Өнөөдөр үндэсний хэмжээнд “Өгөх өдөр” тохиож байна. Тиймээс бид “Өгөх өдөр” ТББ-ын санаачлагч, үүсгэн байгуулагч Б.Баярсайхантай уулзлаа.
-“Өдрийн шуудан” сонин гурван жилийн өмнө “Том болоорой Удвал” төслийг маш идэвхтэйгээр дэмжиж байсан сонинуудын нэг. Төслийн түүхийг хүмүүс сайн мэдэж байгаа. Удвал охинд туслах зорилготой. “Том болоорой Удвал” төслийг явуулснаас хойш гурав дахь жилтэйгээ золгож байна. Удвал охин маань ч эдгэсэн. Ингээд төсөл санаачлагчид Удвал охиноос урам зориг авч, жилд нэг удаа үндэсний хэмжээний ажлыг хийхээр болсон юм. Энэ өдрийг угтаж Америкийн нэрт зохиолч Шел Силверстайны “Өглөгч мод” номыг орчуулж англи, монгол хэл дээр гаргасан. Үүнийгээ улсын хэмжээний 800 орчим сургуульд тараана. Нэг сургуульд арван ширхэг ном очино. Номын орчуулгын эрх авах, эх бэлтгэл, хэвлүүлэхэд нийтдээ 35 сая төгрөг шаардлагатай болсон. “Мөнхийн үсэг” компани манай ажилд хандив өргөж, өөрсдийн хэвлэлтийн үнийг хөнгөлж, зөвхөнхавтас хийх үнээр номыг хэвлэж өглөө. Эхний 10 мянган хувийг сум, аймгийн сургууль, Монголын бүх сургуулиудад хуваарилан хүргэх гэж байна.
-Номыг хэвлүүлэх санхүүжилтийг хэрхэн олсон бэ?
-Номыг хэвлүүлэхэд тусалсан гол байгууллага “Улаанбаатар төмөр зам”. Ажлын хүндийг үүрч, гадаа гандаж хөдөө хөхөрч байдаг ган замчид маань бидний ажлыг дэмжин хүн бүр цалингаасаа 1000 төгрөг хандивласан. Мөн Хүүхдийн төлөө үндэсний төв,GTs хуулийн фирм, МИАТ компани, “Номин” ХХК, “Аянчин” дэлгүүр, “Мон Ад” ХХК, иргэн Б.Мөнхтуяа, таван настай хүү Д.Анар зэрэг олон олон байгууллага, хувь хүн хандив өргөлөө. Мөн өнгөрсөн Баасан гаригт “Jeans & T Shirt” клубээс “Өглөгч мод” гэдэг хандивын үдэшлэг зохион байгуулж, олон өглөгч сэтгэлтэй хүний хүчинд бид дээрх шаардлагатай мөнгийг цуглуулж чадлаа.
-Тус хандивын үдэшлэг ямар учиртайг тайлбарлаач?
-“Jeans & T Shirt” клуб нь хүмүүнлэгийн үйлс, тэр дундаа хүнд өвчтэй, эмчилгээ шаардлагатай хүүхдүүдэд эмчилгээний зардалд нь хандив өгөх зорилготойгоор сар бүр арга хэмжээ зохион байгуулдаг. Нэг орой найз нөхөдтэйгээ оройн хоол идэж, сонин сайхан ярилцах зуураа хэн нэгэнд тусалдаг. Одоогийн байдлаар нийтдээ 40-өөд сая төгрөгийг хүнд өвчтэй таван хүүхэд өгсөн.
-Яагаад “Jeans & T Shirt” гэж нэрлэсэн бэ?
-Бүх хүнд жинс, футболк байдаг. Энэ арга хэмжээнд ирж байгаа хүмүүс бүгд өгөх зүрх сэтгэлтэй гэдгээ илэрхийлж, мөн ямар ч албан тушаалтан, баян чинээлэг, жирийн иргэн хэн ч байсан адилхан гэдэг үүднээс ийм хувцсыг сонгосон. Энэ арга хэмжээ хүмүүст маш их таалагдаж, оролцох хүний тоо эрс нэмэгдэж байгаа нь бидэнд урам өгч байна.
-Хүмүүс, байгуулагын өгсөн хандив эзэндээ хүрсэн эсэхийг хэрхэн хянадаг вэ?
-Номыг хүлээж авсан бүх сургууль эргээд бидэнд утас, мэйл, вэб сайтаар мэдээлнэ. Монголын ард түмний цуглуулсан мөнгө эзэндээ, хүүхдүүдэд очиж байна уу гэдгийг буцаагаад мөнгө өгсөн олон нийтдээ тайлагнах учиртай. Гурван жилийн өмнөөс л бид санхүүгийн тайлангаа интернэтэд нээлттэй тайлагнаж ирсэн.
-Энэ удаагийн “Өгөх өдөр”-ийн хүрээнд өдөрлөг, үйл ажиллагаа ч юмуу зохиох уу?
-“Өгөх өдөр” хөдөлгөөнөөс энэ өдөр нийслэлийн 105 дугаар дунд сургууль, Зайсан дахь Хүүхдийн засан хүмүүжүүлэх төв дээр “Өглөгч мод” номын дээжээс хандивлаж, өгөхийн тухай хүүхдүүдтэй чөлөөт ярилцлага өрнүүлэхээс гадна Улаанбаатар дахь Олон Улсын сургуулийн сурагчид өөрсдийн цуглуулсан хувцас, ном, хичээлийн хэрэгслээ 25 дугаар тусгай дунд сургуулийн найз нартаа хандивлана. Мөн Наркологийн үндэсний төв дээр жүжигчин Б.Амарсайхан лекц уншиж, “Бодлын Хулгайч” киног үзүүлнэ.
Мөн “Өгөх өдөр”-ийн хүрээнд “Монголын Хүмүүнлэгийн ирээдүй” ОУБ-аас санаачлан Чингэлтэй дүүргийн VII хорооны 4826 айлд нийт 86 сая төгрөгийн өртөг бүхий 48 260 модны суулгацыг тариалах, 10 цэцэрлэгт 1400 цэцгийн үр үнэгүй хандивлах аяныг өрнүүлэх гэж байна.
-Та өөрөө хэр өгөх сэтгэлтэй вэ?
-Миний хувьд хүмүүнлэгийн үйлсэд оролцох нь сайхан байдаг. Яг энэ ажлыг хийж байхад заримдаа хэцүү шантармаар байдаг ч хэн нэгэнд тус хүргэсний дараа аз жаргалтай болдог. Манай гэр бүлийн хувьд Африкийн нэг охиныг холын зайнаас өргөж авсан. Энэ оны эхээр Хавайд сурч байхдаа Дэлхийн зөн байгууллагаас гаргасан хүнд амьдралтай хүүхдүүдийн танилцуулгаас тэр охины зургийг олж харсан юм. Охины нүд намайг цоо ширтээд харж байгаа нь “надад туслаач” гэж байгаа юм шиг санагдсан. Тэгээд тэр охинд сар бүр 35 доллар явуулдаг. Энэ мөнгө нь бага мэт боловч охиныг 18 нас хүртэл өдөр бүр ядаж хоолтой байлгах тогтмол орлого бөгөөд түүний гэр бүлийн хувьд энэ нь чамлахааргүй их мөнгө. Охины аав ээж нь ДОХ-ын халдвар тээгч бөгөөд дөнгөж гуравхан настай мөртлөө аль хэдийнэ дүүгээ хардаг ажилтай болсон нь зүрх шимшрүүлсэн.
Заавал гадаад ч гэлтгүй Монголд маань ийм тусламж шаардлагатай гэр бүл олон байгаа. Нэг айл 50 мянган төгрөгийг сар тутам хүнд амьдралтай хэн нэгэнд зориулбал их том үйлс болно.
Эх сурвалж: ӨДРИЙН ШУУДАН сонин