Ховд аймгийн удирдлагууд болон нутгийн иргэдийг түгшээсэн нэгэн хэрэг баруун хязгаарт манджээ. Ардаа томоос том татаастай байж мэдэх газрын ховор элмент олборлох болон түүнийг тойрсон тусгай зөвшөөрлийн асуудал энэ нутгийнхны сэтгэлийг чилээж, аргаа барсан орон нутгийн удирдлагууд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд хийгээд Ашигт малтмалын газрынханд албан бичиг хаяглахад хүрсэн байна. Чухам ямар учраас алс хэтдээ авсан эзэндээ байтугай улс орны эдийн засагт алт, зэс, нүүрснээс ч илүү ашгийг авчирч мэдэх газрын ховор элментийг тойрсон асуудал үүсээд буй талаар эрэн сурвалжиллаа. Гэтэл дэлхийд газрын ховор элементийн нөөцөөрөө дээгүүрт бичигддэг урд хөрш байгаа баялгаа гадагш гаргахгүй хэмээн “харамлаж”, үүнийх нь хөлд Япон зэрэг техник технологийн хөгжил нь дээд шатандаа хүрээд буй улс орнууд нэрвэгдэхэд хүрээд буй. Энэ дүйвээнийг манайхан ч овжин ашиглахаар Хятад болон хилийн чанад дахь түншүүдтэйгээ ханцуй дотроо наймаалцаад эхэлсний нэг жишээ эл хэрэг бололтой. Хамгийн гол нь улсын хөрөнгө, төрийн мөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон газарт ашиглалтын лиценз авч чадаж байгаа нь газрын ховор элемент бол захын нэг алтны эрэлчний хийх ажил биш гэдгийг илчилж байж магадгүй юм.
Ховд аймаг газрын баялаг ихтэй. Сайн чанарын коксжсон нүүрснийхээ нөөцөөр Тавантолгойг ч ардаа орхидог гэх Хөшөөтийн уурхай, Бодончийн ордын гялтгануур гээд Монголд байтугай дэлхийд гайхагдсан баялаг энэ нутагт данстай. Гэтэл сүүлийн үед тус аймгийн Мянгад сумын нутаг Халзан бүрэгтэй, Ар хүрэн ууланд байх газрын ховор элементэд шунасан хүмүүс олширч, зохих ёсоор зөвшөөрлийг нь аваагүй атлаа газар нутгийг нь сэндийчиж эхэлсэн байна. Нутгийн иргэдийн өгүүлснээр “Монголиан нэшнл рийр ийрт корп” гэх компанийнхан энэ нутагт эзэн суусан бөгөөд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нь авахдаа хууль зөрчсөн, сүйтгэж орхисон байгалиа нөхөн сэргээхгүй байгаа нь энэ компанийн ард томоос том татаас байна хэмээн хардахад хүргэсэн гэсэн юм. Энэ тухай тэд “Уг нь “Монголиан нэшнл рийр ийрт корп” компани ашиглалтын лиценз авахаасаа өмнө байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан судалгаа хийлгэх мөн ашигт малтмалын нөөцийн нь хэмжээг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх ёстой байсан. Гэтэл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хийсэн шалгалтаар хууль зөрчсөн нь илэрсэн бөгөөд хамгийн ноцтой нь өнөөдөр М-006911, М-012335 гэсэн тусгай зөвшөөрөл барьчихсан хэнээс ч айж эмээлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь анхаарал татаж байна” гэцгээсэн. Бид нутгийн зарим иргэнтэй утсаар холбогдож байдал газар дээрээ ямар байгаа талаар тодруулахад “Хоёр жилийн өмнөөс байх аа, Халзан бүрэгтэй болон Ар хүрэн ууланд хэсэг хүн хайгуул шинжилгээний ажил явуулж байгаа нэрээр энэ тэндгүй өрөм зоож ухаж эхэлсэн. Тухайн үед нь очиж яг юу хийгээд байгааг нь сонирхож асуухад “Бид зөвшөөрөлтэй” гээд халгаагаагүй. Сүүлд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа энэ асуудалд анхаарал тавьж, аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан шалгалт хийснээр Ашигт малтмалын тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн нь илэрсэн юм билээ” хэмээв. Иймээс бид энэ асуудлыг тодруулахаар аймгийн Засаг дарга Г.Нямдаваатай холбогдоход “Бид яг наад асуудлаар чинь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд болон холбогдох газруудад албан бичиг хүргүүлээд байгаа” гэв. Ямартай ч аймгийн МХГ-аас хийсэн шалгалтаар энэ орд газарт ашиглалтын хоёр, хайгуулын хоёр лиценз олгосон нь тогтоогдсон бөгөөд тус компани 2010 онд байгуулагдсан. Уг зөвшөөрлийг өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд ГУУХКХ-ийн даргын 242, 243 тоот шийдвэрээр “Монтем” гэх компаниас шилжүүлэн авсан. Ийн авахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 25.1.5 буюу хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцсэн Эрдэс баялгийн зөвлөлийн ээлжит хурлын тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, 25.1.7 буюу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, 26.2.3 буюу хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ үнэлгээ нь олборлолтоос үүсч болох экологийн хохирлын нөхөн сэргээхэд хүрэлцсэн байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь тодорхой болсон гэнэ. Иймээс аймгийн Мэргэжлийн хяналтынхан болон аймгийн Засаг дарга нар хууль бус энэ лицензийг цуцлах нь зүйтэй гэж үзэн холбогдох газруудад нь албан бичиг илгээгээд буй юм билээ.
Ховд аймагт үүсээд буй энэ асуудлыг тодруулахаар хүмүүстэй уулзах үед уг лицензийг авсан гэх “Монголиан нэшнл рийр ийрт корп” болон зарсан гээд байгаа “Монтем” гэх компанийн ард нөлөө бүхий хүн байж болзошгүй гэдэг таамгийг хэлж байсныг дээр дурдсан. Тэд чухам ямар сэжим атгачихаад ийм дүгнэлт хийгээд буйг тодруулахад “Нэгдүгээрт газрын ховор элемент гэх энэ чухал салбараар барагтай аавын хүү оролддоггүй. Лиценз авсан байдлыг нь харвал хууль бус аргаар гартаа оруулсан байгаа юм. Жишээ нь, “Монтем” гэх компанийн талаар ямар ч мэдээлэл байдаггүй. Тэгсэн атлаа 2004 онд Халзан бүрэгтэй, 2011 онд Ар хүрэн уулыг лиценз нэрээр авсан байдаг. Үнэндээ бол энэ салбарт огт нэр нь байгаагүй тэгээд 2010 онд байгуулагдсан гэх “Монголиан нэшнл рийр ийрт корп” гэх компани авсан гэхээр гайхалтай байгаа биз дээ. Бид дээрх компаниудын талаар судалсан. Хэд хэдэн мэдээлэл олсон ч баталгаажуулж чадаагүй учраас олонд дэлгэхээс татгалзаж байна. Хоёрдугаарт, хөдөөд тэр дундаа манай аймагт малын бэлчээр, ундны ус гэдэг нүдний гэм болчихоод буй. Тэгтэл газрын ховор элмент олборлоно, баяжуулалт явуулна гэдэг нь бид эргээд усны асуудалд орно гэсэн үг. Учир нь, Халзан бүрэгтэй, Ар хүрэн уул орчим хэзээнээс ус багатай. Хэрэв үйл ажиллагаа явуулах болбол Ховд голоос ус зөөж ашиглана. Дээрх нутаг Ховд голоос 50-иад километрийн зайд байдаг бөгөөд магадгүй энэ нь мөнгөтэй компанийн хувьд давуу, жирийн иргэдэд хүнд асуудал болж, Ховд гол төдийгүй Мянгад сумын байгаль экологийн байдалд аюул заналхийлэх хэмжээнд хүрчихээд байна” гэсэн юм.
Энэ нийтлэлийг бичиж байх үедээ энэ салбарын эрдэмтэд ховор элементийн талаар юу хэлсэн бас манай улсад газрын ховор элементтэй гэх орд газрууд хаана байдгийг судаллаа. Эрдэмтдийн өгүүлснээр манай уул уурхайн салбарынхан 1970-аад оноос ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран геологи, геохимийн судалгааг явуулж эхэлсэн ажээ. Ингэснээр Ханбогд, Мушгиа худаг, Лугийн гол, Халзан бүрэгтэй, Баянхошуу, Жанчивлан, Багагазар гэх мэт нутагт шүлтлэг боржин, карбонатитын чулуулагт газрын ховор элементийн ислүүд олдсон аж. Бас фосфорит болон хайлуур жоншны орд газруудын чулуулагт газрын ховор элмент байгаа эсэхийг үзэхэд эерэг үр дүн гарсан төдийгүй олборлох боломжтой гэсэн дүгнэлтийг гаргаж байжээ. Үүний үр дүнд манай улс энэ элементийн нөөц буюу үйлдвэрлэлийн ач холбогдолтой нөөцийн хэмжээгээрээ дэлхийд тоогдож эхэлсэн түүхтэй гэнэ. Эрдэмтдийн өгүүлснээр уг нь энэ элементийг олборлоход нарийн мэргэжлийн хүмүүс шаардлагатай аж. Харамсалтай нь 1990-ээд оны эхээр энэ асуудал мартагдаж эхэлсэн бөгөөд тун саяхнаас буюу газрын ховор элементийн нөөц Хятад, Япон зэрэг өндөр хөгжилтэй оронд асуудал болж эхлэх үеэс олны анхааралд дахин өртсөн аж. Эрдэмтдийн өгүүлснээр газрын ховор элементийг олборлох, ашиглах технологи нь өвөрмөц онцлогтой байдаг ба олон мянган тонноор нь олборлох шаардлагагүй. Харин зөв сонгож, хэрэгцээтэй хэмжээндээ тооцоолон бэлтгэсэн баяжмалаас элементүүдийн оксидыг цэврээр ялгах арга хэрэглэх нь илүү үр дүнтэй. Ингэснээр өөрийн өртгийг хямдруулж, бага бүтээгдэхүүнээс их ашиг олно гэдгийг хэлж байсан ба харамсалтай нь, манайхан үүнийг үл тоож газрын ховор элементийг бизнес болгон харж байгаа учраас өнөөдөр байгаль орчны болоод эдийн засгийн хувьд асар их алдагдал хүлээж болзошгүй төдийгүй энэ элементийн дээжийг шинжилдэг лаборатори байхгүй нь эргээд аюул дагуулж болохыг нуугаагүй билээ.
Баруун хязгаарт шуугиан дэгдээгээд буй Халзан бүрэгтэй, Ар хүрэн уулын энгэрт үүсээд буй маргааны талаар цухас мэдээлэхэд энэ. Иймээс ач холбогдлын хувьд орчин үеийн электрон багаж хэрэгсэл, дуунаас хурдан онгоц, сансрын техник төхөөрөмж, хагас дамжуулагч далдыг оношлогч гээд нарийн тоног төхөөрөмжийг бүтээх гол түүхий эд, нано технологи үйлдвэрлэлийн хамгийн гол хүчин зүйл болдог энэ элементийг буюу орд газрыг тойрч ямар асуудал дэгдээд байгаа, ханцуйн дотроо наймаалцсан компаниудын ард хэн байгааг эргэн сурвалжилж хүргэх болно.
Эх сурвалж: ӨДРИЙН ШУУДАН сонин