Тэвчээр, зорилго үнэлэгдэж байна, сагсчид аа

Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

Тэвчээр, зорилго үнэлэгдэж байна, сагсчид аа

Зорилго, зүтгэл, сэтгэл зүрхээрээ монголоо үүрсэн Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчдаараа элэг нэгт ард түмэн нь, үнэнч фэнүүд чинь бахархаж, баярлаж байна. Тэднээр бахархаж, баярлахгүй гээд ч яах билээ. Тайвань улсад болж буй сагсанбөмбөгийн оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнд Азийн сагсанбөмбөгийн спортын ноёрхолууд болох БНХАУ,БНСУ, Тайвань, Хонгконг, Филиппин мөн хүчтэй өрсөлдөгчийн тоонд нэрлэгдээгүй ч Монголын минь шигшээ багийн тамирчид  өрсөлдөж “гал” гарсан ширүүхэн тэмцэлийг өрнүүлж байна. Өнгөрсөн сарын 27нд тэмцээнд оролцохоор хилийн дээс алхсан тамирчид маань 29  нд Тайвань улсын спортын тэмцээн уралдаанд дээгүүрт өрсөлддөг Фи Жен их сургуулийн багийг 20 онооны зөрүүгээр ялж гараагаа сайхан эхлүүлсэн бол Азийн аварга шалгаруулах тэмцээний салхийг хагалж Хонгконгийн шигшээ багийн тамирчидтай тоглон 67:56  харьцаатай тэднийг өвдөг шороодуулж анхны ялалтаа авсан юм. Ингэснээр маргааш өдөр нь буюу өчигдөр Азид байтугай дэлхийд зүй ёсоор хүчтэй өрсөлдөгчийн тоонд багтдаг энэхүү тэмцээний бүр хамгийн, хамгийн хүчтэй өрсөлдөгч БНХАУ-ын шигшээ багийг “бут” ниргэж Монголын сагсан бөмбөгийн спортын түүхэнд нэгэн шинэ түүхийг бүтээлээ. Баг тамирчдын дийлэнх нь 2метрээс дээш өндөртэй хятадын шигшээ багийн тамирчид эхний хоёр үе будагтай талбайд жаахан илүүрхэх тал ажиглагдаж байсан ч, манай тамирчид тийм ч амархан бууж өгөх болоогүй, хэнийх нь толгой сайн ажилдаг вэ гэдгийг энэ тоглолтод харуулж сүүлийн хоёр үе бүх зүйлээрээ давамгайлж тоглосон юм. Дасгалжуулагч Ш.Сэдбазар, Д.Пүрэвдорж нарын нүдээ олсон мэдрэмжтэй сэлгээ, багийн тактик, холбогч О.Сэргэлэнгийн ухаалаг дамжуулалт, довтолгоон, Б.Билгүүн, Э.Цэрэнбаатар, Д.Дэлгэрням, Ц.Азбаяр, О.Очирбат, Т.Санчир,А.Энхтүвшин, А.Бямбадорж, Г.Цэнгүүнбаяр, Т.Билгүүн нарын ээлжит оноо бүр олон сая хүнээс, ур чадвартай тамирчдаас шигшигдэн гарсан  БНХАУ-ын шигшээ багийг эцсийн мөчид 70:67  харьцаатай  ялхад юугаарч орлошгүй үнэ, цэнэтэй байлаа.   Тэдний тоглолт, ялалт бүрийг үнэлээд, магтан сайшаагаад байгийн учир нь Монгол Улсын насанд хүрэгчид, залуучууд, өсвөрийн шигшээ багийн тамирчид маань 1990  оноос хойш түүхэндээ ганц ч удаа Хятадын шигээ багийг хожиж байгаагүй юм.Магадгүй энэ нь бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцөл, олон улсын тэмцээн уралдаанд оролцох санхүүгийн бэрхшээлээс шалтгаалдаг байсан байж болохч, Монголын сагсанбөмбөгийн холбоо, баг тамирчид, дасгалжуулагчид уйгагүй хөдөлмөрлөсөний үр дүнд сүүлийн үед оролцож байгаа олон улсын тэмцээн бүртээ тунч өнгөлөг байгаа.  Энэ тэмцээнд ч тэр.

Тайвань дахь Монгол оюутнууд баяр хүргэв

Хятадын шигшээ багийг ялсаны дараа манай баг тамирчдад  Тайвань болон гадаадын иргэдээс гадна тус улсад суугаа Монгол оюутнууд олноороо цуглан ирж баяр хүргэж шигшээ багийн тамирчидтай дурсгалын зураг татуулсан юм.

Тамирчдаа өрөвдсөн

Сайны хажуугаар саар зүйл ч бас байх юм. Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж манай дээд лигийн урдаа барьдаг шинэ залуу тоглогчид сонгогдон орж бэлтгэл сургуулилтаа эхлүүлсэн. Тэднээс Б.Билгүүн, Ц.Азбаяр, О.Сэргэлэн, Д.Дэлгэрням, Т.Санчир нар нас залуу ч урьд нь олон улсын тэмцээн уралдаанд оролцож байсан туршлагатай. Нэг баг болон сонгогдсон залуусыг хэсэгхэн хугацаанд зангидсан гар шиг нэгэн бие болгосон эрхмүүд нь мэдээж олон улсын хэмжээний мастер Ш.Сэдбазар, Д.Пүрэвдорж нар. Арга туршлага, тамирчдаа ойлгох мэдрэх тал дээр тэд хамгийн сайн дасгалжуулагчид. Заал танхимын хүрэлцээ муутай манайх шиг нөхцөлд багийн спорт үнэндээ л хөсөр хаягдсан. Шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээн уралдаанд оролцохдоо  спортын төв ордоны А зааланд ч бэлтгэл сургуулилт хийх эрх байдаггүй. Ёстой л хэн наашаа харна, тийшээ гүйж бор зүрхээрээ бэлтгэл сургуулилт хийсээр өдийг хүрсэн. Энэ тэмцээнд ч тэр. Сагсан бөмбөгийн холбооны тусламжтай “Алтай констракшин”-ы хамт олон Буянт –Ухаа дахь спорт цогцолборт хэсэг хугацаанд байрлуулж бэлтгэл сургуулилтад  нь анхаарч хувцас хэрэглэлээр хангасан нь тамирчдад ихээхэн дэм болсон. БНХАУ, БНСУ, гээд бусад орны тамирчид зөвхөн спортдоо  төвлөрдөг бол манай тамирчдад санаа зовох асуудал даанч их юм аа. Бэлтгэл сургуулилт, ар гэр, хичээл, сургалтын төлбөр, за тэгээд хамгийн том асуудал нь нэг тэмцээнд оролцох гэж замын зардлаа гаргана. Энэ тэмцээнд оролцсон тамирчид ч, ялгаагүй. Бүх зардал нь нийлээд нэг сая 600 мянган төгрөг. Үүнийг өөрсдөөсөө л гаргасан. Дээр нь хүний нутагт гар хоосон явах хэцүү гээд л асуудал даанч их.

Гэтэл Тайваны Тайпей хотноо байрлах буудалдаа ирээд хэсэг хугацаанд саатав. Учир нь тэмцээн зохион байгуулагч талаас буудалд байрлах мөнгө өдрийн 60 доллар төлөх шаадлага тавьсан  юм. Зардалаа яая даа гэж явсан тамирчид маань энэ их мөнгийг төлж чадахгүй, бас арайн хийн тэмцээнд оролцох гэж ирчихээд буцаад явах үнэхээр харамсалтай. Тэмцээнд оролцох гэж буй бусад орны тамирчид мөнгөө төлөөд л өрөөндөө ороод байдаг. Манай сагсчид жаахан сэтгэл гонсгор зогсож байгаа дүр зураг үнэхээр сэтгэл өвдмөөр санагдаж байсан. Аргагүйн эрхэнд орсон тамирчид маань нэг өдрийн зардлаа даан буудалдаа орсон юм. Гэтэл тэмцээний нээлтэд оролцохоор  ирсэн оюутны спорт холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан зохион байгуулагч талтай ярилцаж бусад өдрийн мөнгийг төлөхгүйгээгээр шийдэж өгсөн. Үүнд ч тамирчид баярлаж байгаа.  Болдогсон бол “орхигдсон” спортын тамирчдаа тэмцээн уралдаанд оролцоход нь замын зардлынх нь талыг  ч, болтугай шийдээд өгчихдөг бол  сайнсан. Энэ талын зүйлийг шинээр байгуулагдсан яамны удирдлагууд дор бүрнээ бодож нэгийг тунгааж байгаа гэдэгт итгэдэг л юм. Эхнээсээ ч тэд амлаад л байгаа л даа. Багийн спортыг хөгжүүлнэ, шигшээ багийг барьж ажиллана гээд л… Ахиад мартагдчихвал яана аа л гэж бодох юм. Багийн спорт, сагсанбөмбөгийн спортоо дэмжээд ирвэл амжилт тун ойрхон байна шүү, сайд дарга нар аа.

Үнэлэгдэнэ ээ

 Сагсан бөмбөгийн тамирчдын уйгагүй хөдөлмөрийн үр дүн энэ тэмцээнд үнэлэгдэх нь гарцаагүй. Баг тамирчдад маань өдөр болгон шийдвэрлэх тоглолт ирж байна. Түүнийхээ хэрээр бэлтгэл сургуулилтаа ч уйгагүй базааж, тоглолт бүрт маш ихээр  төвлөрч байгаа. Өнөөдөр тэдний хувьд тэмцээний цорын ганц өнгөт арьст тоглогчтой, Филиппины шигшээ багтай тоглоно. Хоёр багийн адил төстэй зүйл нь биеийн өндөр. Филиппины шигшээ багийн хамгийн нуруулаг тоглогч 198  байхад  манай шигшээ багийн тоглогч, дээд лигийн “TLG13” багийн лидер Э.Цэрэнбаатар түүнтэй адил өндөртэй юм. Мөн бусад тамирчдын тухайд ч биеийн өндөр дүйцэхүйц байгаа аж.

Т.АЗ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж