Хүүхдүүд компьютер тоглоомд хэт донтох болов гэж хэн хүнгүй ярьдаг мэддэг. Өнөөдөр хэдэн цагаар, бүр өдөржин шөнөжин компьютерийн дэлгэц ширтэн, ухаан мэдрэлээ алдах шахан улайрдаг, компьютер тоглоомонд донтсон “сега” үеийнх гэж нэрлэхээр хэдэн зуун хүүхэд байгааг тогтоох аргагүй болоод байна. Өнгө, өнгийн замаар машинтай давхиж, компьютерын хурдыг гайхуулж, тоглох сайхан л байлгүй яахав, хүүхэд залууст. Гэхдээ аливаа зүйл туйлшрахаараа туйлын утгагүй болохоор барах уу, бүр аймшигтай үр дүнг ч дагуулдаг. Компьютер тоглоомд хэт донтсон хүүхэд сургууль, хичээлдээ муудаж бүр сэтгэцийн өвчтэй болсон, тоглоомоо тоглохын тулд ээж ааваа хуурч мөнгө авдаг, гэртээ хонохгүйгээр алга болдог болсон гээд олон л хар мэдээг та сонссон байх. Цус нөжөө гоожуулсан, алж, хөнөөдөг, этюд бүхий дуугаралт, өнгө будаг хүүхдийн хэл ам, үйл хөдлөл, зан суртахуун яасан их эвдэрдгийг хаа газрын тоглоомын газраас ч одоо харж болно. “Сега” тоглоомын газар наадах хүүхдүүдийн “Одоо хутга.., алаад хая” гэх зэргээр балмад хашгирааныг сонсоод хэн хүнгүй эвгүйцнэ. Хүүхэд сүүлдээ бүр солиорч байна шүү дээ.
Тоглоомноос интернэт дэх садар самуун, аллага хүчирхийллийг сурталчилсан кино мэдээлэл хүүхдүүдийг гэмт хэрэгт уруу татаж, гэмт хэрэг рүү түлхсэн тохиолдолд ч байдаг. Өнөөдөр ч гэсэн зарим эцэг хүүхдээ хэрхэн “сега” тоглоомоос холдуулж, интернэт дэх элдвэ мэдээллээс яаж “хамгаалах”-аа мэдэхгүй зовнин сууж ч байгаа л байх.
Энд мэдээж хэрэг интернэтийн танин мэдүүлэх, цаг хугацаа хэмнэх ач холбогдлыг талаар өгүүлэх гэсэнгүй. Хамгийн бүрхэг өөрөөр хэлбэл, муу талыг нь хүүхдүүдээсээ хэрхэн холдуулах вэ гэсэн асуудлыг л онцлох харах нь зүйтэй байх. Гэтэл өнөөдөр интернэтэд донтогсод бүү хэл хүүхдүүдийн хэдэн хувь нь яг юу хийж, интернэтээр хэсч байна вэ гэсэн тоо баримтыг гаргаж ирж чадаагүй байна. Одоохондоо эцэг эхчүүдийг хүүхэддээ анхаарал тавиарай гэсэн сануулгыг л дайж байгаа. Гэхдээ энэ удаад цагдаагийнхан компьютер тоглоомын газруудыг ядахдаа хууль дүрмээ биелүүлж ажиллаарай хэмээн тоглоомын газруудад санамж бичиг өгч, шаардлага тавьж байгаа юм. Уг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 155 тоот тогтоолын Соёл, урлагийн төлбөрт үйлчилгээний журмын 3.6 дахь хэсэгт “Үйлчилгээ явуулахад тавих нөхцөл, шаардлага” гэсэн хэсэгт зааснаар бол… Интернэт цахим тоглоомын газар нь 18 насанд хүрээгүй иргэнд зуны улиралд 21.00 цаг, өвлийн улиралд 18.00 цагаас хойш үйлчлэхгүй байх ётсой юм байна. Мөн хүүхдийг нэг удаа хоёр цагаас илүү тоглуулахгүй байх цаг заасан байдаг юм байна. Гэхдээ хэрэгжилт нь ямар байгаа вэ гэдгийг таахад хэцүү биш.
Хүүхдүүд гэрийнхнээсээ худлаа хэлж, бүр нууцаар ч мөнгө аваад хоногоор тоглоомын газарт тоглодог шүү дээ.
Мөн PC тоглоомын газруудад насанд хүрээгүй хүнд эротик, садар самуун сурталчилсан тоглоомоор үйлчлэх, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй байрны подваль, хонгилд компьютер тоглоомын үйлчилгээ эрхлэх, тогтоосон үнийн тариф, цагийн хуваарь зөрчихийг хориглосон байдаг бөгөөд үүнийг одоо болтол хэрэгжүүлдэггүй. Тиймээс энэ талаар бодлого боловсруулах шатны хүмүүс хуулийн заалтыг нарийвчлан шинэчлэх бөгөөд үүний тулд ийнхүү тоглоомын газруудаар явж, хянаж шалгахад хүүхдүүдийг өөрсдийг нь татан оролцуулж байгаа юм байна.
Компьютер тоглоомын газар ажиллуулдаг хүмүүсээс “Садар самуун кино, тоглоомыг хүүхдүүдэд үзүүлэхгүй гэдэг энэ шаардлагыг хэрхэн биелүүлэх вэ” гэж асуувал “Хүүхдүүд ямар хаяг руу нэвтэрч байна гэдэг нь толгой компьютерт мэдэгддэг. Тэгэхээр эротик, садар самуун сайт руу орж байвал бид шууд болиулдаг юм” гэж тайлбарлалаа.
Үүгээр ч болов хянаад, зогсоогоод байвал сайн хэрэг. Ямартаа ч яаралтай гаргана гэх интернэтийн зөв хэрэглээний тухай хууль удахгүй гарч, энэ бүхнийг цэгцлээсэй гэж хүсмээр байна. Хүүхдүүдээ авармаар байна.