Шүтэн бишрэгчдэдээ харуусал үлдээн цэл залуухан насандаа хорвоог орхисон алдарт дуучин Эми Уайнхаус BBC телевизийн дэмжлэгтэйгээр ирэх онд Данийн нийслэл Копенгаген хотын “Royal” театрын “Red Room”-ын тайзнаа дахин “амилах” гэнэ. Эми Уайнхаусын тухай өгүүлэх тус жүжиг, шоунд түүний хит дуунууд эгшиглэж, телевиз, сонин сэтгүүл радионд өгч байсан яриа ярилцлага, хэлсэн үг, захидал, дуучны хувийн захидал, түүний тухай сонины нийтлэлүүд, тоглолтууд зэрэг түүнтэй хамаатай, алдартны тухай өгүүлэх бүхнийг найруулан тавих гэнэ. Хэдийгээр тус шоугаар шүтэн бишрэгчдийг нь Эми Уайнхаустай дахин уулзуулах ч гол зорилго нь алдарт дуучин Эми Уайнхаусын бүхий л асуудал олон нийт түүнд хэрхэн хандаж байсан гэдгийг харуулах аж. Жүжгийн гол дүр буюу дуучин Эми Уайнхаусын дүрийг Данийн 29 настай жүжигчин Жоанне Шмидт бүтээх гэнэ. Энэхүү жүжгийн нээлт ирэх оны нэгдүгээр сарын 30-нд болно.
Эргэн сануулахад дуучин Эми Уайнхаус өнгөрсөн жил ихийг хийж бүтээх ид залуу 27 насандаа архины хордлогоор таалал төгссөн юм.
Б.АHХТУЯА