
“Дон Кихот” зохиол нь хэвлэгдсэн тоогоороо дэлхийд Библийн дараа хоёрт ордог гэсэн статистик дүн байдаг. Мөн хоёр дахь мянган жилийн манлай романаар тодорсон бүтээл аж. Дэлхийн бүжгэн жүжиг 1830-аад онд А.Адамын “Жизель”-ээр төгс хэлбэрийг оллоо гэж vзэж байсан ч ямар нэг юм дутуу байгааг балетмейстер М.Петипа мэдрээд байж.
Ингээд балетмейстер М.Петипа М. Сервантесын алдарт “Дон Кихот” зохиолоос сэдэвлэсэн утга, өгvvлэмж чамбай “Дон Кихот” бvжгийн жvжиг тавих нэлээд сайн төсөл боловсруулан тэр vедээ Санктпетербургт шилдэгт тооцогдож байсан австри гаралтай хөгжмийн зохиолч Л.Минкусээр хөгжим бичvvлсэн нь амжилттай болж, өдгөө бүжгэн жүжгийн хаан гэгддэг болжээ.
Бүжгэн жүжиг эхлэхэд тайз язгуурын цэрэг эрийн хувцас, дундад зууны үеийн морьтойчуудын адал явдлын тухай бичсэн ном хоёроос салдаггүй Дон Кихот хуяг дуулга өмсөн өөрийн зэвсэгчээрээ бүдүүн Санчо Пансог дагуулан замд гарна. Түүнийг зээ дүү Антонина нь үдэн гаргаснаар хөшиг хаагдаж, тайз солигдон хөшиг дахин нээгдлээ.
Испанийн Барселон хотын байдал. Лоренцийн жижиг цайны газар байна. Талбайгаар баярт оролцогсод зугаалан ийш тийш бүжин наадна. Лоренцийн охин Китри үзэсгэлэн төгс. Харин түүний дурлалт залуу ядуу үсчин Базиль Китринд ухаангүй хайртай. Китри талбайд найз нөхдийн хамт бүжиглэн хөгжилдөж байхад Базиль дурлалт бүсгүйгээ хайн ирнэ. Китригийн найзууд Базилиар тоглож Китриг нууна. Хэдий нуусан ч Базиль хайрт бүсгүй Китриг олж, хамтдаа хөгжөөнт бүжиг бүжиглэнэ. Тэдний бүжиг ид өрнөж байтал цайны газрын эзэн Китригийн аав Лоренцо ирж сэтгэлт хосыг салгана. Китри аавдаа Базильд хайртай гэдгээ хэлэх боловч Лоренцод ядуу үсчин залуу таалагдахгүй байлаа. Энэ үед алтан эмжээрт дээл өмссөн ихэсмэг тайз Гамашийг гарч ирэхэд Лоренцоос бусад нь бүгд түүнийг шоолон тохуурхана. Лоренцо угийн мөнгөнд дуртай. Мөнгө байвал охиноо хэнтэй ч суулгахад бэлэн. Лоренцо Гамаш ноёны урд хойно нь гаран охиноо танилцуулж суулгахад бэлэн гэдгээ илэрхийлнэ. Гамаш ч Китригийн үзэсгэлэнт царай, уян налархай биенд уусан орох шиг түүнд ухаангүй дурлаж, гэрлэх санал тавина. Лоренцо ч охиныхоо өмнөөс зөвшөөр ч хэдэн зоос халааслаад авна. Харин энэ бүхэн Китри болон Базильд огтхон ч таалагдахгүй байлаа. Хүсээгүй гэрлэлтийг аав нь өмнөөс зөвшөөрсөнд Китри ундуйцан дэвүүрээрээ Гамашийг цохин, олныг уриалан хөгжөөнт Сегедили бүжгийг бүжинэ. /Сегедили гэх бүжиг нь олон хүний бүжиг юм/. Бүжиг дуусахад гудамжны бүжигчин хүүхэн гарч ирэн цугласан олныг гайхшруултал бүжиглэж эхлэв. Хөгжөөнт хөгжим эгшиглэн, олон түмний хайрыг татсан бухтай тулалдагчид хэсэг хэсгээрээ гарч ирэн бүжиглэхэд гудамжны бүжигчин бүсгүй хамт бүжиглэж бухын тулааныг дүрслэнэ…
Үнэхээр сүрлэг бүжиг. Бухтай тулалдагчийн сүр хүч, эрэмгий зоригийг илэрхийлэх нь цаанаа л нэг сүрлэг. Өндөр, өндөр үсрэлт, сүр хүчит алхаа гишгээ гээд үгээр хэлэхийн аргагүй жавхлантай.
…Цугларсан олон бүжиглэн баярлаж байхад гэнэт Дон Кихот Санчо Пансо нар ирэв. Санчо Пансо бүрээ татан хэрэн хэсч яваа тайз язгуурын ноён ирж байгааг мэдэгдэхэд Дон Кихот ноёноос хоол өгөхийг шаардан хамт явлаа. Тэдний араас бүдүүн Санчо Пансо явах гэтэл цугласан залуучууд түүнээр тоглохоор шийдэж, хүүхнүүд Санчогийн нүдийг боон бүжиглэн, тохуурхана. Тоглоом үгээр дууссангүй Санчог эрэгтэйчүүд дээш шиднэ тоглоно. Унахаас айсан Санчо тусламж хүсэхэд Дон Кихот бамбайн оронд таваг, жадны оронд сэрээ барин цугласан залуус руу дайрч өөрийн үнэнч Санчог дагуулан явна. Бүжиг үргэлжилж, сэтгэлт хосууд дахин бүжинэ. Энэ үед Дон Кихот Китриг харан зүүдэндээ хардаг үзэсгэлэнт бүсгүй Дульцине хэмээн андуурч түүний өмнө өвдөг нугалан хуучин франц бүжиг буюу менуэт хийхийг урина. Китри ч саналыг зөвшөөрч Дон Кихоттой хамт бүжиглэнэ. Гэтэл гэнэт үймээн дэгдэж Санчо загас хулгайлан хаана нуухаа мэдэхгүй Дон Кихот дээр ирэхэд Лоренцо түүний араас хөөнө. Энэ үймээний үед Китри Базил хоёр найзуудтайгаа шар айрагны газар уулзахаар тохирч боломжийг ашиглан зугтацгаалаа.
Хоёрдугаар бүлэг эхэлж, хөшиг нээгдэхэд шар айрагны газарт залуучууд бүжиглэцгээнэ. Энэ үед Китри, Базиль хоёр амжилттай зугтсандаа баярлаж тэдэнтэй хамт бүжиглэнэ. Тэд найзуудынхаа хамт хөгжилдэн бүжиглэж байхад цыган бүсгүй Мерседес бүжиглэж, олны анхаарлыг татав. Гэтэл энэ их баяр хөөр удаан үргэлжилсэнгүй, Лоренцо охиноо хайн шар айрагны газарт ууртай нь аргагүй хүрч ирнэ. Китри ааваасаа нуугдсан ч Лоренцо охиноо олж хүчээр Гамашийн урд авчиран хамт адислаж гэрлэх ёслол хийхээр завдахад Базиль хайртай бүсгүйгээ нүдэн дээрээ өөр хүнтэй гэрлэхийг харж чадахгүй учир тэдний өмнө өөрийгөө хутгалан унана. Сэтгэлт залуу нь өөрийгөө хутгалсанд Китри гуниглан Базилийн гарыг атган уйлахад энэрэнгүй Дон Кихот Санчогийн хамт орж ирэн Китриг хайртай залуу Базильтай нь гэрлүүлэхийг Лорецогоос шаардана. Лоренцо үхсэн Базильтай охиноо гэрлүүлэхийг хүсээгүй боловч уурласан Дон Кихотоос айн тэдний аргагүйн эрхэнд тэдний адислав. Гэтэл гэнэт үхсэн гэж бодож байсан Базиль босч ирэн Китритэй хамт зугтана.
….Дон Кихот аяллаа үргэлжлүүлж цааш явахад ойн шугуйн дунд тээрэм харагдана. Дон Кихот жадаа барин дайсан мэт үзэж тээрэмтэй тулалдахад Санчо Пансо энгийн нэг тээрэм гэдгийг Дон Кихотод ойлгуулахыг хичээнэ. Энэ үед тээрмийн нэг үзүүрт Дон Кихот өлгөгдөж, газар унан ухаан алдахад Санчо хажууд нь ухаан ортол хүлээх зуураа зүүрмэглэжээ. Ухаан алдсан Дон Кихот зүүдэндээ хайрт бүсгүй Дульцинетэй учирна.
Гуравдугаар бүлэг эхлэхэд Барселон хотын талбайд баяр хөөр болсон залуус ёслолын бүжиг хийж байна. Тэд сэтгэлт хос Китри, Базиль нарын хуриманд иржээ. Энэ үед хэсүүчлэн яваа Дон Кихот, Санчо Пансогийн хамт хуриманд ирж баяр хүргэнэ. Гэсэн хэдий ч Дон Кихот аяллаа үргэлжлүүлэхээр замд гарна. Цугласан олон түүнийг гаргаж өглөө. Дон Кихотыг аян замд үдсэний дараагаар бүжиг эхэлж, Китри, Базиль хоёр хуриманд ирсэн найз нөхдийнхөө хамт Испанийн “Эспана Каны” бүжгийг хийснээр “Дон Кихот” бүжгэн жүжиг баяр хөөртэй, аз жаргалтай төгсч хөшиг хаагдлаа. Хэдий хөшиг хаадсан ч үзэгчид браво, браво хэмээн уухайлж, алгаа ташсаар л.
“Дон Кихот” бүжгэн жүжгийг анх 1869 онд Оросын Москва хотын “Их театр”-т анх удаа тайзнаа амилуулж байсан. Харин манай улсад 1971 оны гуравдугаар сарын 1-нд анх удаа тайзнаа тоглож байжээ. Энэ удаагийн “Дон Кихот” бүжгэн жүжгийн Дон Кихотын дүрд соёлын тэргүүний ажилтан Х.Чойжилсүрэн, Санчо Пансогийн дүрд Д.Чинбат, цайны газрын эзэн Лоренцогийн дүрд Ардын жүжигчин О.Ганбаатар, Китригийн дүрд соёлын тэргүүний ажилтан Ч.Ганчимэг, үсчин залуу Базильд О.Ганцоож, Гамашт урлагийн гавьяат жүжигчин Д.Отгонням, Китригийн найз бүсгүйчүүдэд Б.Саруул, Б.Энхтуул, Ц.Хонгорзул, Г.Цолмон, гудамжны бүжигчинд Б.Баасансүрэн, Мерседест Б.Туул, бухтай тулалдагчид соёлын тэргүүний ажилтан Х.Мөнгөнхөлөг нар тоглосон бол симфони, найрал хөгжимчид урлагийн гавьяат зүтгэлтэн удирдаач Н.Туулайхүүгийн хамт тоглосон юм.
М.Дөлгөөн