“Гамлет”-ын тасалбар 50 мянга

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

“Гамлет”-ын тасалбар 50 мянга

Театрын оршин байх үнэ цэнэ, чанар чансааг илтгэдэг гэх, нөгөө талаас цаг үеийн шаардлагаар тавигддаг гэгдэх “Гамлет” Монголын драмын театрын тайзнаа 33 жилийн дараа дахин “морилох” гэж буй. Дэлхийн утга зохиолын сор болсон Уильям Шекспирийн энэ зохиол УДЭТ-ын энэ цагийн уран бүтээлчдийн шандсыг сорих ээлжит нэгэн сорил гэж болно. 150 сая төгрөгийн өртгөөр 200 гаруй хүний хүч хөдөлмөрөөр тайзнаа тавих “Гамлет” энэ сарын 9-нд нээлтээ хийнэ. Харин тасалбарын үнэ 50000 төгрөг байх аж. Оюуны суут бүтээлийг зохих ёсоор нь үнэлэхийг хүссэн тухай УДЭТ-ын маркетингийн багийнхан хэлж байсан. Гэхдээ суудлын зэрэглэлээс хамаарч 15000 төгрөгийн үнэтэй тасалбар ч бий гэсэн. Түүнчлэн театрын зүгээс тусгай үйлчилгээ бүхий VIP суудалтай хэсэг бий болгохоор ажиллаж буй гэнэ.

Найруулагч Н.Наранбаатарын төсөөллөөр амилах “Гамлет”-ын гол дүр болох Гамлетад С.Болд-Эрдэнэ, Офелияд А.Ганчимэг, Б.Ганцэцэг нар тоглох юм.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж