”Гол буруутан нь ах, дүү Кличко”

Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

”Гол буруутан нь ах, дүү Кличко”

Мэргэжлийн бокс сонирхолгүй болсны гол буруутан нь ах, дүү Кличко

Мэргэжлийн боксын хүнд жингийн тулаан үзэгчдийн сонирхлыг татах нь эрс багасчээ. Хэдэн жилийн өмнө Майк Тайсон, Леннокс Льюис, Эвандер Холифилд нарыг гялалзаж байх үед энэ спорт ид хүчээ авсан. Харин өдгөө хүнд жинд Украины ах, дүү боксчин Виталий болон Владимир Кличко нар бүрэн ноёрхоод байна. Виталийд WBC, Владимирт WBA, IBF, WBO, IBO холбооны аваргын бүс бий. Гэхдээ асуудлын гол үүнд биш, тэд өрсөлдөгчөөрөө сулхан нөхдүүдийг сонгодогт оршиж буй юм.

Энэ оны есдүгээр сарын 8-нд ОХУ-ын нийслэл Москвад болсон тулаанд ах Кличко Мануэль Чарр хэмээх “сураггүй гар”-ыг дөрөвдүгээр үед нам цохин унагаж, WBC холбооны аварга цолоо хамгаалж үлдсэн. Ливан цустай ч Германы паспорттой Чарр тоглолтын өмнө “Би Виталийг тэтгэвэрт нь гаргаж, германчуудад дэлхийн аварга цолыг домогт Макс Шмелингийн дараа авчрах болно” гэж том дуугарсан удаатай. Мэдээж Виталий энэ байтугай зүйлийг сонсч байсан болохоор тоогоогүй. Харин ч Чаррыг хялбархан зууш болгож дөнгөхөө сайн мэдэж байсан болохоор хөх инээд нь хүрч байсан биз. Тулааны өмнө Кличко өрсөлдөгчийнхөө зурагт плакатыг хоёр гартаа барьж инээмсэглэн зогссон нь Чаррыг үүнтэй адил хөнгөхөн өрсөлдөгч гэх бодлыг олон хүнд төрүүлсэн юм. Мэргэжлийн бокст санаанд оромгүй зүйл тохиолдох нь элбэг. Гэхдээ олонхийн таамаглаж байсанчлан Виталий энэхүү тоглолтод хялбар ялсан. Украины ах, дүү боксчид энэ мэтчилэн “Хөнгөн зууш” “зоог­лосоор” буйд олон хүн шүүмжлэлтэй ханддаг.

Ийм хүмүүсийн нэг нь мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Леннокс Льюис. Тэрбээр 2003 оны зургадугаар сарын 21-нд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын алдарт “Стэйплс Центр”-т Виталийтай тулалдаж, техникийн нокаутаар ялснаар WBC, IBO холбооны аварга цолоо хадгалж, үүнээс жилийн дараа зодог тайлсан юм. Льюисийнхээр бол одоогоор мэргэжлийн боксын хүнд жин үхмэл байдалтай байгаа бөгөөд сэхэх найдвар тун бага гэнэ. Тэрбээр үүний гол буруутнаар ах, дүү Кличко болон түүний өрсөлдөгчдийн нэрлэсэн юм. Льюис “Кличко нарын өрсөлдөгч суларсаар байна. Тэдний дунд миний бэлтгэлийг ядаж нэг удаа хангаж байсан хүн ч алга. Ах, дүү хоёр зөвхөн хэвтэвчээ зузаалахыг зорьж буй болохоос үзэгчдийн хүссэн жинхэнэ өрсөлдөөн үзүүлэх тухай бодохгүй байна” хэмээн шүүмжилсэн. Льюис өөрт нь 100 сая ам.доллар амалбал 47 настайгаа мартаад мэргэжлийн бокстоо эргэн ирэхээ мэдэгдсэн.

Боксын мэргэжилтнүүд украин залуусын тухай “Тэд Дэвид Хэй, Томаш Адамек, Жан-Марк Мормек зэрэг сулхан боксчидоос гадна Дерек Чисора гэх мэт сураггүйчүүдийг зориуд сонгодог. Өрсөлдөгчид нь олигтойхон цохилт ч хийж чаддаггүй. Тэгж байтал шүүгч тоглолтыг зогсоож, ялалтыг Кличкод өгдөг. Энэ бол үнэхээр уйтгартай. Шилдэг боксчинг хайж, сонирхолтой тоглолт хийхийг орол­дох хэрэгтэй. Иймэрхүү цирк тоглох хэрэггүй” хэмээсэн. Тэдний зарим өрсөлдөгч дэндүү сулхан байдгаас болж тулаан ахархан хугацаанд болж өнгөрдөг нь өндөр үнэтэй тасалбар худалдаж авсан үзэгчдэд таалагддаггүй. Намхан, техник муутай, удаан хөдөлгөөнтэй өрсөлдөгчдөө ёстой амьд мишок болгодог. “Мэргэжлийн боксын хүнд жин амтгүй болсон” гэх шүүмжлэл тэдний чихэнд хүрч байгаа биз ээ.
Виталий дээр дурдсан Мануэль Чаррыг нам цохисныхоо дараа зодог тайлахаа мэдэгдсэн. Харин дүү Владимир нь үргэлжлүүлэн тулалдана. Түүний хамгийн ойрын тулаан энэ сарын 10-нд Германы Хамбург хотод болох бөгөөд өрсөл­дөгч нь Мариуш Вах. Энэхүү польш эр найман жилийн өмнө түүний бэлтгэл хангагч байсан. Тэрбээр Владимираас өндөр анхны өрсөлдөгч нь болж байгаа ч энэ бүхэн тулааныг сонирхолтой болгож чадахгүйг мэргэжилтүүд онцолж буй. Учир нь Вах замналынхаа турш 12-оос илүү үе тоглож байгаагүй гэнэ. Тиймээс Владимир энэхүү тоглолтыг бус дараагийн сулхан өрсөлдөгчөөрөө хэнийг сонгох тухай бодож буй биз ээ.

Д.ЕСҮХЭЙ
Эх сурвалж: ӨДРИЙН ШУУДАН сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж