 жилийн ойдоо зориулан үзэгчдэд барьж буй хамгийн том бэлэг бол Оросын балетчдын тоглолт. Тэр тусмаа Оросын шилдгүүд Монголын тайзнаа шилдэг бүтээлээ толилуулна гэдэг сонгодог урлаг сонирхогч, шүтэн бишрэгчдийн хувьд жинхэнэ гайхамшиг, тэдэнд барьж буй хамгийн том бэлэг гэж болно.
Тэд өнөөдөр ДБЭТ-т 19.30 цагт “Оросын балетын одод” гала тоглолт дэлгэнэ.
“Рус Арт” продюссерийн компанийн захирал Анастасия Коваленкотой уулзлаа.
-Оросын балетын оддын хамт Монголд хүрэлцэн ирсэн сэтгэгдлээ хуваалцахгүй юү. “Рус арт” продакшн ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Монголд ирсэндээ сэтгэл хангалуун байна. “Рус арт” продакшн соёл, урлагийн болон урлагийн бүтээлийн салбар, тэр дундаа тайзны урлаг, балетад голчлон төсөл хэрэгжүүлж, хамтран ажиллаж байгаа. Манай продакшн нь мөн хөгжмийн урлаг, драмын чиглэлээр төсөлд дээр ажилладаг. Би балетчин байсан. Одоо энэ продакшныхаа ерөнхий захиралаар ажилладаг. Миний бүхий л амьдрал балеттай салшгүй холбоотой юм. Тиймдээ ч “Рус Арт” балетын урлагийг голчлон анхаарч, үйл ажиллагаа явуулж байна. Энэ хүрээнд Оросын балетыг гадаад, дотоодод сурталчлах төслүүд дээр илүү анхаардаг. Үүнд, жил бүр зохиогддог Оросын соёлын өдрүүд ба бусад улс орны соёлын өдрүүдийн арга хэмжээнд манай продакшн байнга хамтын ажиллагаатайгаар оролцдог. Жмшээлбэл, бид 2010 онд Орос-Италийн уран зургийн соёлын солилцооны хамтын ажиллагааны хүрээнд зохиогдсон төсөлд оролцож байсан. Мөн Испани-Оросын соёлын өдрүүдэд. Түүнчлэн, 2010 онд болсон “Сочи-2014” соёлын олимпиадын уран бүтээлийн нээлтэд бид ажилласан. Энэхүү төсөлд оролцсон балетын гоцлоочид болон хөгжмийн салбарынхан олон улсын тэмцээн, уралдаанд түрүүлж байсан хамгийн залуу, шилдэг уран бүтээлчид байсан юм.
-Оросын балетын оддын баг Азид анх удаа ийм өргөн бүрэлдэхүүнтэй ирж байна гэж ойлгож байна?
-ОХУ-ын балеттын одод гэсэн тодотголтой, шилдэг балетын гоцлоочидтой баг ийнхүү Монголд хөл тавьж байгаа нь Ази тивд анхных юм. Монголын ССАЖ-ын яам болон ОХУ-ын Соёлын яамны дэмжлэгтэйгээр ДБЭТ-ийн санаачилгаар төсөлд зориулж энэ багийг бүрдүүлсэн. Мөн энэ удаагийн тоглолтыг хоёр орны соёлын хамтын ажиллагааны 100 жилийн хүрээнд толилуулж байгааг гэдгийг онцлон хэлмээр байна. Өнөөдөр болох тоглолт гайхалтай болно гэдгийг амлаж байна. Учир нь ОХУ-ын балетыг дэлхийд илтгэн байгаа шилдгүүд тайзнаа бүжнэ. Оросын балетыг гайхуулж буй “Большой театр”, “Марийнский театр”, В.Гордеевийн “Русский балет”, “В.И.Немирович-Данченкогийн нэрэмжит театр”, “Новосибирский театр”-ын уран бүтээлчид гээд сор болсон уран бүтээлчдээ нэгтгэн гала тоглолт хийнэ гэдгээрээ маш онцлог, чухал арга хэмжээ юм.
-Гала тоглолтын хөлбөрт ямар бүтээлүүд багтсан бэ?
-Энэ төсөлд гала хэлбэрээр бүх төрлийг хамарсан бүтээлүүдээрээ оролцож байгаа. Тоглолтод оролцож буй балетын гоцлоочид маань зөвхөн тухайн балетын театраа төлөөлөх бус бүр ОХУ-ын хамгийн алдартай балетын сургуулийг дүүргэсэн шилдэг уран бүтээлчид учраас давхар төрөлх сургуулийнхаа нүүр царай болж, бүтээлээ толилуулах юм. Тэд сонгодог урлагийн гайхамшигтай бүтээлүүдийг хүргэхээс гадна орчин цагийн балетын нүүр царайг илтгэх болно. Хөтөлбөрт балетын урлагийг дэлхийд сорчилж буй Владимир Васильевын “Арабеск”, Мариусын “Корсар”, “Щелькунчик”, “Жизель” болон орчин үеийн сонгодог бүтээлүүд мөн балетын гоцлоочид зориулан бүтээсэн бүтээлүүд багтсан байгаа.
-Монголын балетын урлагийн талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юү?
-Би энд ирээд үзсэн харсан бүхэндээ маш сэтгэл хангалуун байгаа. Монголын балетын урлаг маш өндөр төвшинд хөгжсөн байна. Бид энэ бүхэнд их хүндэтгэлтэй хандаж байгаа. Гайхамшигтай бэлтгэгдсэн балетыг гоцлоочид байна. Учир нь танай театр Орост бэлтгэгдсэн мундаг багш нар болон тэнд сурч, боловсрол эзэмшсэн чадварлаг балетын гоцлоочид байгаа нь илт ажиглагдаж байна. Энэ нь биднийг илүүтэй ойртуулах үндэс суурь болж байгаа юм. Мөн үүнээс манай хоёр орны хамтын ажиллгаа хэр бат бөх байгааг харж болох юм. Тиймээс хоёр орны уран бүтээлчдийн хооронд ямар нэгэн ялгаа харагдахгүй байгаад би маш их баяртай байна.
-“Рус Арт” цаашид ДБЭТ-тай хамтран төсөл хэрэгжүүлэх үү?
-Ийм гайхалтай тоглолт жил бүр уламжлал болон зохиогддог байгаасай гэж хүсч байна. Гала тоглолтын төсгөлд нэгэн сонирхолтой үзүүлбэр багтсан нь “Пахита” юм. Үүнд, ОХУ-ын балетын сор болсон гоцлоочид болон Монголын балетын гоцлоочид хамтран тоглох юм. Яг одоогоор бид цаашид ямар төсөл дээр хамтран ажиллах талаараа төлөвлөөгүй байна. Гэхдээ цаашдын хамтын ажиллагаанд анхаарах болно.
-“Рус Арт”-ын цаашдын зорилт?
-Бид шинэ залуу оддыг төрүүлэхийн төлөө ажилладаг. Энэ удаагийн гала тоглолтын багт багтсан зарим нэг залуу, чадварлаг балетын гоцлоочид өөрийгөө мундаг гэж хараахан мэдэхгүй байгаа. Гэхдээ тэд бол шилдэг, ирээдүйд дэлхийг байлдан дагуулна гэдгийг бид аль хэдийнэ хүлээн зөвшөөрчихсөн.
“Марийнский театр”-ын балетын гоцлооч, ОХУ-ын Гавьяат жүжигчин Софья Гумерова
-Уран бүтээлч хүнд театрын тайз бол хамгийн чухал зүйл нь шүү дэ. Монголын театраас сэдэрсэн анхны сэтгэгдэл?
-Монголын театр бол үнэхээр гайхамшигтай байна. Тайзны шал хамгийн чухал зүйл. Надад бүх зүйл нь таалагдаж, анхаарлыг минь татаж байна.
-ОХУ-ын таван театрын шилдэг уран бүтээлчид Монголын ДБЭТ-ын гала тоглолтод анх удаа ийм том бүрэлдэхүүнээр чуулж байгаа шүү дээ. Хамтран ажиллаж буй уран бүтээлчдийнхээ тухай. Энэ удаагийн гала тоглолтын хөтөлбөрт таны ямар бүтээл багтсан бэ?
-Гала тоглолтод оролцож байгаа ОХУ-ын уран бүтээлчидтэй би олон тэмцээн уралдаан дээр байнга таардаг учраас бүгдэнтэй нь танил. Миний хувьд энэ удаад “Кармен” балетын хэсэг, Шопен “Призрачный бал” болон Монголын балетчидтай хамтарсан тоглолтыг толилуулна.
-Та хэдэн жил балетаар хичээллэж байгаа вэ?
-Би 17 жил балетаар хичээллэж байгаа.
-Монголд анх удаа ирсэн сэтгэгдэл?
-Монголд анх удаа ирж байгаадаа маш их баяртай байна. Монгол, Орос хоёр улс хил залгаа оршдог ингээд хөл тавина гэдэг хол сонсогдож байлаа. Гэхдээ дараагийн удаа амралтаараа ирэх сонирхолтой байна.
“Большой театр”-ын балетын гоцлооч, ОХУ-ын Ардын жүжигчин Мария Аллаш
-Танд Монголын нийслэл ямар санагдав?
-Би анх удаа Монголд ирж байгаадаа маш их баяртай байна. Гайхамшигтай сайхан орон юм. Одоохондоо сайн танилцаж амжаагүй л байна. Гэхдээ хотын төвөөр жаахан зугаалсан. Бүтээн байгуулалт ид цэцэглэж байгаа сайхан нийслэл юм.
-Монголын театрын тухай төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юү?
-Маш сайхан театр, тайзтай юм байна. Танай театрын уран бүтээлчидтэй хамтран тоглож байгаа нь гайхалтай хамтын ажиллагаа болж байна. Монголын балетын бүжигчид сайн төвшинд байна. Танай уран бүтээлчидтэй хамтран бэлтгэл хийсэн. Тэд чадварлаг, авьяастай, мэдрэмжтэй бүжигчид, гэхдээ дийлэнх нь эмэгтэйчүүд байсан /инээв/. Би монголд ирсэндээ баяртай байна.
-Өмнө Азийн хэдэн оронд уран бүтээлээ толилуулж байсан бэ?
-Европоор бол очиж үзээгүй орон цөөн. Харин Азийн хувьд Япон, БНСУ, БНХАУ-д тоглож байсан.
-Гала тоглолтод ямар бүтээлээр үзэгчдэд бэлэг барих вэ?
-“Большой театр”-ын балетын гоцлооч, ОХУ-ын Ардын жүжигчин Дмитрий Гудановтой хамтран “Раймонда”, “Пахита”-д тоглоно. “Пахита”-д Монголын балетын бүжигчидтэй хамтран тоглохоос гадна өөрсдийн бүтээлээ тавих болно.
-Та яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ?
-Ихэнх охид багадаа балетчдыг хараад балетчин болох юмсан гэсэн хүсэл төрдөг болов уу. Би багадаа бараг буйдангаа хугалчих шахам бүжиглэдэг байсан. Тэгээд эцэг эх маань надад үзээд алдах боломж олгосон. Магадгүй энэ миний хамгийн их хүсч байсан хүсэл минь байх. Харин одоо бол би “Большой театр”-ын балетын гоцлооч.
"Оросын балетын одод" гала тоглолтын бэлтгэлийн зургийг ЭНД дарж үзнэ үү