Ардчилсан засаг дээр цахилгаанжуулалтыг нэмбэл

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Ардчилсан засаг дээр цахилгаанжуулалтыг нэмбэл

Монголчууд улс шиг хөгжиж, хүн шиг амьдрах замыг сонгосон.Монгол Улсын цогшиж байгаа эрчим хүчний гал голомт дээр илч гэрэл нэмбэл амьдрал илүү аз жаргалтай болно.Гал алдсан айлын өнгө ямар олигтой байдаг билээ дээ.Тиймээс ч Орос орны октябрийн хувьсгалын удирдагч В.И.Ленин “Зөвлөлт засаг дээр цахилгаанжуулалтыг нэмбэл коммунизм болно” гэж хэлсэн удаатай. Удалгүй Орос орныг цахилгаанжуулах ГОЭЛРО төлөвлөгөө хэрэгжиж эхэлсэн нь түүхэнд үлджээ. Монголд Ардын засгийн анхны жилүүдэд Ильичийн гэрэл асч, удалгүй өөхөн дэнгээс өндөр хүчдэлд шилжсэн. 1928 онд нам, засгаас “Тус улсад үйлдвэрийн газруудыг бий болгох нь нэн чухал учир цахилгаан ба уурын хүчийг өргөнөөр ашиглах хэрэгтэй” гэсэн заалт гаргаж, 1931 онд 500кВт-ын хүчин чадалтай анхны дулааны цахилгаан станц гал голомтоо бадраасан билээ. 1934 онд Ажүйлдвэрийн комбинат ашиглалтад ороход 2500 кВт-ын хүчин чадалтай цахилгаан станц, уурын үйлдвэр баригдсан байна.Социализмын үед найман дулааны цахилгаан станц баригдаж, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Багануур гал алдахааргүй болжээ.Гэсэн ч эрчим хүчний салбарт 1987 оноос хойш нэг ч дулааны цахилгаан станц шинээр баригдаагүй. Дулааны хоёрдугаар цахилгаан станцын ашиглалтын хугацаа 2005 онд дуусч, гуравдугаар станцынх 2008-2011 онд ерөнхийдөө шавхагдаж, Дарханы ДЦС-ын тамир ирэх онд барагдахад тулжээ.Ийнхүү их хотыг илч гэрлээр хангаж буй дулааны цахилгаан станцууд нэгэнт өвгөрчээ.

Улсын нийслэл улам хаяагаа тэлж, уул уурхайн эрчимтэй хөгжил илүү их эрчим хүч нэхэж байна.1989 онд улсын хэмжээнд эрчим хүчний хэрэглээ дээд цэгтээ хүрэхэд мөнөөх станцууд тараа таниулж эхэлсэн ажээ.Харин Монгол Улс зах зээлийн нийгэмд эргэлт буцалтгүй хөл тавихад олон үйлдвэр завод хувьчлагдаж, ихэнх нь цагийн аясаар хаалгаа барихад хүрсэн нь түр нуруу тэнийлгэсэн байна. Түүхий эд материалын хомсдол, техник тоног төхөөрөмжийн элэгдэлд өртсөн аж ахуйн газруудыг шинэ эзэд нь төдийлөн хөдөлгөж чадсангүй. Энэ нь эрчим хүчний хэрэглээг багасгасан ч станцуудыг засч өргөтгөх үүдийг үндсэндээ хаасан юм.

Улс орны эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл дотор эрчим хүчний салбарыг түлхүү анхаарах бодлого тусгасан хэдий ч үе үеийн Засгийн газрын өнгөнд хойшлогдсоор байгаа. Аль “Ардчилсан холбоо” эвслийн М.Энхсайханы Засгийн газрын үеэс Эгийн голын усан цахилгаан станц, С.Баярын хамтарсан Засгийн газраас Улаанбаатарын тав дахь эрчим хүчний эх үүсвэр байгуулна гэж ярьсаар ирсэн ч талаар болов. Гэтэл манай төвийн эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал 819 МВт, боломжит хүчин чадал нь ердөө 687 МВт юм байна. Хоёр жилийн өмнө өвлийн их ачааллын үед төвийн бүсэд 729 МВт болон оргилдоо хүрч, цаашид улам хэцүүднэ гэдгийг мэргэжилтнүүд нуугаагүй. Дэлхийн банкны дөрвөн жилийн өмнөх судалгаагаар 2012 он гэхэд танай улсын цахилгаан, дулааны нийлүүлэлт өсөн нэмэгдэж байгаа хэрэглээгээ дийлэхгүй шүү гэж өмнөх Засгийн газарт шулуухан анхааруулсан юм билээ.Манайхан болсон хойно хойд хормойноосоо авч урд хормойгоо нөхсөөр байгаад ардчилсан засагтай золгосон.

Олон хавар нэгэндээ гэгчээр одоо нэг юм улам тодорхой болов. Улсын нуруун дээр дулаан, цахилгааны хангамжийн асуудлыг дангаар үүрүүлэх нь боломжгүй болжээ. Үүнийг “Ньюком” групп анх бодитой олж харж, Монголд ямар ч үнэгүй бөгөөд хамгийн элбэг салхины хүчийг цахилгаан болгохоор ажиллаж байна. Улаанбаатараас зүүн урагш Салхит гэдэг нэрэндээ тохирсон жилийн дөрвөн улиралд нүцгэн салхи нүдэж байдаг газар бий. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь сундалдсан олон толгодын орой дээр аварга том салхин сэнснүүд амьсгал авах завгүй эргэлдэж байна. Энэ бол Монголын анхны салхин цахилгаан станцын салхин парк юм. Биднийг “Салхит” төслийн гэрт сууж байхад гэрийн өрхний оосор тасралтгүй дэрвэж байв. Саахалтын зайтай толгодын орой дээр 40,3 метр урт гурван далбаа бүхий 80 метрийн өндөр ган шон дээр нийт 31 салхин цахилгаан үүсгүүр буюу сэнс ээлж дараалан босчээ. Ийнхүү Монголын үнэртэй салхи дэлхийн сэргээгдэх эрчим хүчний нөөцийн тал хувийг үйлдвэрлэх боломжтой гээд бодохоор утаагүй, үнэгүй цахилгаанаар удахгүй дураараа дургих бололтой. Салхин парк нь дэлхийн дулаарал, цөлжилтийн эсрэг тэмцэх үр дүнтэй арга хэрэгслүүдийн нэг төдийгүй ХБНГУ-ын Салхины эрчим хүчний судалгаагаар бол “Салхин паркийн үйл ажиллагаа нь түүний эргэн тойронд байгаа тариалангийн ба бэлчээрийн ургамал, микро организмд ямар нэгэн сөрөг нөлөөгүй” юм байна. Байгаль орчныг бохирдуулах элдэв бодис, хүлэмжийн хий ялгаруулдаггүйгээрээ онцлогтой ажээ.“Ньюком”-ын 500 МВт-ын салхин цахилгаан станц төлөвлөсөн ёсоороо бол энэ оны эцэст ашиглалтад орно.

Түүний зэрэгцээ таван жил цаасан дээр хэвтсэн Улаанбаатарын ДЦС-5 босч эхлэх нь. Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилсан цагт энэ сайхан мэдээг бас л “Ньюком”-ынхон дуулгаж байна.Өнгөрсөн баяр наадмын өмнөхөн  “Интернэйшнл Пауэр Жи Ди Эф Суез, Поско Энержи, Сожитс Корпораци, Ньюком ХХК” хамтарсан консорциум “Улаанбаатар ДЦС-5” төслийн давуу эрхтэй оролцогчоор шалгарсан юм. Уг нь гурван жилийн өмнө “Улаанбаатар ДЦС-5” төслийн урьдчилсан шатны тендерийн нээлтэд 36 аж ахуйн нэгж оролцох сонирхлоо илэрхийлжээ.Тэднийдотроос 11 консорциум л тендерт оролцох саналаа ирүүлсэн боловч хоёрдугаар шатны шалгаруулалтад “МитсуиСо. Ltd”, “Самсунг Сианд Ти, КОСПО, Очир төв”, “Интернэйшнл Пауэр Жи Ди Эф Суез, Поско Энержи, Сожитс Корпораци, Ньюком ХХК” болон “Даилим, Ланко” дөрөв тунаж үлдсэн билээ. Харин “Улаанбаатар ДЦС-5” төслийн ерөнхий тоног төхөөрөмжийн сонголтыг дэлхийн сүүлийн үеийн технологиудыг харьцуулах замаар хийснээрээ давуу талтай.

Эрчим хүчний энэхүү тав дахь эх үүсвэр ашиглатад орсноор нийт 450 МВт цахилгаан, 587 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай. Технологийн хувьд орчин үеийн CFB буюу эргэлдэгч буцламтгай давхрагат шаталтат технологиор үйлдвэрлэл явуулах юм байна. Эхний 150 МВт-ын блок 2015 оны аравдугаар сард, мөн тийм чадлын хоёрдугаар блок 2016 оны хоёрдугаар сард, гурав дахь нь зургадугаар сард ашиглалтад орохоор төлөвлөжээ. Японы Фүкүшимогийн атомын цахилгаан станцын осол дэлхий нийтийн зүрхэнд шар ус хуруулаад байхад дэлхийд нүүрсний нөөцөөрөө айргийн тавд өлхөн багтаж багтдаг монголчуудын хувьд “Ньюком”-ынхны барьж байгуулах ДЦС-5 чухамдаа шар тос болно.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж