76:1 Ардчиллын хөдөлгүүр

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

76:1

76:1 Ардчиллын хөдөлгүүр

News.mn энэ удаагийн УИХ-ын гишүүдийг хэн нь хэн болох талаар уламжлалт 76:1 булангаараа танилцуулж буй билээ. Гишүүдийн нэрийн үсгийн дарааллаар бид анхлан УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг онцолсон бол энэ удаад УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг танилцуулж байна.

УИХ-ын эрхэм гишүүн Р.Амаржаргалын бага нас Маахуур толгой, Москва хот хоёрын дунд өнгөрчээ. Өвөг дээдэс нь Ховд нутгаас гаралтай ч өөрөө бол Баянзүрх дүүрэг, хуучнаар хэлбэл Найрамдлын районы Маахуур толгойн хүүхэд. Аав нь Москвад Элчин сайдын яаманд томилогдож сурагч Р.Амаржаргал Оросын нийслэлд дөрвөн ч жил сураад амжиж. Толгой өөд татахгүй хичээл номдоо шамддаг байсан түүний хобби хөлбөмбөг, кино үзэх. Тэгээд хожмоо Монголын хөлбөмбөгийн холбооны тэргүүнээр сонгогдсон хэрэг.

Дунд сургуулиа дүүргээд эргээд багадаа сурч байсан Москва хотоо зорьжээ. Тэнд Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж дүүргээд МҮЭ-ийн Төв зөвлөлөөс ажлын гараагаа эхэлжээ. 1980-аад он бол ямар ч арын хаалгагүй, дээр доргүй цэргийн албанд морддог байсан цаг. Р.Амаржаргал ч удалгүй цэрэгт татагдаж байлдагчийн мөрдэс зүүв. Эрдэм боловсролтой залуу Цэргийн нэгдсэн дээд сургуульд багш болж, цол ахиж, 1990 он хүртэл санхүү, эдийн засгийн хичээл заажээ. Дараа жил нь ТИС-ийн багш, улмаар Санхүү эдийн засгийн коллежийн захирал болж “ард” хүн болов.

Үүнтэй зэрэгцээд Монголд ардчиллын салхи сэвэлзэж эхэллээ. Түүнийг ардчиллын анхны “хөдөлгүүр”-ийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй. “Залуу эдийн засагчдын клуб” гэдэг байгууллагыг үүсгэсэн тухайн үеийн тэргүүлэх боловсролтой Да.Ганболд, Р.Амаржаргал, Д.Сүх-Эрдэнэ нарын залуус сэм уулзсаар яваандаа Шинэ дэвшилт холбоог төрүүлж, хожмоо тэр холбоо Монголын Үндэсний дэвшлийн намын үндэс суурь болсон түүхтэй.. Энэ нам хоёр жил үйл ажиллагаа явуулаад 1992 онд МҮАН, өдгөөгийн АН-д нэгдсэн юм.

Р.Амаржаргал  ийм “эрт цаг”-ийн улстөрч юм. Эрхэм гишүүн Р.Амаржаргал 1999 оны зун 38 настайдаа  Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайдаар томилогдов. МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл төр барьж, МАХН буюу өнөөдрийн МАН УИХ-д 26 гишүүнтэй хүчтэй сөрөг хүчин болоод байсан үе. Ардчилагчид дотор жигүүр, фракциуд төрж, эв зүйгээ олохгүй байсны балаг гүйцэтгэх засаглалд аранга болж М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт нарын толгойлсон Засгийн газрууд ээлж дараагаараа огцорч дөрөв дэх Засгийн газрынхаа нүүрийг үзэх болоход Р.Амаржаргалд Засгийн газрын тэргүүний ачааг үүрүүлэхээр нөхөд нь шийджээ. Гэвч түүнийг ногоон гэрлээр Ерөнхий сайд болгосонгүй. УИХ дахь МАХН /МАН/-ын хүчтэй цөөнхийн бүлэг сөрөг хүчний хувьд түүнийг гоочилж эхлэв. Өмнө огцорсон Ц.Элбэгдоржийн  Засгийн газарт Гадаад хэргийн сайд байсан нь түүнийг ороох шалтаг болсон хэрэг л дээ.

Тэр зуны халууныг хэлэх үү, Төрийн ордон дотор ч бачим бөгчим ноёлсон нэг тийм өдөр Ерөнхий сайдад нэр дэвшигч Р.Амаржаргалыг чуулганы хуралдаанаар хэлэлцсэн юм. “Буруу шийдвэр гаргаж огцорсон Засгийн газрын нэг гишүүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж оруулж ирсэн нь аль ч талаас нь авч үзсэн төрийн хямралыг гүнзгийрүүлэх болно. Үүнийг үндэслэн Р.Амаржаргалыг УИХ дахь МАХН-ын бүлэг зарчмын хувьд Ерөнхий сайдаар томилуулан ажиллуулах боломжгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж байна”. Тэр цагийн УИХ дахь цөөнхийн бүлгийн дарга, хожмоо Монгол Улсын Ерөнхийлөгч болсон Н.Энхбаяр бүлгийн дүгнэлтээ ингэж уншаад индрээс буухад гишүүн агсан М.Зэнээ “Хамтын хариуцлага хүлээдэг Засгийн газар огцорсны дараа нэг сайдыг нь Ерөнхий сайдаар томилж оруулж ирж байгаа нь дэндүү доромж хэрэг. Р.Амаржаргал бол эрдэм боловсролтой эвлэг аятайхан залуу л даа. Гэхдээ энэ хүний улс төрийн карьерыг баллах замыг эвслийнхэн хийчихлээ” хэмээн халаглаж байв. Санал хураалт ч болдгоороо болж, нэр дэвшигч Р.Амаржаргалд Ерөнхий сайд болоход ганцхан санал дутаж эхний даваанд өвдөг шороодсон юм. Тэгэхэд Р.Амаржаргал гишүүн өөрөө өөртөө санал өгөлгүй үлдчихсэн байж билээ. Өөртөө санал өгч болохгүй гэж хэн ч хэлээгүй ч өөрөө л тэгж шийдсэн байгаа юм. Амбицтай эрхэм бол өөртөө санал өгөөд зогсохгүй хавь ойрынхныхоо саналыг хамах гэж нэлээд юм болно доо. Бас болоогүй ээ, саналын хуудсыг хайрцгаас гаргахад нэлээд олных нь өнцөг дээр томоос том цэг тавьсан тэмдэглэлтэй байж олныг гайхшруулсан. Аль нэг фракц нь түүнийг унагахаар үгсээд саналын хуудас дээрээ тэмдэг тавьсан бололтой юм. Одоог бодвол хор найруулах ажлыг бохир хийдэг байж л дээ. Хэд хоногийн дараа дахин санал хурааж байж тэрээр “Ардчилсан холбоо” эвслийн отгон Ерөнхий сайд болсон юм.

Ардчилагчид 1996-2000 онд засаг барихдаа дөрвөн Засгийн газрын нүүр үзсэний хамгийн отгон нь, бас огцролгүй бүрэн эрхийн хугацаагаа өндөрлүүлсэн цор ганц Засгийн газрыг Р.Амаржаргал тэргүүлсэн. Ерөнхий сайдын албаа дагаад  Ардчилсан намын даргаар сонгогдож 2000 оны сонгуулийн хамаг ачааг үүрч зүтгээд бараагүй ээ, нам нь ганц суудалтай хоцорсон. Энэ түүний буруу биш тал тал тийш тарж, амиа бодсон нөхдөөс нь болсон. Ардчилагчид дараагийн дөрвөн жилд улс төрөөс хөндийрч лааз өшиглөхөд тэрбээр “Амаржаргал” сан байгуулан эрдэм номын ажлаа хөөсөн юм. Судалгаа, шинжилгээ хийдэг залууст дэмжлэг үзүүлэх, улс орныхоо хөгжилд оюуны хөрөнгө оруулах чиглэлээр энэхүү санг ажиллуулж байв.

Түүний их улс төр дэх дараагийн намтар тийм ч дардан байгаагүй.  Том улс төрөөс хэсэг завсарласных нь дараа  УИХ-ын 2004 оны сонгуульд Эх орон-МАШСН-тай эвссэн АН-ын удирдлага түүнд тойрог хялайлгасангүй. Тэр сонгуульд ардчиллын лидерүүд сул хаягдаж ташуурдаад ч урагш ахихгүй нөхөд тойрогт эзэн суусан юм. Р.Амаржаргал үүнд шантраагүй. Бие дааж нийслэлийн тойрогт хүч үзэхээр болсон. Бие даан нэр дэвшиж ялалт байгуулан гарч ирснийхээ “шанд” Р.Амаржаргал гишүүн бүр анхнаас нь зүтгэсэн намаасаа хөөгдөж сул хүн болов. Өөрийнхөө бус өрөөлийн намын хүний саналыг хуваан гарч ирсэн түүнд АН-ын дарга М.Энхсайхан хатуурхсан ч сонгогдсон хойно нь “манай хүн” хэмээн тойглосон юм. Гэвч Р.Амаржаргал гишүүн  зарчимдаа үнэнч үлдэж нэг хэсэгтээ л намын гадна явсан. Тэр зуур түүнийг хөөсөн намын дарга М.Энхсайхан ҮШН гэх  шинэ нам байгуулан одож, мөнөөх тойрог өгдөггүй эвсэл ч задран “зам зуурын нөхөд” болохоо харуулсан билээ. Харин ардчилсан хүчний лидерүүдийн нэг Р.Амаржаргал  хат суусан чанга чамбай улстөрч болохоо дараа нь цөөнгүй харуулсан юм.

Нийслэлийн унаган хүү Р.Амаржаргал УИХ-ын 2008 оны сонгуулиар Улаанбаатарын тойрогт хүч үзсэнгүй, эцэг дээдсийн нутаг Ховд аймгийг зорив.  Ардчилал эрийн цээнд хүрээд удаж байсан ч баруун дөрвөн аймгийнхан сонгууль алгасалгүй МАХН-д саналаа өгсөөр 2004 оны зуны нүүрийг үзээд байв. Харин тэр жил ховдчууд АН-д нэг мандат өвөрлүүлж алс хязгаарт анх удаа ардчиллын гэгээ туссан авай.

Уг нь Ховд аймаг ардчиллын ууган өлгий нутаг. Тэртээ 1989 онд нийслэлийн Залуучуудын соёлын төвийн өмнө “Хонхны дуу” эгшиглэж ардчилсан хувьсгалын уухай түрхрэхэд Ховд, Хөвсгөл, Хэнтийн залуус түүнийг хамгийн түрүүнд түрэн буухиалж дэмжсэн билээ. Гэвч юунаас шалтгаалсныг бүү мэд, ховдчууд сонгууль болохоор л МАН /МАХН/-ын нэр дэвшигчдийг илүү талархдаг болчихсон юм.

Эрхэм гишүүн Р.Амаржаргалыг Ховдод нэр дэвшихээр явахад мандат аваад ирнэ дээ гэсэн горьдлоготой зэрэгцээд ер яах л бол доо гэсэн эргэлзээ давхар төрж билээ. “Нийслэлд төрж өссөн, Улаанбаатараас дэмжлэг авч ялж байсан түүнийг өвөг дээдсийн нутгийнхан нь түшиж авах болов уу, түлхээд буцаах болов уу” гэсэн далд түгшүүр намын нөхдийнх нь сэтгэлийг ч мэрсэн. Гэвч Р.Амаржаргал гишүүн ховдынхны 18 жилийн турш  “болсон тарвасны дотор” шиг улайран  байсан улс төрийн өнгийг цэнхэр туяагаар сүлээд ирэх нь тэр. Ардчилагчдын анхдагчдын нэг, туршлагатай улстөрч, Ерөнхий сайд асан түүнд удмын холбоотой нутгийнхан нь төр түших эрх олгосон юм. Хэдийгээр өнгөрсөн дөрвөн жилд сул гишүүн явсаар бүрэн эрхээ өндөрлүүлсэн ч түүний улстөрч, эдийн засагчийн зангараг УИХ-аас баталж гаргасан хууль, тогтоомж бүрт туссаар байсан юм.

Р.Амаржаргал гишүүн 2012 оны сонгуульд “Ерөнхий сайдуудын элит тойрог” гэх тодотголтой нийслэлийн Сүхбаатар дүүрэгт “Тогтуун хүч” гэсэн уриатайгаар нэр дэвшин ялалт байгуулав. Түүнээс өөр хүн байсан бол намын жагсаалтад багтаж  бие амар сонгогдоно гэж туйлах байсан байлгүй.

Асуудалд намын талаас бус шударга ёсны зүгээс ханддаг тэрбээр энэ удаа УИХ дахь АН-ын бүлэг дотроо “сөрөг хүчний” үүрэг гүйцэтгэж байгаа. “Нөгөө гоё шинэчлэлээ яаж хийх гээд байгаа нь тодорхойгүй”, “Засгийн газрын бондыг үргүй зарвал өрийн сүлжээ үүснэ”, “Ирэх оны төсвөөс шинэчлэлт харагдахгүй байна” гэх зэргээр чуулганы танхимд шүүмжлэл хэлж байгаа тэрбээр шинэ УИХ-ын гишүүд тангараг өргөсний дараахан “Анхааралтай уншиж дүгнэлт хийх ёстой 15 сануулга”-ыг жагсаан журмын нөхдөдөө хүргүүлсэн.

“Ерөнхий сайд болох гэж амбицлаад бүтэхгүй болохоор сөрөг тал болж сөргөөд байгаа юм” гэсэн үгийг намын нөхөд нь амнаасаа цухуйлгаж буй ч төдийгөөс өдий хүртэл ардчиллын хөдөлгүүр болсоор ирсэн Р.Амаржаргал гишүүн сул гишүүн үлдсэн ч зангарга нь хаачих вэ. Хэлсэн ярьсныг нь анзаарч харвал олон давааны цаадахыг олоод харчихсан л суугаа.

Д.ОЮУНЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж