Нийт 21 аймагтай цахим сүлжээгээр холбогдсон Ерөнхий сайд хамгийн шинэлэг сонирхолтой ажил хийж буй хоёр аймгийн даргатай энэ удаа холбогдох хүсэлтэй байгаагаа хэллээ.
Хамгийн түрүүнд Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандмань холбогдож чадлаа. Тэрээр малчидтайгаа цахим хурал хийж цаг агаарын мэдээнээс эхлээд тулгамдсан асуудлаар нь хэлэлцэж чаддаг болсон талаар Ерөнхий сайдад дуулгав. Мөн төрийн албан хаагчдын шалгалтыг цахим хэлбэрээр явуулжээ. Малчид аймгийнхаа удирдлагатай цахимаар харилцдаг болсныг Ерөнхий сайд олзуурхаж байлаа.
Хоёр дахь овсгоотой, “азтай” Засаг даргаар Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа шалгарав. Өнөөдрөөс цаг агаар муудаж баруун аймгуудаас эхлэн цасаар шуурах тухай цаг уурын төлөв байдал гарсан тул малчиддаа энэ талаар сэрэмжлүүлэг хүргүүлжээ. Анхааруулга, сэрэмжлүүлгийг сум, багаар дамжуулж цаг алдалгүй хамгийн идэвхтэй, хариуцлагатай малчиддаа гар утсаар мэдээ хүргэдэг болсон байна. Тэдгээр малчид ойр зэргэлдээ малчдадаа мөн гар утсаар мэдээ хүргэдэг болжээ. Үүнийг Ерөнхий сайд мөн чухал ажил гэдгийг үнэллээ.
Ерөнхий сайд хоёр аймагтай холбогдоод “бонус” болгож дахин нэг аймгийг нэмж урилаа. Баян-Өлгий аймгийн Засаг дарга С.Хавал “бонус”-т холбогдож амжив. С.Хавал дарга Засгийн газраас аймгийн төвүүдийг хот болгох гэж байгааг дэмжиж 86 багийн төвийг тохижуулж буйгаа мэдэгдлээ. Мөн малчид хоёроос гурван ээлжийн саравчтай битүү хашаатай болж байгааг Ерөнхий сайдад дуулгалаа.
Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг баруун аймгуудад ажиллаж байхад Баян-Өлгийн захын түрээсийн төлбөр өндөр гэх зэрэг асуудалтай байсныг хэрхэн шийдсэнийг С.Хавал даргаас асуулаа. Түүнд Засаг дарга С.Хавал уг асуудлаар дөрвөн цаг хуралдсан, захын түрээсийг бууруулсан гэсэн хариулт өгөв. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хэдэн цаг хуралдсан нь хамаагүй, цаана нь 1000 түрээслэгчийн эрх ашиг бий. Түрээсийн татвараа огцом огцом нэмээд байх шаардлагагүй” гээд асуудлыг нэн даруй шийдвэрлэхийг Засаг даргад даалгалаа. Үүгээр цахим хурал өндөрлөв.
Ерөнхий сайд аймгуудтай хийх цахим хурлыг иймэрхүү товч тодорхой хийж байх болсноо дуулгалаа. Дараагийн хурлыг арванхоёрдугаар сарын 5-нд хийхээр товложээ. Удахгүй Ерөнхий сайд зүүн гурван аймагт ажиллана гэдгээ цахим хурлын үеэр мэдэгдлээ.