Хятад дахь “Apple”-ийн талаарх сонин хачин мэдээллүүдийн нэгийг та мэдэх байх. Тухайлбал Хятад дахь “Apple”-ийн хамтрагч “Foxconn”-ийн үйлдвэрийн ажилтнуудын ажлын байрны нөхцөл байдал нь бараг хорих газар мэт байдаг. Тэд ийм хөдөлмөрийн нөхцөл байдалд iPod, iPhone, iPad зэргийг угсардаг байна. Зах зээлийн үнэлгээ нь 600 тэрбум ам.доллар болсон уг корпорацийн хувьд дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй байгууллага болоод байгаа. Шинжээчдийн дүгнэлтээр ийм өндөр үнэлгээ хүрсэн компани түүхэнд байгаагүй бөгөөд онолын хувьд “Apple” өргөжих боломжтой ч практик дээр үүнээс цааш зам бараг үгүй. Өөрөөр хэлбэл, вант улс уналтанд орох учиртай аж. Харин тус компанийн удирдлагууд уналтаас зайлсхийхийн зэрэгцээ, цаашдын ирээдүйгээ бодож дорно зүгийг гол зах зээлээ болгохоор зэхэж байна.
Гэтэл Хятадын эдийн засгийн өсөлт тооцоолж байснаас илүү хурдаар удаашрав. Энэ нь “Apple”-ийн бүтээгдэхүүнийг хүсч мөрөөдсөн сая сая хэрэглэгчдэд хана хэрэм мэт болно гэсэн үг. Тус компанийн энэ оны эхний хагасын Хятад дахь борлуулалт 12.4 тэрбум ам.долларт хүрсэн гэсэн тоо бий. Гэхдээ шинжээчид энэ тоог оны эцэс гэхэд 25 тэрбум ам.доллар болно гэж найдаж байна. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 13.3 тэрбум ам.доллар байсан гэхээр бараг хоёр дахин өснө гэсэн утгатай аж. Харин таван жилийн өмнө “Apple”-ийн Хятад дахь борлуулалт бараг тэг байсан гэж болно. 2007 он буюу iPhone олон улсад зарагдаж эхлэхээс жилийн өмнө “Apple”-ийн Хятад дахь борлуулалт ердөө хэдэн сая ам.доллараар хэмжигдэж байсан гэж Тим Күүк хэлсэн байдаг. Хэдийгээр Хятад дахь борлуулалт нь он дараалан нэмэгдэж байгаа ч 2011 онд олсон нийт 108 тэрбум ам.долларын орлогын 12 хувийг л хятадууд бүрдүүлсэн бол АНУ-аас тэд 38 тэрбум ам.долларыг олж чаджээ. Тэд Хятад дахь анхны дэлгүүрээ 2008 онд Бээжинд, үүнээс гурван жилийн дараа Хонконг, Шанхайд нээсэн боловч борлуулалт нь тийм ч гавьтай нэмэгдсэнгүй. Одоогоор тэд дундад улсад нийт таван дэлгүүр нээгээд байгаа нь тэрбум гаруй хүн амд хангалтгүй аж.
Шинэ гүйцэтгэх захирал Тим Күүкийн хувьд Хятадын зах зээлд баримтлах хэд хэдэн шинэ зарчим хэрэгтэй гэж шинжээчид дүгнэж байна. Тухайлбал, тэднийг бүтээгдэхүүнээ хятадуудад зориулан өөрчлөх, дотоодын үүрэн холбоо болон утасгүй интернэтийн компаниудтай хамтарч ажиллах ашигтай санал тавих зэрэг томоохон алхмууд хүлээж байна. Хэдийгээр тэд “China Unicom”, “China Telecom” зэрэг үүрэн харилцааныхантай хэлэлцээр байгуулсан ч хамгийн том буюу 655 сая хэрэглэгчтэй “China Mobile”-тай хамтарч ажиллах сорилт тулгарч буй. Дээрх асуудал нь “Apple”-ийн хувьд шинэ iPhone, iPad бүтээхээс ч илүү чухал асуудал гэдгийг тус компанийн удирдлагууд хүлээн зөвшөөрсөн байдаг.
Эх сурвалж: ӨДРИЙН ШУУДАН сонин