Сэнди нэрт хар салхины дараахан хохирогчидтой уулзсан Обамагийн үйлдлийг ажиглагчид маш зөв хэмээн нэрлэж байна. Учир нь өөрийн рейтингийг өсгөх хамгийн гол арга нь энэ юм. Ромни ч мөн дутахгүйгээр гамшгийн голомтод очин хохирсон иргэдтэй уулзаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байна. “Хатуухан хэлэхэд байгалийн гамшиг гэдэг бол улстөрчдийн хувьд чихэр л гэсэн үг. Үүнийг хэн, хэрхэн ашигласнаас шалтгаалж байр суурь нь огцом өөрчлөгдөхөд маш том дэмжлэг үзүүлдэг” гэж Бостоны их сургуулийн улстөрийн шинжлэх ухааны профессор Эндрю Рийвс ярьжээ.
1965 онд болсон Беци хар салхи Нью Орлианы захирагчийг сонгох сонгуульд нэр дэвшиж байсан Виктор Широд сайнаар нөлөөлжээ. Тухайн үед 75 хүн энэ гамшгийн улмаас нөгөө ертөнцөд очсон билээ. Гамшгийн дараах Широгийн имиж тун гайхалтай байсан юм. Ханцуйгаа шамлаж, каск өмсөн шавар шавхайг цэвэрлэх, нурангийг холдуулах, шархадсан хүмүүсийг аврах зэрэгт эрчимтэй оролцож, хаа сайгүй энэ зургаа тарааж байв. Мөн орон нутгийн сонинууд түүний үйлдлийг зогсоо зайгүй нийтэлж байсан нь түүнд захирагч болох боломжийг олгожээ. Тэрээр таван жилийн турш энэ суудалдаа суусан юм. Үүнийг улстөрийн шинжлэх ухаанд сонгогчдын саналыг эргүүлсэн шилдэг жишээ болгон заавал үздэг ажээ.
Барак Обама түүний аргыг ашиглаж, хохирогсдын гэр бүлтэй нь ойр байж сэтгэл санааг нь хуваалцаж байгаа мэт имижийг бүрдүүлж байгаа билээ. Гамшгийн голомтод очин эелдгээр мэндчилэн, хөлд нь таарсан хогийг зайлуулж байгаа нь ард иргэдэд нь дулаан уур амьсгалыг төрүүлж байгаа нь мэдээж. Үүнийг Обамаг дэмжигчдийн тоо зургаан хувиар өссөнтэй холбон ойлгож болох талтай. “Цамцныхаа ханцуйг шамалж, энгийн байдалтай байх нь маш зөв имижийг ард түмэнд төрүүлдэг. Одоо ч үүнийг олон улстөрчид ашигладаг шүү дээ” гэж Лондон хотын эзэн хааны академийн шинжээч Марк Пеллинг ярьсан байна.
1985 онд Мексик улсын нийслэл Мехико хотод болсон газар хөдлөлт улстөрийн итгэмээргүй өөрчлөлтийг дагуулсан юм. Газар хөдлөлтийн дараа хотын удирдлагыг 70 жил атгасан улстөрийн хүчин бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон билээ. Хотын иргэд ч хүчтэй тэмцэл өрнүүлж олон жилийн настай удирдлагуудыг огцруулж дөнгөсөн юм. Үүнээс яг арван жилийн дараа дэлхийн нөгөө хэсэгт бас л үүнтэй адилхан үйл явдал болов. Энэтхэгт болсон хүчтэй шуурганы дараа Бхаратия Жаната нам сонгуульд ялагдаж, дараагийн арван жилд ч засгийн эрхийг атгаж байгаагүй ажээ.
1976 онд болсон Таншаны газар хөдлөлт нэгэн хүний хувь заяаг сөргөөр өөрчилсөн юм. Мао Зедунг залгамжлах магадлалтай гэгдэж байсан ч улстөрийн нэр хүнд муутай байсан Хуо Зоафенг гамшгийн голомтод очиж нуранги дарагдсан олон иргэдийг аврах ажиллагаанд өөрийн биеэр оролцжээ. Гамшиг болсноос хойш хэдэн долоо хоногийн дараа ч тэр Таншанаас холдоогүйгээр барахгүй хар ажил ч хийж байсан гэдэг. Энэ нь түүнд Маогийн залгамжлагч болох алтан боломжийг олгож дөрвөн жилийн турш Хятадыг удирдсан билээ. Мөн Хятадын түүхэнд улс төрийн бүтцийг орчин үежүүлэх ажлыг эхлүүлсэн улстөрч хэмээн үнэлэгддэг юм.
Улстөрийн томоохон өөрчлөлт болох гэж байгаа АНУ-д байгалийн гамшиг тохиолдож хоёр нэр дэвшигч гамшигт өртөгсөдтэй аль болох хамт байхыг хүсч байна. Боломжийг алдахгүйн тулд Барак Обама эдгээр аргуудыг хамгийн их ашиглаж байгаа билээ. Тэрээр албан өрөөнөөсөө эмгэнэл илэрхийлэхээс илүүтэй гамшгийн голомтод очиж, ард иргэдтэйгээ хамт байна. Харин Ромнигийн хувьд гамшгийн голомтод Обамагаас цөөхөн удаа очиж ихэвчлэн дэлгэцээрээ ард түмэнтэйгээ хамт байна. Үүнийг улстөрийн шинжээчид сонгуулийн саналыг эргүүлэх ямар нэгэн арга хэмээн тайлбарлаж байгаа билээ.