-Ирэх оны мөнгөний бодлогын асуудлыг УИХ-аар хэлэлцэж байна. Тэгэхээр хоёулаа 2013 оны үндсэн чиглэлийн талаар яриагаа эхлэх үү?
-Бид энэ оны мөнгөний бодлогын хэрэгжилтийн явц болон ирэх онд хэрэгжүүлэх бодлогын саналын төслөө УИХ-д танилцуулсан. Энэ оны хувьд өмнөх жилүүдээс хоёр асуудлаар шинэлэг байгаа. Нэгдүгээрт, Засгийн газартай хамтран тусгайлсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийлүүлэлтийн гаралтай инфляцийг дунд хугацаанд хязгаарлах замаар инфляцийг тогтворжуулна гэсэн зорилтыг тавьж байна. Хоёрдугаарт банкны салбарын эрсдэл даах, эдийн засгийн хурдацтай өсөлтийг шингээх чадварыг сайжруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх замаар банкны салбарын тогтвортой байдлыг хангана. Сая хэлсэн энэ арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр дунд хугацаанд эдийн засаг тогтвортой өсч, нийгмийн амьжиргаа дээшлэх боломжтой болно.
-Өнгөрсөн жилүүдийн үндсэн чиглэлд инфляцийг нэг оронтой тоонд барих зорилт голчлон тавьдаг байсан, энэ заалт хэвээрээ юу?
-Энэ заалт сая миний хэлсэн макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилтод агуулагдаж байгаа. Учир нь үнийн тогтвортой байдлыг хангах нь Төвбанкны зүгээс эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоход оруулж буй үндсэн хувь нэмэр болж өгдөг. Тийм ч учраас Монголбанк үндсэн зорилтынхоо хүрээнд төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд дотоодын үнийн өсөлтийг тодорхой төвшинд тогтвортой барих зорилго тавьж ажилласаар ирсэн. Гэвч Монголбанкнаас тухайн зорилтын хүрээнд авч хэрэгжүүлж буй мөнгөний бодлогын хэрэгслүүдийн үйлчлэх хүрээ хязгаарлагдмал буюу зөвхөн эрэлтийн шинж чанартай инфляцийг тогтвортой түвшинд байлгахад чиглэдэг. Харин бодит байдал дээр Төвбанкны бодлогын арга хэрэгслээр зохицуулах боломж багатай, нийлүүлэлтийн шинж чанартай буюу мах, гурил, шатахуун, цахилгаан дулааны үнийн өсөлт болон импортоор авч буй барааны үнийн өсөлт инфляцийн өсөлтийг голлон тодорхойлох болсон. Иймээс Монголбанк эрэлтийн шинжтэй инфляцийг бага байлгахаас гадна Засгийн газартай хамтран нийлүүлэлтийн шинж чанартай инфляцийн нөлөөллийг хязгаарлах чиглэлд хамтран ажиллах зорилтыг нэмж тусгасан. Энэ чиглэлээр зохих ажлууд хийгдэж эхлээд байгаа. Таны асуусан зорилтот төвшний хувьд дээрх бодлогыг хэрэгжүүлснээр 2013 онд инфляцийг найман хувиас хэтрүүлэхгүй, 2014-2015 онуудад 5-7 хувийн түвшинд байлгах зорилт тавьсан.
-Инфляц буурах нь иргэдийн бодит худалдан авах чадварыг нэмэгдүүлэх ч зээлийн хүү өндөр байгаа тохиолдолд эргээд бараа бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдэлтэй. Ард иргэдийн дунд зээлийн хүү өндөр байгаа тухай яриа байнга гардаг. Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах чиглэлээр ямар бодлого баримталж байгаа вэ?
-Зээлийн хүүг бууруулах асуудал нь үндсэндээ инфляцийг бууруулах мөнгөний бодлогын зорилтын нэг хэсэг юм. Миний сая ярьсан инфляцийг тогтвортой, бага төвшинд барих зорилтыг хангаснаар зээлийн хүүг бууруулах нөхцөл өөрөө бүрдэнэ. Түүнчлэн бид ирэх оны үндсэн чиглэлдээ зээлийн хүүг бууруулахад чиглэсэн хэд хэдэн ажил тусгасны нэг нь барьцаа хөрөнгийн эрхзүйн орчныг шинэчлэх ажил юм. Энэ ажил хэрэгжсэнээр банкууд зээлийн барьцаа хөрөнгийг зарцуулахад үүсдэг хүндрэлүүдийг хуулийн хүрээнд илүү түргэн шуурхай шийдвэрлэж, банкны үндсэн үйл ажиллагаа түргэн шуурхай явагдах, санхүүгийн сахилга бат сайжирч, банкны системийн эрсдэл буурч, улмаар зээлийн хүү буурах нөхцөл бүрдэх юм. Мөн уржигдар зээлийн батлан даалтын сан байгуулахаар харилцан тохиролцож, холбогдох байгууллагууд санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус сан байгуулагдсанаар жижиг дунд бизнес эрхлэгчид зээл авахад гардаг барьцаа хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх чухал ач холбогдолтойгоос гадна бусад орнуудын туршлагаас харахад энэ төрлийн механизм хэрэгжсэнээр зээлийн эрсдлэл багасч, хүү буурдаг нь анзаарагдсан.
-Үндсэн чиглэлд тусгагдсан дээрх зорилтууд хэзээ үр дүн нь мэдрэгдэж, зээлийн хүү буурах вэ. Бодлогын хүүг бууруулах боломжтой талаар Н.Золжаргал ерөнхийлөгч мэдэгдсэн. Бодлогын хүү буурахаар зээлийн хүү буурах уу?
-Хугацааг нарийн хэлэхэд хэцүү, үүнд дотоод гадаад эдийн засгийн орчин, Монголбанкнаас гадна төрийн бусад байгууллагын хэрэгжүүлж буй бодлого, хувийн хэвшлийн үйл ажиллагаа, иргэдийн хүлээлт гэх мэт олон хүчин зүйл нөлөөлнө. Тэгэхээр макро эдийн засгийн суурь бүтцийг сайжруулах, тогтвортой өндөр өсөлтийг хангахад чиглэгдсэн цогц бодлого хэрэгжүүлж байж үр дүн нь гарна. Монголбанкны зүгээс эдийн засаг дахь эрэлт, нийлүүлэлтийн шокын инфляц, эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө хэр удаан үргэлжлэхийг шинжилж үзсэний үндсэнд ирээдүйг харсан мөнгөний бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, төсвийн бодлого богино хугацаанд хэт тэлэх нь эдийн засгийн хэт халалтыг бий болгож, эрэлтийн шалтгаантай өндөр инфляцийг бий болгоно. Иймд мөнгөний бодлогыг чангаруулж эдийн засгийн идэвхжилийг сулруулах замаар инфляцийн дарамтыг бууруулахад хүргэдэг. Харин нийлүүлэлтийн шокын үед инфляц болон үйлдвэрлэл нь эсрэг чиглэлд өөрчлөгдөж энэ нь мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулдаг. Нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийг мөнгөний бодлогоор бууруулах гэж оролдох нь эдийн засгийн өсөлтийг сааруулах нөлөөтэй гэж үзэж байна. Тиймээс бодлогын хүүг бууруулахаас өмнө инфляцийг үүсгээд байгаа суурь шалтгааныг эмчлэх арга хэмжээ хэрэгжүүлэх нь зүйтэй. Энэ чиглэлээр бид Засгийн газартай хамтран ажиллах санамж бичгийг байгуулж холбогдох ажлуудыг эхлүүлээд байна.
-Санамж бичигт ямар ажлууд тусгагдсан бэ?
-Санамж бичигт түрүүнд хэлсэн нийлүүлэлтийн гаралтай инфляцийг дунд хугацаанд нам, тогтвортой төвшинд байлгах зорилтын хүрээнд хийгдэх ажлуудыг тусгасан. Мөн санамж бичгийн хүрээнд Монголбанк Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай хамтран хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр, Уул уурхайн яамтай хамтран шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр, Зам, тээврийн яамтай хамтран өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах дэд хөтөлбөрүүдийг батлан ажил хэрэг болгох талд хамтран ажиллаж байна. Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамтыг дунд хугацаанд бууруулж, инфляцийг нам, тогтвортой төвшинд байлгахын зэрэгцээ шатахуун, тээвэр логистикийн салбарын зах зээлийн үр ашиг, үнийн механизм ажиллах нөхцөлийг сайжруулах, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, нийлүүлэлтийн найдвартай, тасралтгүй, байнгын ажиллах үр ашигтай тогтолцоог бүрдүүлэх, эрчимжсэн аж ахуйн хөгжлийг дэмжих зэрэг олон ач холбогдолтой юм. Санамж бичгээс гадна Засгийн газартай Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн үйл ажиллагааг жигдрүүлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг олон улсын шаардлагад нийцүүлэх болон бусад олон ажилд хамтран ажиллахаар тохиролцоод байна.
-Арилжааны банкуудын дүрмийн санг нэмэгдүүлнэ гэсэн мэдээлэл гарсан. Энэ нь ямар ач холбогдолтой вэ?
-Банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх бодлогын хүрээнд системийн ач холбогдол бүхий банкуудын зохистой харьцааны шаардлагыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Цаашид дээрх шаардлагын хэрэгжилтийг хангуулахаар ажиллана. Энэ нь банкуудын өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг нэмэгдүүлэн салбарын эрсдэл даах чадварыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.
-Сүүлийн үед валютын ханш сулрах хандлагатай байгаа. Ханшийн талаар Монголбанкнаас баримтлах бодлогод өөрчлөлт орсон уу?
-Монголбанкны зүгээс нэгдүгээрт, төгрөгийн ам.доллартай харьцах ханш нь зах зээлийн суурь хүчин зүйлстэйгээ нийцтэй уян хатан тогтож байх, хоёрдугаарт, богино хугацаанд эрэлт, нийлүүлэлт хэт их зөрүүтэй,зах зээл түүнийг хурдан зохицуулж чадахгүй эсвэл хүлээлтийн эрс өөрчлөлтөөс ханш огцом хэлбэлзэх үед интервенц хийх гэсэн маш тодорхой бодлогыг баримталсаар ирсэн, цаашид ч энэ бодлогоо үргэлжлүүлэн баримтална.
-Монголбанк Мөнгөний бодлогын зөвлөлтэй боллоо. Төрөөс баримтлах мөнгөний бодлогыг боловсруулахад гадны судлаачдын санаа оноо тусна гэсэн үг үү?
-Тэгэлгүй яахав. Уг зөвлөлийн онцлог нь мөнгөний бодлогын шийдвэр гаргалтад гаднаас оролцох хараат бус гишүүдийн тоог нэмсэн төдийгүй цаашид ч уян хатнаар нэмэх бодлого баримтална. Мөнгөний бодлоготой холбоотой бүх шийдвэрүүд Мөнгөний бодлогын зөвлөлөөс гарч байх бөгөөд зөвлөлийн гишүүдийн бодлогын шийдвэрийн талаарх саналыг олон нийтэд нээлттэй хүргэдэг механизмыг хэрэгжүүлнэ.