Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

Хоёр зуу гаруй жилийн турш, өндөр жил бүрийн арваннэгдүгээр сарын эхний эхний мягмар гариг  бүрт АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль явагдаж иржээ. Энэ жилд энэ өдөр арваннэгдүгээр сарын 6-нд таарч байна.

Хажуугаас нь харж, сонсоход нэлээд зугаатай сонгуулийн кампани явж байна. Үүнийг заан  (Бүгд найрамдах намын бэлгэдэл) илжиг (Ардчилсан намын бэлгэдэл) хоёрын тэмцэл биш харин Крыловын “Заан ба Моська хав” гэсэн ёгт үлгэрийг  санагдуулахаар байна гэж зарим хүмүүс хэлж буй. Митт Ромни нь бардмаар түрүүлэн алхаж, өрсөлдөгчөө бараг анзааралгүйгээр хаяа нэг тохойгоороо нүүр лүү нь ёворчихоод явж байгаа мэт. Харин Барак Обама араас нь шогшоод л ингэж бүдүүлэг загнаж болохгүй гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар хийхийг оролдоод явж байгаа ч юм шиг… Ингэхэд хэн нь лидер нь вэ?

Бүгд найрамдахчууд сонгуулийн кампанийн үеэр хоцорч явснаа ганц халз маргаанаар дор нь арилгаад харин ч хэн нь ялах бол гэсэн сонирхол төрүүлж өглөө. Америкийн өнөөгийн Ерөнхийлөгчийн эсрэг сөргүүлэн тавьсан Бүгд найрамдах нам ба Ромнийн эдийн засгийн бодлого гэдэг нь юу вэ?

Бүгд найрамдах намын эдийн засгийн байр суурь

Митт Ромни  нь мормон сүсэгтэй, олон саяын хөрөнгөтэй хүн. Түүний хөрөнгө 200 сая ам.доллар бөгөөд өнгөрсөн жилд 14 саяын орлого олжээ. Массачусетс мужийн захирагчаар 2003–2007 онд ажиллаж байсан тэрээр хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байна. Өнгөрсөн сонгуулийн намын сунгаанд Жон Маккейнд ялагдсан юм.

Митт Ромни тодорхой үзэл баримтлалаараа онцлогтой. Тэрээр үр хөндөлт болон (хүчингээр жирэмсэн болсон нь эмнэлгийн үзлэгээр тогтоосноос бусдад нь) ижил хүйстний гэрлэлтийг эсэргүүцдэг. Киотогийн протокол болон даяарчлалын цаг үеийн эсэргүүцэгч. Даяарчлалын дулаарлыг хүний оролцоогүйгээр  ирж буй үзэгдэл гэж үздэг.  Тэрээр Америкийн орд газруудыг бүрэн дүүрэн ашиглаж, нефтийн импортыг бууруулахын төлөө байгаа. Бас дээр нь “ногоонтнуудын хөдөлгөөн”-ийг хязгаарлахын төлөө байдаг. Цаазаар авах ялыг дэмжигч. Оросыг Америкийн геополитикийн №1 дайсан гэж үздэг.

Уламжлалт политехнологууд бол нэр дэвшигч хичнээн их тодорхой санал хэлнэ төдий чинээ их сонгогчдоо алдана гэж үздэг. Өөрийн үзэл бодлыг хатуугаар  мэдэгдсэнээс нэр дэвшигч саналаа алдах эрсдэлтэй гэж тэд үздэг. Бүрхэгдүү үзэл санаатай харин хүнийг татах увьдастай нь хүмүүс гол төлөв нэр дэвшдэг гэж үздэг тэдний үнэлгээнд Ромни лав таарахгүй. Харин тэрээр сонгогчдыг хатуу радикал үг хэллэгээрээ татаж байна.  Сонгогчид Ромнийн хэлсэнтэй санал нийлэхгүй байсан ч түүний шуудхан хэлж ярьдаг нь үнэнийг өгүүлж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Бүгд найрамдах намын болон Ромнийн эдийн засгийн байр суурь мөн радикал гэж болохоор. Ромний Обамаагийн эдийн засгийн бодлогыг хатуухан шүүмжилдэг. Нэн түрүүнд өнгөрч буй дөрвөн жилд улс орноо хямралаас гаргаж чадаагүй гэж хэлдэг. АНУ-д ажилгүйдэл өндөр төвшинд байгаа гэж тэрээр ямагт ярьж хэлж ирэв. Өөрөө ерөнхийлөгч болоод энэ бүгдийг хурдан засна гэсэн. Харин яаж?

  1. 1Татварыг хөнгөлнө: Ашгийн өртгийн татварын дээд хэмжээг 32-20 хүртэл хувь болгон буулгах гэнэ. Корпорацийн орлогын татварыг 32-25 хувь болгон бууруулна. Энэ бүгд нь баячуудын татварыг буулгаж байна гэсэн үг. Хатуу байр сууриа зөөллөхийн тулд бүгд найрамдахчууд жилийн 200 мянган ам.доллараас бага орлоготой гэр бүлийг татвараас чөлөөлөх ажээ. Энэ нь ихэнх америкчуудад хамааралтай болж байна. Бүх төрлийн татварыг буулгах нь эдийн засгийн өсөлтийг гаргах учиртай гэнэ.
  2. Юуны өмнө Обамагийн эрүүлийг хамгаалахын шинэчлэлийг зогсоосноор улсын зарлагыг багасгах ажээ.
  3. Додд-Франкийн гэх хуулийг өөрчилж, түүнийг  “ил тод санхүүгийн хуулиар” солих бөгөөд санхүүгийн зах зээлийн хэвийн урсгалд ямар нэгэн  хязгаарлалт хийхгүй.
  4.  Америк долларын алтан баталгаа болох “алтан стандартыг” буцаан бий болгох комисс байгуулах. Хэвлэсэн мөнгө тус бүр нь алтаар баталгаажсан учраас хүмүүс мөнгөтэйгээ тэнцэх алтыг шаардаж болох  юм. Алтаар баталгаажуулагдаагүй мөнгийг Засгийн газар хэвлэж чадахгүйд хүрдэг.
  5. Юанийн ханшийг өсгөхөөр Хятадтай эрс тэмцэн бараг эдийн засгийн дайн хийнэ.
Ромниномика

Ардчилагчдын тооцоогоор бүгд найрамдахчуудын татварын шинэчлэл нь 10 жилээр тооцвол төсвөөс таван их наяд ам.доллар шаардлагатай бөгөөд мөн л ардчилагчдын тооцоогоор тэдний дөрвөн их наяд нь л нөхөгдөх аж.

Ромнийн шүтээн нь Рейган гэдэг нь олон талаар харагдаж байгаа. Оросыг дайсан гэсэн, татварын шинэчлэл, алтан стандартын комисс зэрэг нь үүнийг гэрчилнэ. Анхны комиссийн дүгнэлт нь сөрөг гэж гарснаас хойш 40 жилийн дараа ам.долларыг алтаар солих нь инээдэмтэй ч юм шиг.

Рейганы татварын шинэчлэл нь (рейганомика)  дэлхийн хоёрдугаар дайнаас хойш үлдсэн өв болох ашгийн татварын дээд хэмжээ болох 75 хувийг буулгаснаар эхэлснийг санах хэрэгтэй болж байна. Тэр үед татварыг эрс буулгасан нь төсвийн алдагдлыг хэт нэмэгдүүлж улсын өр Рейган ерөнхийлөгч байсан найман жилд хоёр дахин ихэссэн билээ.

Одоогийн санхүүгийн болон эдийн засгийн өсөлт мөн л ийм үр дүнтэй гарах болов уу. Мөн өсөлтөд саад болж байгаа хүн ам зүй, геополитик гээд олон нөхцөл бий. Ер нь төсвийн алдагдлыг буулгахыг шаардаж байгаа Конгрессийн бүгд найрамдахчууд, тэр алдагдлыг ихэсгэх гээд байгаа Ромнийн кампанийн  бүгд найрамдахчууд огт өөр хүмүүс үү гэхээр…

Энэ байдлаас тэд гарах амархан арга олсон нь нарийн ширийн зүйл ярихгүйгээр шууд л ардчиглагчдыг шүүмжлээд бай гэсэн арга бололтой. Мөн л энэ аргаар Додд-Франкийн (ДФ) гэгдэх санхүүгийн зах зээлийн дамын наймаа ба түүхий эдийн деривативыг улсын үнэт цаас, хувьцаанд оруулаад ирэхээр  хязгаарлалт тавьсан хуулийг солих ёстой гэсэн өөрсдийн хуулийн талаар ч ямар ч тодорхой зүйл хэлэхгүй байгаа. Энэхүү хуулийг өөрчилбөл түүхий эдийн нийлүүлэлтийн гэрээний үнийг хөөрөгдөх нь ойлгомжтой. АНУ-ын төсвийн алдагдлыг нөхөх өнөөгийн системийг сүйрүүлэх болно гэж зарим шинжээчид үздэг.

Хятадтай эдийн засгийн дайн хийх нь Америкт ашиггүй. Хүнсний бус өргөн хэрэглээний барааны үнийг нэмэгдүүлэх магадлалтай. Тиймээс Ромни хэн болоод Хятадтай эдийн засгийн дайн хийх санаа дэвшүүлж байна вэ гэсэн асуудал дэгдэж байна? Тэр бол 2000-аад оноос л компаниа гадаадад ажиллуулах болсон бизнесмен хүн шүү дээ.

Бүгд найрамдахчуудын эдийн засгийн бодлого нь эдийн засгийн хямралыг нэмэгдүүлэн дэлхийг 2009 оны үед авчирна.  Гэхдээ тэр үед мөнгөний ямар ч бодлого түүхий эдийн үнийг хөөрөгдөн бодит эдийн засагт нөлөөлөөгүй байсан. Энэ бүгд нь эдийн засгийн өсөлтийг сааруулан улсын өрийн хэмжээг ихэсгэдэг гэж шүүмжлэгчид хэлж байгаа юм.

Илжиг  эсрэгээр ярьж байна

Ардчилагчид бүгд л өөрсдийгөө зөвтгөж, бүгд найрамдахчуудад хөтлөгдөж явна. Бүгд найрамдахчууд ардчилагчдыг шахсаар төсвийн алдагдлыг ирэх арван жилд дөрвөн их наядаар  бууруулахаар болсон. Баячуудын  татварыг хэвээр үлдээсэн ч зарим зарлагыг багасгахаар болоод байгаа нь ашигтай хувилбар яав ч биш.

Гэхдээ ардчилагчид үүнийг хийхээс өөр зам гараагүй.  Тэд энэ зуны төсвийн хямралаар Конгрессийн бүгд найрамдахчуудын шахалтаар ийм төлөвлөгөө  гаргахаас өөр аргагүй болсон юм. Ардчилагчид Ромнийн төсвийн төлөвлөгөөг нэг их наядын алдагдалтай гэж хэлж байна. Түүнийг хэрхэн нөхөх нь тодорхой гээд харин өөрсдийгөө энэ тал дээр хариуцлагатай гэсэн юм.

Эрүүл мэндийн шинэчлэл ба ДФ хуулийг Обама хамгаалж байгаа. Тэрээр Америкийн нефть олборлолтыг нэмэгдүүлэх нь тус улсын баян корпорациудын сонирхолд нийцнэ гээд хариу болгон экологийн “ногоон” эрчим хүчийг хөгжүүлэх саналыг дэвшүүлээд байгаа.  Харин бүгд найрамдахчууд тэдний шүүмжлэлд хариу өгөхийн оронд өөрсдийн шүүмжлэлийг чангатгахаа илүүд үзсээр байна.

Америкийн сонголт

Ерөнхийдөө бол Обамагийн бодлогын эсрэг тавихаар ухаалаг эдийн засгийн бодлого бүгд найрамдахчуудад алга. Тэдний эдийн засгийн хөтөлбөр нь бүгд найрамдахчуудын уламжлалыг дагасан ор нэр төдий. Эдийн засгийн бодлогод шинэчлэл хийнэ гэсэн санааг хэлж байгаа ч тэр нь зөвхөн эдийн засгийг муутгах үр дагавартай байна.  Өнөөдөр АНУ-ын улс төрийн тавцанд явагдаж байгаа эдийн засгийн бодлогоос өөр сонголт үгүй мэт.

АНУ-д үргэлжилж буй эдийн засгийн хямралд эгдүүцсэн олон нийтийн сэтгэлгээн дээр тэд тоглолтоо хийж буй. Обама хямралыг зогсоохоор юу хийсэн юм бэ гэсэн асуулт тэдний гол хөзөр болоод байна. Ардчилагч нар тоо хэлж ойрын 10 жилийн төлөвлөгөөгөө танилцуулан найдлага тавьж байгаагаар Обама чансаагаа буулгаж ирэв.

Бүгд найрамдахчууд хамгаалалтгүйгээр довтлон өөрсдийн сонгуулийн кампаниа явуулж байна. Тэд ялах боломж бараг үгүйгээр кампаниа эхлүүлсэн. Хуучин нэг онигоонд байдаг шиг ”гүйцэж түрүүлэхгүй юм аа гэхэд биеэ халаагаад авья” гэдэг шиг зүтгэж буй. Тийм тактик нь зөв болсон бололтой, тэд ардчилагчидтай зуузай холбон барианд ойртож байна.

 Өөрийгөө зөвтгөж тайлбарлахын оронд Обама бүгд найрамдахчуудын гаргасан хямралын “хог новш”-ийг цэвэрлэж байна гэсэн хатуу байр сууринд байсан бол байдал өөр байх нь ойлгомжтой.

Түүгээр ч барахгүй тэд улсын өрийн хэмжээ тогтооход  саад хийн ирэх жилийн эхнээс санхүүгийн хямралын ангал үүсгэхийг өдөөж байна. Тэд сөрөг хүчний гэсэн ганцхан бодлого явуулан түүгээрээ дөрөөлөн эрх баригч болохыг хүсч байна. Тэд баячууд болон Уолл-стритийн “тарган муурнуудад” ашигтайгаар тоглож байна гэсэн довтолгоог Ардчилсан нам хийсэн бол арай өөр байсан байх.

Ардчилагчид зорилгодоо хүрэхээр ухаангүй зүтгэж яваа гөжүүд илжиг биш зааны өөдөөс хуцсан Моська хав шиг л харагдах юм. Хэрэв одоо Обама ялагдвал түүний өөрийнх л буруу болно Харин “ромниномик”-ийн үр дагавар дэлхийд тийм ч багаар тусахгүй нь ойлгомжтой.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж