Энэ жил сонгодог урлагт олон гайхалтай, онцгой үйл явдлууд тохиож байгаагийн хамгийн онцгой бөгөөд гайхалтай нь Оросын шилдгүүдийн айлчлал гэж хэлж болно. Саяхан өвөл цагийн нээлтээ буюу уран бүтээлийн 50 дахь улирлын нээлтээ алдарт хүчирхэг “Стартак” балетаар нээж байсан театрын хамт олон өчигдөр гадны нэр хүндтэй зочдоо хүлээн авлаа. Театр 50 жилийн ойдоо зориулан үзэгчдэд барьж буй хамгийн том бэлэг бол Оросын балетчдын тоглолт. Тэр тусмаа Оросын шилдгүүд Монголын тайзнаа шилдэг бүтээлээ толилуулна гэдэг сонгодог урлаг сонирхогч, шүтэн бишрэгчдийн хувьд жинхэнэ гайхамшиг гэж хэлэхээс өөр аргагүй.
Хэдийгээр ердөө маргааш тоглолт нь болох гэж байгаа ч хэвлэлийнхний хувьд тэдний бэлтгэлийг ч болтугай харахыг тэсгэл алдан хүлээх нь зүй. Алдарт бүжигчдийн эхний бэлтгэлийг харах гэсэн яаруу хүсэлдээ хөтлөгдөн дуурийн театрын ягаан байрыг зориход миний ижил яарсан хэвлэлийнхэн ч бас ирчихэж. Боломж олддог сон бол тэдний бэлтгэлийг ч болтугай харах гэж сонгодог урлаг шүтэн бишрэгч хэн болгон хүсэх нь аргагүй.
Дуурийн театрын ажилчдын даруухаан хаалгаар ороход нэг давхраас дөрвөн давхрын балетын заал хүртэл цагаан цаасан дээр оросоор "балетний зал" хэмээн бичиж сум зуран заасан бичиг хөтөлнө. Театрынхан Орос зочдоо бэлтгэлийн заалаа төвөггүй олоход нь зориулан ийм бичиг хадсан бололтой. Заасан суманд хөтлөгдөн явсаар балетын зааланд тулж очвол хэдийнэ арав гаруй балетчид ирчихсэн бие халаалтаа хийж байгаа харагдав. Харин үүдэд нь “Рус Арт” продюссерийн компанийн захирал Анастасия Коваленко туслахын хамт зогсон тэнд цугласан хэвлэл мэдээллийнхэнд хандан оросоор “Одоо бэлтгэл хараахан эхлээгүй байна. Хэвлэл, мэдээллийнхэн цуглахаар бөөнөөр нь оруулж, бэлтгэлийн үед 5 минут бичлэг хийн зураг авч болно. Гэхдээ бэлтгэлийн зааланд гуталтай орохгүй шүү. Тэд бэлтгэлээ хийж байгаа болохоор чимээ битгий гаргаарай” хэмээн эелдгээр тайлбарлан байлаа. “Рус Арт”-ын захирал бүсгүй Москвагийн “Большой театр”-ын академийг төгссөн балетчин аж. Тиймээс тэрээр энэ л салбарын хүнд бэрхийг мэддэг учраас тэдний төлөө олон төслийг хэрэгжүүлэн ажилладаг болов уу.
Балетын зааланд төгөлдөр хуурын намуухан ая эгшиглэн тэд бэлтгэлээ хийж эхэллээ. Дэлхийн нэртэй балетчдыг дэргэдээс нь харна чинээ зүүдлээ ч үгүй явсан учраас хэсэг балмагдаж орхив. Хөдөлгөөн бүр нь гайхалтай. Тэд бүжгээ эхлээгүй, энгийн бие халаалтаа хийж байгаа ч ямар гайхалтай харагдаж байсан гээч. Бүр нүдэндээ тэднийг тайзна дээр дүүлэн бүжиж байгаагаар төсөөлөөд хүртэл амжсан шүү. Оросын балетын одод Монголд тоглох уг төслийг ДБЭТ санаачлан “РУС АРТ” продюссерийн компани хэрэгжүүлэгчээр ажиллаж байгаа юм. Монгол Орос хоёр улсын Засгийн газар, соёлын яамны хоорондын санамж бичгээр хэрэгжиж байгаа учраас бүх санхүүжилтийг хоёр яамнаас гаргажээ.
Энэ удаад Монголын тайзнаа Оросын нэрийн хуудас болж, балетын урлагийг дэлхийд манлайлдаг таван том театрын буюу “Большой театр”, “Марийнский театр”, В.Гордеевийн “Русский балет”, “В.И.Немирович-Данченкогийн нэрэмжит театр”, “Новосибирский театр”-ын найман эмэгтэй, найман эрэгтэй бүжгэн жүжигчин гоцлооч, дөрвөн техникийн ажилтны хамт нийт 20 хүн манайд айлчилж байгаа. Эхний ээлжинд буюу өчигдөр тэдний 17 нь Монголд хөл таьтж ийн бэлтгэлээ эхлээд байгаа бол маргааш өглөө балетын гурван гоцлооч ирэх юм байна.
Манай ДБЭТ-ын сор болсон балетчид бүгд л Орост бэлтгэгдсэн орос школьтой. Дотоодын сургуульд маань ч оросын школийг эзэмшүүлдэг. Тэд маргааш Оросын шилдгүүдтэй нэгэн тайзнаа “Оросын балетын одод” гала тоглолтод хамтдаа бүжнэ.
“Оросын балетын одод” гала тоглолтод оролцох жүжигчдийн мэдээллийг хүргэе.
“Большой театр”:
Балетын гоцлооч, ОХУ-ын Мария Аллаш,
Балетын гоцлооч, ОХУ-ын Ардын жүжигчин Дмитрий Гуданов,
Балетын гоцлооч, ОХУ-ын Гавьяат жүжигчин Марианна Рыжкина,
Балетын гоцлооч, ОХУ-ын Гавьяат жүжигчин Екатерина Шипулина,
Балетын гоцлооч Карим Абдуллин,
Балетын гоцлооч, Хойд Осетиян Гавьяат жүжигчин Андрей Меркурьев,
Найруулагч Ирина Зиброва
“Новосибирский театр”:
Балетын гоцлооч Семён Величко,
Балетын гоцлооч Роман Полковников,
Балетын гоцлооч Сабанцева Вера
“В.И.Немировича-Данченкогын нэрэмжит театр”:
Балетын гоцлооч Кристина Шапран,
“Марийнский театр”:
Балетын гоцлооч, ОХУ-ын Гавьяат жүжигчин Илья Кузнецов,
Балетын гоцлооч, ОХУ-ын Гавьяат жүжигчин Софья Гумерова,
Балетын гоцлооч, ОХУ-ын Гавьяат жүжигчин Андрей Баталов,
“Русский балет”:
Балетын гоцлооч Татьяна Болотова