
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг Ховд хотын өдөр болгон тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Энэ дагуу аймгийн Засаг даргын Тамгын газар, Ховд хотын захирагчийн ажлын албанаас хамтран Ховд хотын өдрийг тэмдэглэн өнгөрүүлжээ. Ховд хотын өдрөөр аймгийн төв талбайд цэрэг, хүчний байгууллагуудын ёслолын жагсаал болж, Ард Аюуш, Галдан бошгот хааны хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн байна. Жаргалант сум жил бүрийн хавар, намрын саруудад бүтээлч хөдөлмөрийн аян зарлан олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж хэвшжээ. Өнгөрсөн аравдугаар сард “Тохилог хот, тухлаг амьдрал” намрын бүтээлч хөдөлмөрийн аяны нээлтийг хийж нэг сарын хугацаанд хотын хамгийн тулгамдсан асуудал болох гэрэлтүүлэг, гэр хорооллын цахилгаан хангамж, агаарын бохирдол, авто замын шинэчлэл, намрын ойжуулалт, хотын соёлжилтын талаар ихээхэн ажил хийснийг хотын өдрөөр дүгнэжээ.
Ойн өдрөөр нэр бүхий хүмүүс Хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан, Ховд аймгийн хүндэт тэмдэг, Ховд хотын хүндэт тэмдгээр энгэрээ мялаалгасан байна.
Д.ОЮУН