Бон Жови гэр рүүгээ яарчээ

Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

Бон Жови гэр рүүгээ яарчээ

Хөгжмийн ертөнцийн супер од, Америкийн алдарт “Bon Jovi” рок хамтлагийн дуучин Бон Жови ирэх оны хоёрдугаар сараас Европын орнуудаар хийх аялан тоглолтоо сурталчлах ажлаар Лондонд саатаад байжээ. Гэвч Бон Жови АНУ-ын зүүн эргийг Сэнди хар салхи ниргэж, ихээхэн хохирол, гамшиг дагуулаад буйтай холбоотойгоор ажлаа цуцалж, гэр рүүгээ яаран ниссэн байна. Хэдийгээр тэрээр Манхэттенд амьдардаг эхнэр хүүхдүүдтэйгээ уулзахаар ихэд яарч байсан ч хар салхины улмаас нисэх онгоцны нислэгүүд цуцлагдан өчигдөр л гэр бүлтэйгээ уулзсан байна. Бон Жови “Би гэртээ яаралтай буцаж очиж эхнэр, хүүхдүүдтэйгээ уулзах хэрэгтэй байна. Би энэ хүнд хэцүү үед гэр бүлийнхэнтэй хамт байх хэрэгтэй. Гэр бүлийнхэн маань аюулгүй байгаад бурхандаа баярлалаа” гэжээ. Өдгөө 54 настай алдарт дуучны 24 сая ам.доллараар үнэлэгдэх гэр нь хар салхинаас болж өнгөрсөн даваа гаригийн шөнөөс хойш гэрэл цахилгаангүй болсон бөгөөд тэрээр гэртээ цахилгаан үүсгүүр авч очсон байна. Мөн тэрээр өөрийн төрсөн хот Нью-Жерсигийн Пэрт Эмбойгийн хар салхины гамшигт өртсөн иргэдэд туслаж, хотоо цэвэрлэх ажилд гар бие оролцохоо мэдэгджээ. Түүнчлэн Бон Жовигийн “Soul Kitchen” ресторан болон “Jon Bon Jovi Soul Foundation”  буяны байгууллагаас гамшигт өртсөн хотуудын иргэдэд хоол хүнс, эд материалын тусламж үзүүлэх гэнэ. Дуучин Бо Жови эхнэр Доротитойгоо 1989 онд Лас-Вегас хотноо нууцлаг байдлаар хуримласан бөгөөд тэд дөрвөн хүүхэдтэй юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж