-Та Черногор дахь олон тэрбум долларын төслөө дэлхийн эдийн засагт хямрал ид гаарч байх үед эхлүүлсэн нь сонин санагдаж байлаа?
-Сүүлийн 15-20 жилд олон зүйл үнэд орсны нэг нь зуны амралт юм. Ялангуяа далайн амралтууд. Хүмүүсийн тэтгэврийн нас наашлаад, амралтанд тэр дундаа дарвуулт завин дээр амрахад мөнгө зарцуулах нь нэмэгдсэн байна.
Ер нь энэ төрлийн амралт хэзээд эрэлт ихтэй байдаг л даа. Яагаад гэвэл дарвуулт завь гэдэг бол эрх чөлөө юм. Дарвуулт завинд ганц нэгээрээ, эсвэл найз нөхөдтэйгээ нийлж суугаад дуртай зүгтээ явж болно. Зочид буудалд хэвтэж байхтай харьцуулах ч юм биш. Тийм учраас тэтгэвэртээ гарсан, эсвэл зүгээр л амралтаа авсан хүмүүс энэ төрлийн амралтыг сонгох нь улам бүр олширч байна. Сүүлийн зургаан жилд Европт дарвуулт завины тоо хоёр дахин нэмэгдсэн. Гэтэл зогсоол нь хэвээрээ байдаг. Хамгийн их хүн очдог зогсоол Испани, Франц, Италид бий. Гэхдээ 30-40 жилийн настай, өргөтгөх аргагүй болчихсон. Тэгэхлээр зогсоол эрэлт ихтэй. Шинээр бий болж байгаа хэд нь хаа байсан Дубай, Александрт (Египет) байна. Вена, Варшавын дарвуулт завьтнууд тийшээ очиход хол учраас ойрхон газар хэрэгтэй байдаг. Тэгвэл ганц таарах газар нь аль вэ гэвэл Черногор юм. Эндээс Итали, Хорват, Грек хүрэхэд саахалтын газар. Тэгэхлээр миний төсөл ирээдүйтэй гэхэд ч багадахаар байгаа биз.
-Үйлчлүүлэгчид тань хямралаас холуур байж чадах уу?
-Зогсоолын эрэлт өнөөдөр туйлын өндөр байгаа нь баримт юм. Яах вэ, дарвуулт завины тоо буурлаа гэхэд юм нэг их өөрчлөгдөхгүй. Нэг нь дампуураад завиа зарсан байлаа гэхэд нөгөө нь тэрийг худалдаж авсан л байж таарна шүү дээ.
-Өмнө нь хүн нэг их очдоггүй байсан газар луу хүмүүс хошуураад байхгүй юм биш үү?
-Бид хорвоогийн хамаг завьтныг хамаад ирж чадахгүй нь мэдээж, тэгэх хэрэгцээ ч одоогоор байхгүй. Гэхдээ үйлчлүүлэгч олдохгүйн зовлон үгүй. Бодоод үз дээ, 50 метр урттай дарвуулт завийг Итали, Францад нэг жил зогсоолд тавихад 1.5 сая доллар. Манайх бол 200 мянга. Дарвуулт завийг хүмүүс ажиллуулна аа даа? Ахмад, багийнхан, үйлчлэгчид гээд дор хаяж таван хүн. Р.Абрамовичийнх гэхэд 20 хүнтэй. Тэднийг бүтэн жил цалинжуулна, эзэн нь чи байлаа гэхэд завин дээрээ байсан байгаагүй нь хамаагүй. За тэгвэл Черногорт таван еворогоор нэг удаа дажгүй аятайхан хооллочихож болно. Ийм мөнгөөр Монакод ганц аяга шар айраг л авах байх. Черногор бол Ницца шиг тансаг газар биш, гэхдээ загасчдын жирийн сайхан хоолны газар зөндөө, өдөр бүр шинэ загастай. Чинээлэг хүмүүс тэтгэвэртээ гараад юм уу, амрахаараа эгэл борог амьдралд орохыг тэмүүлдэг, тэгвэл Черногор бол яг тийм л газар.
-Та Унгарт төрсөн хүн. Зүүн Европт бизнесээ нээсэн тань үүнтэй холбоотой юу?
-Яахав, Черногор бол 1918 он хүртэл Австри-Унгарын эзэнт улсын бүрэлдэхүүнд байсан нь үнэн. Өөрөөр ямар ч холбоо байхгүй. Ер нь бол би өөрийгөө канад хүн гэж үздэг, тэгээд ч хувийн иймэрхүү шалтгаанаар бизнесээ сонгодоггүй. Мөнгө хийх сайхан боломж гарлаа гэж үзээд л тийшээ орсон, бизнест миний удирдлага болгодог ганц зүйл бол ердөө энэ. Би төслийнхөө ирээдүй ямар байхыг алган дээр тавьсан юм шиг харж байна. 1965 онд дарвуулт завины жуулчлал Сардинид дөнгөж хөгжиж эхлэхэд зогсоол долоо хоногийн хэдхэн пенсийн үнэтэй байсан, одоо бол 20 мянган евро.
-Зогсоол байгуулах газраа та яаж олсон бэ?
-2005 онд Черногор тусгаар тогтнох гэж байхад эрх баригчид нь гаднын хөрөнгө оруулагчдыг идэвхтэй хайсан юм. Польш, Словак, Орост хөрөнгө оруулсан болохоор нь надад хандсан. Эхлээд би нэг их тоогоогүй юм. Дараахан нь ерөнхий сайд Мило Жукановичтой уулзахад надад далайн эрэг үзүүлэх гэж нисдэг тэрэг гаргаж өглөө. Эрт цагийн Монако гэмээр газрыг тэгэхэд л үзсэн дээ. Үзэсгэлэнтэй сайхан, гэхдээ эзгүй усан буудалд нь Зөвлөлтийн далайн цэргийн бааз байх үеийн зэвэнд идүүлсэн Оросын хэдэн онгоц л байсан. Нисдэг тэрэгнээс буугаад би М.Жукановичэд санал тавилаа. Би мөнгө оруулья, та нар дэлхийн өнцөг булан бүрээс дарвуулт завь ирэхэд таатай байхаар хуулиа зөөлрүүл гэж. Тэгээд би төлдөг юмыг нь бэлнээр өөрөөсөө төлсөн. Надтай адилаар дарвуулт завинд дурладаг, ийм ажилд мөнгө зээлэх найзууд маань байсан. Тэгэхлээр банкнаас зээл авах хэрэггүй гэсэн үг, ялангуяа хямралын үед энэ их чухал шүү.
-Тантай энэ төсөлд хамтарсан Оросын тэрбумтан Олег Дерипаска хямралаас болж нэлээд зүйлээ алдсан, энэ нь танд төвөгтэй байсангүй юу?
-Огтхон ч үгүй. О.Дерипаска алдлаа алдлаа гээд 16.4 тэрбумтай үлдсэн, харин манай төсөлд оролцсон хувь нь ердөө 6.5 юм. Тэгэхлээр миний хамтрагч дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад 10-т байна уу, 46-д байна уу, ердөө хамаагүй. О.Дерипаска бид нар эртний сайн нөхөд, би компанийнх нь ТУЗ-д ч байдаг. Энэ төслийн хувьд түүний залуу хүн гэдэг нь надад чухал байсан юм. “Porto Montenegrо” бол ирээдүйн шинжтэй төсөл болохоор л би залуучуудыг “уруу татсан” хэрэг. Лорд Ротшильдын хүү, миний хүү тэгээд О.Дерипаска.
-Та гол хүмүүсээ ямар шалгуураар авдаг вэ?
-Юуны өмнө мэргэжлийн ур чадвар. Тэгээд хор шар, амжилтандаа итгэх итгэл.
-Хямралаас болж алтны үнэ тэнгэрт хадав аа?
-Тэглээ, хямрал бидэнд бол ашигтай л байна. Гэхдээ хямрал дуусахаар яахав, үнэ буурна биз дээ? Ер нь юм хэзээд ийм л байдаг. Үнэ өсөөд ирэхээр, хүнд үе дуусахыг хүлээж сурах хэрэгтэй. Алт мөнгөтэй зууралддаг бидний хувьд юм хоржоонтой байх юм. Хавийн амьтан хямралаас гараад, юм нь цэгцрээд, цэцэглээд эхлэх тэр үед бидний хямрал ирдэг гэж.
-Хямралаас болоод хүмүүс чөлөөт зах зээлд шүүмжлэлтэй ханддаг болжээ. Ингээд ирэхээр социалист үзэл санаа толгойгоо өндийлгөхгүй юу?
-Юу гэмээр юм бэ дээ. Би өөрөө чөлөөт эдийн засгийг шүтдэг хүн. Гэтэл маш олон хүн, тэр дундаа олон олон ухаантай хүн надтай санал нийлдэггүй. Социализм гэдэг бол хачин сайхан санаа, гэхдээ нийт олныг хөгжил цэцэглэлтэд хэзээ ч хүргэдэггүй, харин ч ядууралд түлхдэг гэж би үздэг. Капитализмд дутуу дулимаг юм өчнөөн бий нь үнэн, гэхдээ энэ нь социализмыг түүнээс илүү гэх үндэс яагаад ч болж чадахгүй. Чөлөөт зах зээлийн үзэл санаа туйлын хүчтэй АНУ, Канадад хүртэл хямрал олон хүнийг эргэлзэж тээнэгэлзэх, цухалдаж бухимдахад хүргэсэн. Чөлөөт зах зээл гэдэг бол хүнийг баян болгож өгдөг машин гэж тэдгээр хүмүүс бодсон юм шиг байгаа юм. Тэгвэл тийм биш юм. Социализм ч мөн адил. Хүнд сурталтнууд баялгийг хуваарилдаг болохоос бий болгодоггүй. Тэгэхлээр капитализмгүйгээр урагшаа явна гэдэг хаана ч, хэзээ ч бүтэшгүй зүйл шүү.
Эх сурвалж: ӨДРИЙН ШУУДАН сонин