
Мөнөөх “Ардын засаг ч гэж юу билээ, авдаг өгдөг нь ч хаана байлаа” гэдэг шиг одоогоор энэ байгууллага бүрэн төвхнөж амжаагүй байна. Хийж хэрэгжүүлэхээр зорьж байгаа ажлынх цар хүрээ том болохоор тэр хэмжээгээрээ хөрөнгө мөнгө хэрэгтэй болно. Одоогоор төсөлд шаардагдах санхүүжилт нь таван тэрбум ам.доллар байгаа бөгөөд энэ хөрөнгийн наанадаж 70 орчим хувь нь дотоодын бүтээн байгуулалтад зарцуулахаар байгаа юм. Хэрэв хөрөнгөө босгосчихвол хөндлөн чиглэлийн 1800 км төмөр замыг барина. Зам барина гэхээр зүгээр л нэг аж ахуйн ажлаар төсөөлж болохгүй. Ганцхан Монголоор хязгаарлагдахааргүй, хөрш орнуудтайгаа эрх ашгаа тэнцвэржүүлэх геострагийн том төсөл.
Н.Алтанхуяг энэ ажлыг М.Энхсайханд санал болгожээ. Ийм нүсэр зорилтыг Ерөнхий сайд байсан хүнд хариуцуулсан нь бас л нэг бодлого байж таарна. Гэхдээ энэ томилгоог улстөржүүлэх шаардлагагүй байх. Учир нь энэ бол үндэсний хэмжээний том бүтээн байгуулалт. С.Энхсайханы өөрийнх нь хэлсэнчлэн “монголчуудын эе эвийг шаардсан” төдийгүй бас “төслийн хувь заяанд улс төрийн нам болгон хувь нэмрээ оруулах ёстой”. Төслийн хэрэгжилт нь Монгол Улс үйлдвэржих үү, эс үйлдвэржих үү гэдгийн хувь заяаг хөтлөх учиртай. Бодлогыг бодит ажил болгох нь М.Энхсайханы зорилт. “Монголын төмөр зам” ТӨХК-ийг улс төр, эдийн засгийн мэдлэг туршлагатай, нэр хүнд бүхий хүн удирдахаар болж байгаа нь тэргүүлэх чиглэлийн “Шинэ төмөр зам” төслийг амжилттай хэрэгжүүлнэ гэсэн итгэлийг иргэдэд авчирсан нь эргэлзээгүй.
Гэхдээ л олон нийт энэ эрхмээс арай өөр зүйл хүлээж байсан. Бяр дагаж цол гэдэг шиг түүний эрхэлж байсан ажил, мэдлэг чадварынх нь нийгэмд танигдсан хэм хэмжээ иргэдийн ой тогтоомжинд том орон зай эзэлсэн болохоор түүнээс илүү ихийг хүлээдэг байж мэднэ. М.Энхсайхан нь 1992–1993 УИХ-ын гишүүн, 1993 онд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, 1996–1998 онд Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан, тэрчлэн 2004 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож, байнгын хорооны даргаар ажиллаж байсан билээ. Тэр 1996 Ардчилсан хүчнүүдийг удирдан сонгуульд оролцож ялалт авчирсан. 2004 оны сонгуульд намаа дахин амжилттай удирдсан. Хэдийгээр тэр намдаа дандаа “жийлгэж” байсан боловч энэ бүхнээс түүний зангараг ямагт анзаарагддаг.
Нийтлэлч Баабар саяхан “М.Энхсайхан” нийтлэлдээ “Энхсайхан … Ерөнхий сайдаар томилогдож хоёр жилийн дотор асар том реформ хийсэн. Салбар болгонд. Өнгөрсөн 22 жилийн явцыг эргэж харахад Монгол Улсын Засгийн газруудын ажиллагаанаас гялайж галтайх юм нь 1990-92 оны Бямбасүрэнгийн, 1996-98 оны Энхсайханы Засгийн газраас л харагдана” хэмээн онцолсон байна билээ. Тэрбээр цааш нь “Энхсайхан Монголын нэн шинэ түүхэнд тодорч товойхуйц үүрэг гүйцэтгэж том орон зай эзэлсэн гэдэг бол тусдаа асуудал. Энэ бол түүхийн үнэлгээ дүгнэлт” гэжээ.
Энэ удаад ч гэсэн нийгэмд М.Энхсайхан гэсэн том хүлээлт байсан юм. Гэхдээ санасан хэмжээнд биш ч гэлээ бүтээн байгуулалтын том салбарыг авч явахаар болж байгаа нь сайшаалтай. Тэр одоо салбарын хэмжээний бодлогоо л ярина, түүнийгээ ажил хэрэг болгохоор зорино. Уг нь улсын хэмжээний бодлогын нэг залуур дээр байсан бол илүү хүртээмжтэй, эндээс Монгол хожих байлаа. Төрд хэрэгтэй зайрангуудын байх ёстой газраа байраа эзэлж чаддаггүйн нэг жишээ энэ л дээ. Бүдүүн бааргаар бодоход улс эх орны төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж, зөв бодлого, хөгжлийг хэм хэмжээ болгож чадаж байвал тэр аль намын хэн байх нь чухал биш шиг санагддаг. Боловсон хүчний бодлогод хамгийн их саад тотгор болж байгаа нь энэ улстөржилт, намын талцал. Ер нь адуу хураах хүнээр тугал хариулуулах нь аль ч намын хувьд зөв бодлого биш байх.
Эх сурвалж: ӨДРИЙН ШУУДАН сонин
