Энэ ажлыг Монголбанк дангаараа хийхгүй. Инфляцийг бууруулахын тулд Засгийн газартай хамтарч нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөг хязгаарлана гэж Мөнгөний бодлогын төсөлд тусгаад буй. Шатахуун, мах, энэ намрын хувьд бол түлшний түүхий нүүрсний үнэ гээд нийлүүлэлтээс нь болж үнэ өсч инфляци хөөрөгддөг бараа, бүтээгдэхүүнүүд бий. Үүнийг Засгийн газартай хамжиж зохицуулъя гэж байгаа юм.
Ямар боловч ирэх хаврын махны нөөцийг хэвийн байлгахад одооноос анхаарна гэж байгаа. Бас Ерөнхий сайд Багануурын нүүрсний уурхайд очиж гэр хорооллыг хямд нүүрсээр хангах зохицуулалтыг яриад ирсэн. Гялгар шар торонд тус бүр нь 2000 төгрөгийн үнэтэй гурван “хавтага” нүүрс элбэгхэн багтчихаж байгааг иргэд шүүмжилдэг байдал айлуудад 3200 төгрөгийн үнэтэй, 40 кг-аар савласан нүүрс тараахад зогсоно гэж үзээд буй. ОХУ-аас авдаг шатахууны татвар өсөхгүй шиг байвал мах, нүүрсний үнээ зохицуулах арга хэмжээг Засгийн газар авч эхэлж байна. Энэ бүхэн инфляцийг найман хувь руу буулгах арга хэмжээний эхлэл юм.
Харин гадаад эдийн засаг, санхүүгийн хямрал, Хятадын эдийн засгийн сааралт, АНУ-ын санхүүгийн хямрал, евро бүсийн өрийн ужгирал зэрэг нь харин найман хувь хүртэл инфляцийг бууруулахад сөргөөр нөлөөлж магадгүй. Оны эхэнд 17 хувьд хүрч бараг л АНУ, Хятадын араас цойлж явсан Монголын эдийн засгийн өсөлт 11 хувь болтлоо буурчээ.
Өнөөдөр хүрээд буй 15 хувийн инфляци өнгөн дээрээ иргэн бүрт ижилхэн тусч буй мэт харагддаг ч ядууст ханиад, баячуудад инээд болдгийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал хэлсэн. Хүнсний бүтээгдэхүүний үнэ 60 хувиар өсөхөд нэн ядуу иргэн 80 хувийн дарамт үүрнэ. Дундаж орлоготой иргэнд 35-50 хувиар нөлөөлнө. Харин баячуудад ганцхан хувиар л нөлөөлдөг байна. Өнгөрсөн жилүүдэд авч хэрэгжүүлсэн шиг халамжаа хавтгайруулж, төсвийнхний цалинг нэмэгдүүлж, шанд нь инфляцийг өсгөөд байвал хувийн сектор сөхөрч төсвийн орлого унах аюултай. Одоо байгаа 15 хувийн инфляци ч эдгээрээс үүдэлтэй. Иймээс л инфляцийг найман хувьд барихаар Засгийн газар, Монголбанк ирэх оны эхнээс зүтгэх гэж байна. Тэр зорилгодоо хүрч чадвал Засгийн газрын зориод байгаа дунд давхрагаа тэлэх бодлого хэрэгжинэ. Дунд давхрага өсөөд ирэхээр наад зах нь юмны үнэнд дарлуулж, халамж хүсдэг хэсэг хумигдах юм даа.