-Таны киноны нээлт болох гэж. Мэдээж уран бүтээлч хүн шинэ бүтээл бүхнийхээ өмнө догдолдог байх. Энэ догдлолыг яаж илэрхийлбэл болох вэ?
-Бас л нэг том уран бүтээлийхээ нээлтээ хийх гэж байна. Уран бүтээлч хүн бол өөрийгөө болоогүй, ханаагүй, чадахгүй байна гэж ямагт бодож байх хэрэгтэй болов уу. Би өнөөдөрт гэсэн өөрийгөө тэгж л боддог. Би өнөөдөр гүйцэт жүжигчин болоогүй болохоор тэр айдас мэдрэгдэж байна. Үзэгчид маань яаж хүлээж авах бол гэдэг уран бүтээлч бүхний хамгийн том хүлээлт. Аливаа уран бүтээлийн нээлт бол хамгийн том баяр нь байдаг. Уран бүтээлийнхээ ард гараад үзэгчдэдээ шилжүүлэх өдөр бол хамгийн том айдастай мөртлөө баяртай мөч байдаг. Энэ өдрйиг юугаар ч төсөөлшгүй. Өнөөдрийн Навчаа арай өөр догдлолтой, юманд арай өөр эмзэг хандах хандлагатай зан характерын хувьд ч гэсэн арай л өөр болчихсон байна.
-Үзэгчдэд киногоороо юуг өгүүлэхийг зорьсон бэ?
-Кино маань анх “Би хамгийн сайхан эмэгтэй” гэдэг нэртэй байсан. Би эмэгтэй хүн гэдэг нэрийг манай найруулагчаар ажилласан “Guys-666” хамтлагийн Төгсөө маань санал болгосон. Энэ нэрэнд сайхан муухай, бүх зүйл хамаарч байгаа учраас кино багийнханд маань таалагдан “Би эмэгтэй хүн” нэрээр дэлгэцнээ гарах гэж байна. Сүүлийн үед нийгэм маань өөрчлөгдөн гоё сайхан барилга баригдаад хот шинэчлэгдэж, эмэгтэйчүүд маань ч өнгө нэмж байна. Гэхдээ хүний гадаад үзэмжээс илүү дотоод мөн чанар хаягдаад байна уу гэдэг асуудал их яригдах болсон. Тиймээс манай киног үзээд гарсан хүн хажуу дахь эмэгтэйгээ энэ ямар эмэгтэй хүн бэ гэж тогтож харах бол уу. Уран бүтээлч хүний хувьд хүний дотоод гоо сайхныг өгүүлэх гэсэн мессэж үзэгчддэд хүргэхийг зорьж буй гол санаа маань байх юм. Зөвхөн эмэгтэй ч гэлтгүй бүх хүний гадна талын гоо үзэсгэлэн нь дотроосоо гэрэлтдэг шүү дээ.
-Таныг 100 хувь өөрчлөн харуулна гэсэн шүү дээ?
-Өмнө нь бүтээж байсан дүрүүдээс өөр дүр байгаа. Ганцаардмал, хэнд ч хайрлагдаж байгаагүй, маш их хайрыг хүсдэг ч нугасны муухай дэгдээхэй, нөгөө л кино болгон дээр байдаг гологдсон, тийм л дүрийг бүтээлээ.
-Зураг авалтын хөгжилтэй үеэсээ сонирхуулахгүй юу?
-Кионд ажиллаж байгаа уран бүтээлчид сайн найз нөхөд, гэр бүл болж чаддаг. Тэр ч утгаараа бид хоёр дахь гэртээ ирж байна гэсэн үг шүү дээ. Өдөр орж, ирээд л шөнөжин ажиллаад л суудаг. Тэр бүр уурлаад байхаар зүйл болдоггүй. Энэ удаагийн кино багт илүү найз нөхдийн баг ажилласан болов уу гэж бодогдоод байгаа юм. Нэг инээдтэй зүйл гэвэл би охиноо зураг авалт дээрээ дагуулаад ирсэн чинь орой нь ядраад унтчих гээд байсан. Тэгэхээр нь жаахан хөгжөөх гээд “явууллаа” л даа, “Охиноо жүжиглүүлье” гээд. Манай урлагийнхан чинь дараа нь хасах кадраа 33 гэж ярьдаг байхгүй юу. Тэгээд 33/1-Удвал гээд яг зураг авч байгаа юм шиг жүжиглүүлсэн. Охиноо эхлээд жаахан ааштай охины дүр бүтээ гэдэг даалгавар өглөө. “Би чиний ээж биш. Чи энэ өрөөнд орж ирээд миний даашинз хаана байна” гээд уурла. Намайг “Мэдэхгүй” гэхээр “Тэгвэл аавдаа хэлнэ” гээ, тэгэхээр чинь би “Аавдаа битгий хэл л дээ. Ажлаас намайг хална” гэхээр уурлаад гарах зураг авахаар боллоо. Тэрийг хийсний дараа үүнийг жаахан трагетлаж үзье. Нулимс гарах нь уу гээд охиндоо “Одоо айхтар гол хэсэг нь ээж нь цуг яваад осолд орж эмнэлэгт хэвтэж байхад “Надад даашинз хэрэггүй, ээж хэрэгтэй” гээд бөмбөртөл уйлах ёстой гэж даалгасан. Тэгээд бид наана нь зургаа авч байхад тэнд л манай охин бэлтгээд л байна аа. Бид ч ажиглаад л байгаа юм. За 33/1/2 гээд цохилоо доо. Охин маань хөөрхөн уйлаад хөөрхөн жүжиглэсэн л дээ. Зарим нэг нь намайг үзэн ядсан л даа. Хүүхдээ уйлуулж тоглолоо гэж. Хүүхэд бол юугаа мэдэхэв дээ өөрийгөө кинонд тоглож байна л гэж бодно шүү дээ. Өөрийгөө кинонд тоглочихсон л гэж бодож байгаа. Өнөөдөр кино үзээд миний хэсэг хаачив гэж нэхэх л байх даа.
-Яаж аргална аа?
-Өө чиний кино бол компьютер дээр гардаг л гэж хэлдэг байх даа.
-Охин тань хэдэн настай билээ, хэр жүжиглэх авьяастай гэж бодож байна. Таныг дууриагаад жүжигчин болох уу?
-Зургаан настай, нэгдүгээр анги. Жүжигчин болохгүй байх аа. Ээжийгээ эрүүл энх байлгахын тулд би эмч болно гэдэг юм. Охин маань гэртээ ганцаараа жүжиглэж өөрөө өөртэйгөө их ярина. Намайг унтаж байхад хүртэл гэртээ байгаа бүх эд хэрэгслийг оруулаад жүжиглэнэ шүү дээ. Би дандаа дагуулж явдаг болохоор хүүхэд маань өөрөө урлагийн тал руугаа хандлагатай, элэгтэй өсч байна.
-Та бас хэд, хэдэн кино найруулсан. Дараагийн шинэ уран бүтээлийн тань талаар сонирхож болох уу? Та өөрөө кино найруулах уу, эсвэл тоглох уу?
-Зөндөө байна аа байна. Ер нь хүн мөрөөдөж байх хэрэгтэй. Тийм уран бүтээл хийх юмсан гэж дотроо бодож явах хэрэгтэй. Тэгвэл бүтдэг юм билээ. Надад одоо хоёр уран бүтээлийн санаа байна. Нэг нь нэг ангит кино, нөгөө нь сериал. Яахав мэдээж боломж олдвол эхлээд нэг ангит киногоо хийх байх. Сериалыг бол хойш нь тавих болов уу. Одоо Монголд ахуйн сэдэвтэй сериалууд маш их гарлаа. Түүнийг эвдсэн арай өөр, үнэхээр л энэ сериалуудыг бут цохисон бүтээл хийж чадахгүй бол адилхан л нэг зүйл гаргаад бол хэрэггүй шүү дээ. Анхдагчийг нь тавиад “Хэцүү анги” бүтээлийг хүргэсэн учраас надад тийм эрх нь алга. Тэднийг бут цохисон л зүйл хийхгүй бол шинэ сериал хийгээгүй нь дээр л дээ. Тиймээс кино зохиолоо төлөвлөх, боловсруулах гээд маш их хугацаа орно.