Лениний музейг сэргээх итгэл

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Лениний музейг сэргээх итгэл

Түүхийн хосгүй олдворуудыг хадгалан буй Лениний музейг хэрхэх талаар олон нийт анхааралдаа авлаа. Түүх дурсгал, соёл, спортын газрууд хараалд өртсөн мэт толгой дараалан хаалгаа барихад хүрээд буйн нэг жишээ бол Лениний музей. Өдгөө бол арилжааны газруудын төвлөршил ч гэлтэй. Тухайлбал, подвальд нь баар, караоке, сургалтын төв, бичиг хэргийн худалдаа,  ресторан байх юм. Харин хамгийн сүүлчийн мэдээллээр гар утасны худалдаа, үйлчилгээний “Окта” төв музейн том барилгаас нүүж, “Тэнгис” кино театрын баруун талд байрлах “Victory” төвд очсон байна. Арилжааны байгууллагын нэг нь ч гэсэн тэндээс нүүж эхэлж байна. Аштай юу, аливаа бүхэн зохих байрандаа байх учиртай сан.

Лениний музейн барилгыг зориулалтаар нь ашиглах тухай асуудлыг ингэж хөндөх болсон нь Байгалийн түүхийн музейн барилгыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарч, үе үеийнхний “нүдийг орой дээр” нь гаргадаг байсан үнэт үзмэрүүдийг хаана байрлуулах вэ гэсэн асуулт гарч ирснээс угшилтай. Тиймээс Байгалийн түүхийн музейн үзмэрийг түр хугацаанд хадгалахаар лав л нийслэлд буй музейн зориулалтын ганц барилга болох Лениний музейг эргэн анхааралдаа авав. Спорт, соёл, аялал жуулчлалын яамнаас энэ асуудлыг хөндөхдөө сураг чимээгүй болсон музейн эзэн холбогдогч хэн болох, үйл ажиллагаа нь ямархуу байдалтай байгааг мэдэхээр өнгөрсөн сарын эхээр очсон юм. Ингэхэд музейн хариуцаж байгаа хүн нь олдохгүй, аливаа мэдээлэл хаалттай, түрээслүүлэх зорилгоор музейн барилга дотор засварын ажил хийж байсан билээ. Яамныхан эзэн холбогдогчийг яаралтай олохоор албан бичгийг музейн захиргаанд явуулж, хэлэлцүүлэг ч зохион байгуулсан. Ингэсээр байтал одоо хүртэл соёлын том газар хэний эзэмшил вэ гэдэг нь тодорхой болоогүй.

Эзэн холбогдогчийн бүрэн бус таамаг

Ямартай ч аливаа зүйлд сэжүүрийн үзүүр байх л учиртай ёсоор  нэг хэсэг төрийн эзэмшилд байсан уг музей одоо МАН-ын нэгэн гишүүний өмч байж болох гэнэ. Учир нь 1997 онд Төрийн өмчийн хороог   байгуулагдаж, Монгол Улс тухайн үед өмчөө тоолж байж. Энэ тооллогоор тухайн  үед эзэмшлийн хувьд 60 барилгад маргаан үүсч байсны нэг нь Лениний музей  гэх. Тэр үед музейг төрийн өмч гэж үзээд тоолох гэтэл  /МАХН хуучнаар/ МАН-аас үүнийг хүлээн зөвшөөрөлгүй, эрх мэдлийг далайлгаж байсан гэж учир мэдэх хүмүүс дурсах юм. Ингээд л эзэмшлийн маргаан үүсч, 1996 онд МАН-ын өмч мөн гэсэн шүүхийн шийдвэр гарсан цагаас хойш одоог хүртэл МАН-ын өмч гэдгээр бүртгэлтэй байдаг гэнэ. Ялангуяа Т.Бадамжунайн эзэмшлийнх гэсэн албан бус сураг ч дуулдах боллоо. Тиймээс Спорт, соёл, аялал жуулчлалын яамнаас музейн эзэн, бүртгэлийг бататгахаар холбогдох бүртгэлийн газруудад албан бичиг явуулсан. Гэтэл одоог хүртэл албан бичгийн хариу ирээгүй байгаа гэнэ. Ахиц гарч өгөхгүй байна. Яамнаас анхаараад тэмцээд ийм байхад өөр хэн илүү чадах билээ. Засгийн газраас хүчтэй музейн эзэн байх нь ээ.

Музейг хариуцдаг бол хууль ёсоор нь эзэмшлээ батлаад соёлын үйл хэрэгт чадахаараа нэмэр оруулмаар. Улс орноо хөгжүүлэх их үйлсэд бүрэн утгаар нь хүчин зүтгэх ёстой үндсэн төрийн намын эзэмшигч нь үнэхээр мөн бол харин ч соёлын үрийг төгс бордоосой.

Нэг барилга, нөгөөгөөс шилжихдээ бус, нэг ч гэсэн хүүхэд оюуны цангаагаа тайлах нь чухал байна. Бүхэн байраа сэлгэн байхад, тэр л ганцхан хэвээрээ, хүмүүний сэтгэхүй соён гэгээрэх нь урлаг, соёлоос…

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж