Шинэ хөрөнгө оруулагчид айсуй

Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

Шинэ хөрөнгө оруулагчид айсуй

Монголын уул уурхайн салбараас гадна үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой олон компанийн төлөөлөгч Хонкогт энэ өдрүүдэд цуглаад байна. Mongolia Investment Summit-ийн энэ удаагийн чуулганы төлөөлөгч 500 хүрсэн ба өмнөх жилүүдийн арга хэмжээнүүдээс ялгаатай нь Монголын шинэ Парламент, Засгийн газрын баримтлах уул уурхайн бодлого, хөрөнгө оруулалтын орчныг маш их сонирхож байлаа.

Зөвхөн уул уурхайн салбарт гадаадын компаниуд хөрөнгө оруулахаар сонирхдог байсан бол эдүгээ Монголын эдийн засгийн бусад салбарт шинэ орон зай хайх нь нэмэгджээ. Ялангуяа үл хөдлөх хөрөнгийн салбарт санхүүжилт хийх боломжтой гэж үзсэн гадаадын цөөнгүй компанийн төлөөлөгч чуулганд оролцсон юм. Түүнчлэн Монголын дэд бүтцийн бүтээн байгуулалтад хамтран оролцохыг эрмэлзэж буйгаа хэд хэдэн компанийн төлөөлөгч Хонконгт илэрхийлэв.

УИХ-ын сонгуулийн дараа хагас жил орчим эргэлзээтэй байж, хөрөнгө оруулалт зогсонги байдалтай болсон бол одоо шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг сонирхсон, ирэх дөрвөн жилд хийх дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн, түүнчлэн Монголын Засгийн газрын баталгаатай бондын талаар сонирхсон хөрөнгө оруулагч, санхүүгийн байгууллагын төлөөлөл Хонконгийн “Дөрвөн улирал” хэмээх хээнцэр зочид буудалд хуран цуглав.

Манай талаас Монголбанкны Ерөнхийлөгч Н. Золжаргал, Эдийн засгийн хөгжлийн яамны Дэд сайд О. Чулуунбат, Монголын Хөрөнгийн биржийн захирал Х. Алтай, “Эрдэнэс Тавантолгой” компаний Уул уурхай хариуцсан захирал Г. Хэнкок зэрэг хүмүүс илтгэл тавив. ХААН, ХАС, Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч нар бүгд илтгэл тавилаа. Оюутолгой ХХК-ийн Гүйцэтгэх ерөнхий захирал К. Макрейгийн илтгэл мэдээж оролцогчдын анхаарлын төвд байсан. Чуулга уулзалтыг сурвалжилсан Хонконг дахь Блүүмберг телевизийнхэн ноён Макрейгаас яриа авахыг эрмэлзсэн боловч илтгэлээ дуусмагц тэрбээр хуралдаанаас гарч, мөн оройдоо Монголд очихоор яарчээ.

Монголын 20 компани чуулганы үеэр танилцуулах булангаа засчээ. Эдний дунд “Шарын гол”, “Алтан Рио Монгол”, “Ворлей Парсон Монгол” зэрэг компани байлаа. Түүнчлэн уул уурхайн өрөмдлөгийн Ellehcor drilling, Traverse drilling компанийн төлөөлөгчид иржээ.

Mongolia Investment Summit дээр тавьсан сонирхолтой илтгэлүүдийг уншигч Та Mongolian Mining Journal-ийн шинэ дугаараас уншина уу.  Мөн Ням гаригт (арваннэгдүгээр сарын 04) С1 телевизээр 19.00 цагт цацагдах “Хөгжил” хөтөлбөрөөс үзнэ үү.

Б. Алигэрмаа

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж