Инфляцийг оны төгсгөлд найман хувьд хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

Инфляцийг оны төгсгөлд найман хувьд хүргэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын  тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, С.Бямбацогт нар “Ирэх онд инфляцийг үнэхээр найман хувь руу буулгаж, нэг оронтой тоонд барих төв банкны амлалт хэрэгжих боломжтой юу” гэдэгт хариулт хүсэв. Төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан  “Инфляцийг найман хувд хүргэх бүрэн боломжтой. Гэхдээ оны төгсгөлд инфляци найман хувь руу орно гэж ойлгох ёстой.  Нөхцөл байдлын хувьд амаргүй байгаа, тухайлбал, 2013 онд Оюутолгойн экспорт бүрэн хэмжээгээр эхэлнэ гэж хүлээж байсан ч хойшлогдсон. Тэгэхдээ ирэх онд өмнөх оных шиг халамжийн сувгаар мөнгө нийлүүлэх биш, хөрөнгө оруулалтын чиглэлээр мөнгөний нийлүүлэлт ихсэх орон зай гарна. Тэр нь нэлээд эерэг үр дүн дагуулна гэж үзэж байна. Нөгөө талаас Оюутолгой компани бүтээгдэхүүнээ  2014 оноос экспортод гаргаад эхлэхээр валютын орлого нэмэгдэнэ. Гадаад худалдааны балансад ч эерэг хандлага гарна, гагцхүү цаг хугацааны асуудал байгаа” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, хямрал ирж байгаа хүнд үед цалин, тэтгэврийг нэмэхгүйгээр зөвхөн инфляцитай ноцолдож, найман хувьд хүргэнэ гэж хатуу зорилго тавих нь эргээд сөрөг үр дагавар дагуулж мэдэх талтайг хаа хаанаа анхаарах ёстой” гэж байлаа. Ингээд асуулт, хариулт дууссаны дараа ажлын хэсгээс оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалгаж дуусгаснаар мөнгөний бодлогын анхны хэлэлцүүлгийг дуусгаж, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Дашрамд сануулахад, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн хамгийн эхний асуудал болох Компанийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 04 дүгээр дүгнэлтийг гишүүд сонссон ч  шийдвэр гаргасангүй.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж