ёс зүйн хороогоор авч хэлэлцэнэ
Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны иргэдэд үйлчилдэг "Энх сүндэр" өрхийн эмнэлгийн дарга Г.Энхтуяа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажилчдаа зодож танхайрсан гэх мэдээлэл өчигдөр сонинд хэвлэгдсэн. Тус эмнэлгийн дарга Г.Энхтуяа ажлаа хүлээн аваад сар гаруйн хугацаа үзэж байгаа ч доод албан тушаалтнуудтайгаа зүй бусаар харьцаж, өөрийн таалалд нийцэхгүй нэгнийг нь үндэслэлгүйгээр ажлаас халсан тохиолдол ч гарсан байна. Эмнэлгийн даргадаа зодуулсан гэх эмчийн ярьснаар ажлын цаг дуусаагүй байхад өрөөнөөс гарахыг шаардаж, шаардлага биелүүлэхгүй болохоор нь зодож танхайрсан байгаа юм. Харин Г.Энхтуяа даргынх нь хэлснээр ажлын бус цагаар ийм үйлдэл гаргасан хэмээн ярьжээ.
Эрдэнэт хүний эрүүл мэндийг сахин хамгаалахаар тангараг өргөсөн эмч, мэргэжилтнүүд ийнхүү хоорондоо зүй бусаар харьцсан тохиолдолд Ёс зүйн хороо ямар хариуцлага тооцдог болохыг ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын Гүйцэтгэлийн удирдлагын асуудал хариуцсан мэргэжилтэн С.Гантуяагаас лавлалаа. Тэрбээр хэлэхдээ “Эмч, эмнэлгийн ажилтны ёс зүйн хэм хэмжээг заасан ЭМ-ийн сайдын 2005 оны 135 дугаар тоот эрх зүйн акт, баримт бичиг байдаг. Эмч мэргэжилтнүүд үйлчлүүлэгчтэй, хоорондоо, удирдлага нь доод албан тушаалтнуудтай хэрхэн харьцах талаарх хэм хэмжээг заасан баримт юм.
Мэргэжлийн ёс зүй бол тухайн ажлыг гүйцэтгэх явцдаа тэр хүн ямар харилцаа ёс зүйн хэм хэмжээ, дүрмийг баримтлах талаар заасан байгаа юм. Энэ ёс зүйн хэм хэмжээнд зааснаар хоёр эмч өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлэхдээ яаж ажиллах, оношийг хэрхэн хамтарч бататгах вэ гэдгийг заасан. Харин Сүхбаатар дүүргийн “Энх сүндэр” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа биш ажлаас өөр цагт ажилтай холбоотой биш асуудлаар зодоон хийсэн байна. Эдгээр хүмүүс хоорондоо зодолдож, ажлын байрны дарамт учруулсан бол хуулийн байгууллагад хэргийг шийднэ. Харин Ёс зүйн хороонд хандвал удирдах ажилтан ажлын байранд тодорхой хэмжээний дарамт учруулсан, хэм хэмжээ зөрчигдсөн гэж үзэх юм байна. Гэхдээ судлаад үзвэл өөр асуудал гарч ирэх байх” хэмээн ярив.
Мөн ЭМ-ийн сайдын 135 дугаар тушаалд ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эмч мэргэжилтэнд ямар хариуцлага тооцохыг заасан байдаг аж. Тухайлбал, сануулах, ёс зүйн сургалтад хамруулах, хамгийн эцсийн шат нь эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар цуцалдаг байна. ЭМЯ-ны харьяа эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хяналтын хороо ажилладаг аж. Энэ нь ёс зүйн дүрмийг мөрдүүлэх талаар эрүүл мэндийн байгууллагуудад арга зүйн зөвлөмж өгч ажилладаг. Мөн ёс зүйн 36 хороо үйл ажиллагаа явуулж байна. 2011 оны тавдугаар сарын 5-нд Эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэн батлагдсантай холбоотой Ёс зүйн хороог хяналтын хороо болгож өөрчилжээ. Тус хяналтын хороо нь хөндлөнгийн статустай бөгөөд өмнө нь тухайн эмнэлгийн дарга, орлогч дарга зэрэг эмнэлгийн төлөөллүүд ёс зүйн хороонд ажилладаг байсан бол одоо иргэний нийгэм, хуулийн байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож ажиллаж байгаа юм.
Гэхдээ зарим хувь хүний өөрсдийн суурь хүмүүжлээс болоод харьцааны зөрчил гардгийг Гүйцэтгэлийн удирдлагын асуудал хариуцсан мэргэжилтэн С.Гантуяа хэлсэн юм. Тэрбээр “Ёс зүйн хороо сард нэг удаа хуралддаг. Энэ сарын хурал хоёр хоногийн өмнө болсон. Тиймээс “Энх сүндэр” эмнэлгийн дарга, эмч нарыг ирэх сард болох ёс зүйн хорооны хурлаар авч хэлэлцэнэ” гэв.
Өмнөх жилүүдэд эмч, эмнэлгийн ажилтнууд хоорондоо болон үйлчлүүлэгчтэй зүй бусаар харьцсан олон тохиолдол гарч Ёс зүйн хороогоор шийдвэрлэж байжээ.
Дашрамд дурдахад Засгийн газрын “1111” дугаарт ирж байгаа иргэдийн гомдол саналын тодорхой хэмжээг эмч, эмнэлгийн ажилчдын хоорондын болон үйлчлүүлэгчтэй зүй бус харьцсан тухай мэдээлэл эзэлж байгаа аж.