Мэдээллийн технологийн “Оны хүн” тодруулна

Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

Мэдээллийн технологийн “Оны хүн” тодруулна

“Монголын Хөгжлийн Гарц” (МХГ) төрийн бус байгууллагаас санаачлан хамтран ажиллагч байгууллага, мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр дөч гаруй жилийн түүхэн замнал бүхий мэдээллийн технологийг Монголд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, мөн оруулсаар ч байгаа хувь хүнийг сонгон шалгаруулж, олон нийтэд таниулан алдаршуулах зорилгоор Мэдээллийн технологи (МТ)-ийн “ОНЫ ХҮН” шалгаруулалтыг арав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. 

Оны хүнийг шалгаруулах үйл ажиллагаа нэр дэвшүүлэх, урьдчилсан сонгон шалгаруулалт, төгсгөлийн сонгон шалгаруулалт гэсэн гурван үе шатаар явагдах бөгөөд нэр дэвшүүлэх хугацаа өнөөдрөөс эхэлж байгаа аж.

Нэр дэвшүүлэх:

2012 оны 11-р сарын 1-ний өдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд нээлттэй явуулна. Байгууллага, хувь хүн нэр дэвшүүлж байгаа хүнийхээ талаар тухайн номинацид тохирсон тодорхойлолтын маягтыг бөглөж ажлын албанд албан бичгээр буюу электрон шуудангаар ирүүлнэ.

Урьдчилсан сонгон шалгаруулалт:

Нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш 5 хоногт багтаан шагнал санаачлагчдын хороо ажлын албанд ирсэн тодорхойлолтыг үндэслэн номинац тус бүрт 5 хүртэлх нэр дэвшигчийн нэр бүхий жагсаалтыг гаргана. Санаачлагчдын хороо нь тодорхойлолттой холбогдох нэмэлт тайлбар, шаардлагатай нотолгоог нэр дэвшигчээс гаргуулж авч болно.

Төгсгөлийн сонгон шалгаруулалт:

Төгсгөлийн сонгон шалгаруулалтанд оролцох нэр дэвшигчдийн нэр, товч тодорхойлолтыг үндэслэн холбогдох байгууллагуудын мэргэжлийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй шалгаруулах комиссын саналыг 70%, олон нийтийн саналыг 30%-иар тус тус үнэлэн эцсийн дүнг 12-р сард гаргана. Номинаци тус бүрт зөвхөн эхний байр эзэлсэн хүнийг шалгаруулна.

Олон нийтийн санал хураалт:

Төгсгөлийн сонгон шалгаруулалтанд оролцох нэр дэвшигчдийн талаархи мэдээллийг Интернэтэд байрлуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарласнаас хойш 15 хоногийн дотор олон нийтийн саналыг ажлын албанд электрон буюу ердийн шуудангаар хүлээн авна. Байгууллага, хувь хүмүүс тухайн номинацаар зөвхөн нэг удаа санал өгөх эрхтэй. Байгууллагын саналыг арван хүний саналтай тэнцүүлэн тооцно.

ШАЛГАРУУЛАЛТ

Доорх есөн чиглэлийн номинацад холбогдох мэргэжлийн болон дэмжих үйл ажиллагааг 2012 онд амжилттай явуулсан, явуулж буй хувь хүний нэрийг дэвшүүлэн шалгаруулна:

1. Манлайлагч
МТ-ийн салбарын ажил, үйлчилгээ эрхэлдэг байгууллагын удирдах ажилтан
2. Програм зохиогч
Компьютерийн бүх түвшний програм, мэдээллийн бааз, вэб хуудас зохиогч
3. Судлаач
Их, дээд сургуулийн багш, эрдэм шинжилгээний ажилтан, бие даасан судлаач, эрдэмтэн
4. Инженер
Микропроцессорын удирдлагатай тоног төхөөрөмж зохион бүтээгч-инженер, электроник, автоматжуулалт болон сүлжээний инженер
5. Техникч
Админ, операторч, техникч, эрдэм шинжилгээний туслах ажилтан
6. Анхдагч
МТ-ийн салбарыг Монголд үүсч хөгжихөд хувь нэмрээ оруулсан, анх удаа МТ-ийн техник, технологи нэвтрүүлсэн хувь хүн, зохион байгуулагч (Энэ номинацид он хамаарахгүй)
7. Бизнесмэн-дэмжигч
МТ-ийн бус салбарт МТ-ийг хамгийн үр дүнтэй нэвтрүүлдэг ажил хэрэгч хүн
8. Түшээ-дэмжигч
МТ-ийг хамгийн сайн дэмждэг төрийн ажилтан, албан хаагч, УИХ-ын гишүүн
9. Гадаад-дэмжигч
МТ-ийг хамгийн сайн дэмждэг гадаад улсын иргэн, олон улсын байгууллагын ажилтан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж