
УИХ-ын нэгэн сонирхолтой гишүүн байна аа. Тэр нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүн О.Баасанхүү. тэр намаа, намын даргаа хамгаална. Бүр юу ч гэж хэлж, яахаас ч буцахгүй. Дээрээс нь барилгын салбарт болохгүй байгаа зүйл дээр ажиллана. Хэн нэгнийг өмөөрч байр сууриа илэрхийлнэ. Ямарваа нэгэн анхаарал татсан үйл явдлын дараа О.Баасанхүү гишүүн тайлбар хийгээд л сууж байдаг. Энэ нь түүний хаяж чаддаггүй зан гэлтэй. Яах вэ, тэр хааяа зөв зүйл ярьдаг. Гэхдээ түүний хэлсэн үгс цөөнгүй тохиолдолд бусдад балаг тарьж байх шиг. Одоо Монголбанкны дэд ерөнхийлөгч болчихоод буй Э.Батшугарын цэргийн алба хаасан, хаагаагүй гэдэг анхаарлын төвд байсан тэр үед О.Баасанхүү гишүүн “Батлан хамгаалахын яамнаас түүний цэргийн алба хаасныг баталсан. Бичиг нь надад байгаа. Гэхдээ одоо харуулахгүй” гэж жишим ч үгүй худлаа ярьж билээ. МАХН-ынхан болон батлан хамгаалах яамныхнаас энэ бичгийн талаар асууж сонирхож эхлэх үед намынхан нь “Яг үнэндээ ийм бичиг байхгүй” гэдгийг нүүрээ улалзуулан байж хэлсэн. Намынх нь нөхөр албан тушаалаа ашиглан Интерпол руу захидал явуулсан хэрэгт буруутгагдаж байгаа энэ үед О.Баасанхүү гишүүн дахиад л балагтай зүйл ярьж эхэллээ. Тэр “МАХН-ын харьяалалтай улс төрийн албан тушаалтанууд Интерполд захиа явуулах шийдвэрийг “Шударга ёс” эвслийн зүгээс гаргасан” гэх нь тэр. Түүний хэлж буйгаар Л.Цог, Д.Тэрбишдавга, З.Баянсэлэнгэ нар ч удахгүй Интерполд захидал илгээх бололтой юм. Үүнээс нь үүдэн О.Баасанхүү гишүүний ярьсныг уншсан АТГ-ынхан намынх нь бусад нөхцлийг ч “Албан тушаалаа урвуулан ашиглахаар үгсэн хуйвалдсан” гээд эрүүгийн хэрэгт татах вий дээ. Тэр энэ янзаараа төрд ч, түмэнд ч, намдаа ч балаг тарьж мэдэх л юм.
Сэтгүүлч: Т.УРАНГЭРЭЛЭх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин
