Даргаа аврах МАХН-ын зорилго

Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

Даргаа аврах МАХН-ын зорилго

МАХН-ын гишүүнийхээ чин сэтгэлийн “дуудлага”-аар Интерполд захиа илгээсэн Хууль зүйн дэд сайдын араас УИХ дахь МАХН-ын гишүүд, шинэчлэлийн хэмээх Засгийн газарт албан тушаал хашиж байгаа бүхэн толгой дараалан захидал илгээж, чадах хэрээрээ эсэргүүцэл тэмцэл өрнүүлэх юм байна. Интерпол эрэн сурвалжлуулж байсан этгээдийн эрлийг зогсоох хүсэлт гаргаж олон улсын Интерполын албыг хүртэл “шок”-нд оруулсан Хууль зүйн дэд сайдад Авлигатай тэмцэх газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа ч эрхэм сайд цаашид ч намынхаа даргыг хамгаалан тэмцсээр байх ёстой гэсэн цогтой уриагаа хадуулсаар байна.

Ингэхэд Хууль зүйн дэд сайд гэдэг ямар утга учиртай “суудал” юм бэ? Сайд гэдэг улстөрийн албан тушаал мөн нь мөн. Гэвч нэгэнт хамтарсан Засгийн газраа байгуулаад ард иргэдийн итгэлийн өмнөөс томилолт өвөрлөн албан тушаалд томилогдсон нөхдүүд намынхаа эрх ашгийг хүссэн  ч эс хүссэн ч арагшаа тавьж кабинетын зарчмаар ажиллах нь нэгэнт тогтсон зүй тогтол. Гэтэл энэ удаад Засгийн газрын гишүүд нь намын тэр тусмаа нэг хүнийг авран хамгаалах улангассан тэмцэлд автахын учир юу вэ? Тэр тусмаа Хууль зүйн дэд сайд нь бүр наад зах хуульч хүний хувьд дээд шатны шүүхээр эцэслэн тогтоогдоогүй, намынх нь нөхөд нь өөрсдийнхөө үзэмжээр улс төрийн хэлмэгдүүлэлт гэж тодорхойлж байгаа итгэл үнэмшлээ урьдаа тавиад Хууль зүйн яамны нэрийн өмнөөс дуугарах болсон нь Монголын түүхэнд гарч байгаагүй үзэгдэл бус уу.

Монголын ардчилсан тогтолцооны түүхийн богинохон хугацаанд Ерөнхий сайд нь захидлаас болж огцорч байсан тохиолдол бий. Тухайн үед Ерөнхий сайд С.Наранцацралт агсан ОХУ руу илгээсэн гэх захидалд өөрөө гарын үсэг зурсан эсэхээ тодорхой хэлээгүй ч түүнийг албан тушаалаас нь огцруулах хангалттай үндэслэл болж байсныг уншигчид санаж байгаа байх. 

Харин Хууль зүйн шинэхэн бөгөөд залуухан сайд маань Интерполд захиа бичсэнээ огтхон ч буруутай үйлдэл гэж харахгүй байгаагаар барахгүй тэмцлээ дөрвөн жилийн турш үргэлжлүүлэх болно гэсэн байх юм. Түүний араас Шадар сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Б.Удвал нар захиа барьж гүйлдээд эхлэх юм бол гайхах хэрэггүй болж таарах нь. Энэ мэтчилэнгээр хамтран эрх баригч хүчин намынхаа асуудлыг төрийнхөөс дээгүүр тавьж, хамтарсан Засгийн газрын бодлого явлаад байна уу, МАХН-ынхны намын тоглолт голчлоод байна уу гэдэг эргэлзээ төрүүлмээр байдал үүсээд байна. 

Ингэхэд МАХН-ынхан даргыгаа аврахын тулд Ардчилсан намтай эвсч, Засгийн газар байгуулсан юм уу?

А.АНУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж