Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Хүн төрөлхтөн бид байгаль эхийн сүр хүчийг дахин нэг удаа амсав. Төлөөсөнд нь 122 хүн нөгөө ертөнц рүү явжээ. Гэхдээ зөвхөн АНУ-д л гэхэд 50-иас дээш хүн нас бараад байна. Хэргийн эзэн нь Сэнди нэрт далайн шуурга. Нийтдээ долоон улсын нутгийг дайрч өнгөрсөн энэ шуурга дэлхийд дахин нэг удаа анхааруулах дохио өглөө.
“Маш хүнд хэцүү цаг мөч бидэнтэй тулгараад байна. Салсан анд нөхөд, гэр бүлийнхнийгээ уулзуулах, эсэн мэнд олох, амийг нь аврах бидэн хэцүү байх болно. Гэхдээ хэцүү ч гэлээ бид үүнийг даван туулахаас өөр аргагүй. Сэтгэлийн хатыг та бүхнээсээ хүсч байна” гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ард түмэндээ хандсан мэдэгдэлдээ дурссан байна.

Яг одоогийн байдлаар байгалийн давагдашгүй хүчин зүйлийн зовлонг дэлхий нийт хуваалцаж байна. Эхийгээ аварч байгаа нэгэн, гэр бүлийнхээ хүмүүсийг хайн аргаа барсан нэгэн, эсвэл гэр бүлийнхэнтэйгээ аюулгүй газар нуугдан байгаа хүмүүс гээд АНУ-ын олон янзын дүр зургийг бид олж харж байна. Зөвхөн АНУ гэлтгүй Багамын арал, Куба, Ямайка, Гайти, Доминиканы бүгд найрамдах улс тэргүүтэй долоон улсаас бид энэ дүр зургийг төвөггүй олж харж болно. Уг нь Сэнди нэртэй хар салхины тухай АНУ болон бусад улс урьдчилан сэргийлэх мэдээнээс мэдэж байсан. Гэхдээ даллах аюулаас бултаж чадсангүй. Дэлхий дахин хэдийгээр сүүлийн арав гаруй жилийн турш байгалийн гамшигтай хангалттай олон нүүр тулгарсан ч эрдэнэт хүний амийг аварч чадсангүй. Яг энэ цаг мөчтэй зэрэгцэн АНУ-ын цэцэрлэгийн насны хүүхдүүд “Эх дэлхийгээ аргадъя” нэртэй хөөлгөөнийг өрнүүлээд эхэлжээ. Тэдний үзэж байгаагаар хэтэрхий уурссан дэлхий өөрийн хүчээ ийн гаргаж байгаа аж. Хүүхдийн ч гэсэн монгол уламжлалаар хараад үзвэл энэ байж болох үзэл бодол. Бага насны хүүхдүүдийн гаргаж байгаа хөдөлгөөнийг насанд хүрэгчид нь ч дуу нэгтэйгээр дэмжиж байна.

Хэдийгээр өөрийн улсад нь байгалийн гамшиг тохиолдоогүй ч дэлхий нийт энэ шуургыг амьсгаа даран харж, хохирол бага байгаасай хэмээн залбирч байсан нь лавтай. Жил болгоны энэ үед хар салхины эрчимжилт жирийн үеийнхээс илүү байдаг. Эдгээр улсуудад далайн дундаж дулааны төвшинг хэмжиж багаж байдаг ч нэгэнт учрах аюулаас хамгаалж чадаагүй билээ.

Дэлхий нийтэд дараагийн огцом анхааруулгыг 2011 оны гуравдугаар сараас хойш сануулсан энэ гамшиг дэлхийн олон оронд гамшгаас хамгаалах технологи, урьдчилсан мэдээллийн багаж, хэрэгслийг сайжруулах дохиог ч давхаар өгсөн юм. Сүүлийн арван жилийн дотор их, бага хэмжээний байгалийн гамшиг 5874 удаа бүртгэгдсэн бөгөөд сүйрэл дагуулах хэмжээний 100 гаруй гамшиг бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх гучин жилийн хугацаанд давтагдсан гамшгийн хэмжээнээс хэд дахин давсан тоо юм. Энэхүү баримтыг харгалзан үзэж дэлхийн олон оронд эх дэлхийгээ хамгаалах хөдөлгөөн өрнөсөөр байгаа билээ. Харин хамгийн сүүлд олны анхаарлыг татсан зүйлс гэвэл АНУ-ын өсвөр насныхан эх дэлхийгээ хамгаалах уриалгыг гаргасан явдал билээ.

Байгалийн гамшгийн өмнө ядуу орон ч бай, баян, өндөр хөгжилтэй орон ч бай хүчин мөхөсддөг гэдгийг Сэнди шуурга харууллаа. Дараагийн гамшиг дэлхийн хаа нэгтээ тохиолдох нь гарцаагүй. Тиймээс бид ч ямарваа нэгэн гамшигт бэлтгэлтэй байх нь үндэсний аюулгүй байдлаа хамгаалж байгаа хэрэг буй за.


Тоймч Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж