Хятадын ерөнхий сайдын авлигыг илчлэв

Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

Хятадын ерөнхий сайдын авлигыг илчлэв

Вэнь Зябао. Фото AFP

Өнгөрсөн баасан гаригт The New York Times сонин Хятадын ерөнхий сайд Вэнь Зябао тэрбумын хөрөнгөтэй гэж мэдээлсэн. Тус сонинд нийтлэснээр “Тус оронд мандаад байсан улс төрийн дуулиан болон намын зүтгэлтэн асан  Бо Силайн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн  хоёр үйл явдал Хятадад засгийн дээд удирдлага солигдож байгаагийн өмнө болж буйгаараа холбоотой байж болох юм.  Вэнь Зябаогийн хамаатан садны санхүүгийн байдлын талаарх бичсэн 4700 үгтэй том нийтлэл онцгой сэтгэгдэл төрүүлэхээр байна” гэжээ.

The New York Times сонины материалд бичсэнээр  бие даасан аудиторуудын тусламжтайгаар сонины хийсэн өгүүлэлд Хятадын ерөнхий сайдын гэр бүлийн гишүүдийн  2,7 тэрбум ам.долларын хөрөнгө бий гэсэн байна.
       

Чан Бэйли ба Вэнь Зябао. Фото hkchcc.org


Өгүүлэлд ерөнхий сайдын хамаатнуудын талаар мөн өгүүлсэн байна.  Ерөнхий сайдын ээж,  бэр нь хүртэл тэнд дурсагдсан аж.  Сонинд өгүүлснээр бизнестэй ойр хамаатнууд ньхувьцаан шууд эзэмшдэггүй учир тэднийг тоолоход амаргүй байсан гэнэ.  Уг судалгааны зохиогчид  ерөнхий сайдын гэр бүлийн зарим гишүүд тухайлбал, түүний эхнэр Чан Бэйли (Zhang Beili), Вэнь Зябаог төрийн дээд өндөрлөгт ажиллаж эхлэхээс өмнө бизнест орж ирсэн гэжээ. Тэдний ажил үйлс 1998 онд Вэнь ерөнхий сайдын орлогч болсноос хойш жинхэнээрээ цэцэглэж эхэлсэн аж. Жишээ нь хэн нэгэн улс төрийн дэмжлэггүйгээр “China Mobile” гэх төрийн том компаниас хөрөнгө оруулалт авч чадахгүй. Гэтэл  Вэнийн хүү Вэнь Юньсуны (Wen Yunsong) Хятадын зах зээлийн томоохон тоглогчидтой хамтарсан компани байгуулсан гэжээ.  Энэ мэт жишээ уг өгүүлэлд их байгаа. Ерөнхий сайдын эхнэрийг Очир алмазын хатан хаан гэж нэрлэсэн нь нэгийг өгүүлнэ. Чан Бэйли Хятадын үнэт чулууны зах зээл дэх асар их нөлөөтэй учир түүнийг ингэж нэрлэжээ. Бараг бүх зах зээл нь түүний хяналтад байдаг гэнэ. Мөн Дундад улсад бизнес явуулах гэсэн гадаадын компаниуд тэдний дотор дэлхийн том нь болох “De Beers” ч тэр эмэгтэйтэй харьцаатай байх ёстой аж. Гэтэл тэрээр Геологийн яамны ердийн нэг албан хаагч байсан. Гэсэн хэдий ч Чан Бэйлийг Хятадад төдийлөн мэдэхгүй бөгөөд тэрээр нөхрөө дагалдан явдаггүй, сүүдэрт үлдсэн нэгэн ажээ.

Энэхүү өгүүлэлд Вэнь Зябаог өөрийг огт буруутгаагүй, ямар нэгэн зүйлд холбоогүй. Харин ч ерөнхий сайд хамаатан садныхнаа даруухан байсангүй гэж  загнах янзтай байдаг хэмээн бичжээ. Хэдийгээр түүний хүрээнээс олон хүн хөрөнгөжиж чадсан ч түүнийг тэрээр өөрөө ивээн тэтгэж, нөлөөлөөгүй, харин сэргэлэн хамаатан садан нь нөхцөл байдлыг сайтар ашиглаж чадсан гэжээ. Хэдийгээр удирдагч өөрөө дургүй байсан ч Хятадын дээд удирдлагын хамаатнууд нэр нөлөөг нь ашигласан байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ тэрээр дургүйцэж буйгаа ямар нэгэн байдлаар илэрхийлээгүй гэнэ. Ноён Вэнь 2007 онд ерөнхий сайдаар сонгогдсоныхоо дараа Чан Бэйлийнхээ бизнесийн цэвэр бус ажиллагаанаас болон эхнэрээсээ салах шахсан байлаа гэж  WikiLeaks сайтаар өгүүлсэн байдаг. Гэхдээ тэд салаагүй.
 

Вэнь Юньсун. Фото wantchinatimes.com

Намын нөхөд нь Вэнийн ойрын хамаатнуудын  байдлыг хэрхэн мэддэг нь тодорхойгүй байна. Вэнь хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа дээд хүрээний авлигатай дайн зарласнаар эхэлж, тухайн албан тушаалтны өөрийн орлогын мэдүүлгээс гадна тэдний гэр бүлийнхэн ч орлогоо мэдүүлэх шинэ журам баталсан. Гэхдээ эдгээр мэдээлэл нь маш хаалттай. Хоёрдугаарт, тэр журамд хамаарагдахгүй хамаатануудад нь хөрөнгийн ихэнх байгаа гэж “The New York Times” сонин өгүүлжээ.

Америкийн сонины хятад сайтад нийтлэгсэн уг өгүүлбэрт Бээжин хэрхэн хандсан нь сайтад хязгаарлалт хийснээс тодорхой харагдана. Мөн иймэрхүү утгатай мэдээллийг сайтуудад болон  орон нутгийн твиттер болох Sina Weibo зэрэгт гаргахгүй болсон байна. Сонины баталгаа болгон хэлээгүй мэдээлэлд нь няцаалт хийсэн нь ч сонирхолтой. Тухайлбал, хуульчид “Вэнь Зябао хэзээ ч гэр бүлийнхээ ажил хэрэгт оролцож байгаагүй. Түүгээр ч барахгүй тэрээр өөрийн улс төрийн шийдвэрээ нөлөөлөл болгон ашиглахыг зөвшөөрч байгаагүй” гэж бичсэн байна.

Хятадын эрх баригчид тэр болгон барууны шүүмжлэгчдэд хариу барьдаггүй. Гэтэл энэ удаагийн тэдний хариулт гайхал төрүүлэхээр байгаа юм. Жишээлбэл, 2012 оны зургадугаар сарын 29-д БНХАУ-ын орлогч дарга бөгөөд удалгүй төрийн тэргүүн болох Ши Зиньпиний талаар өгүүлсэн үүнтэй адил өгүүллийг Bloomberg агентлаг нийтэлсний дараа сүлжээнд нь хязгаарлалт хийж, тус агентлагийн Бээжин дэх сурвалжлагчдыг  мөрдөн тагнах болсон гэж гомдоллож байлаа. Түүнээс гадна Bloomberg-гийн ерөнхий редактор Мэтью Уинклерийн  (Matthew Winkler) хятад бизнесменүүд, санхүүчидтэй уулзах уулзалт тасарсан юм. 

Бээжингийн улс төрийн тавцанд халуухан байгаа нөхцөлд тушаалаа өгч байгаа ерөнхий сайдын тухай материалд хариу өгөх хэрэгтэй гэж үзсэн байж болно. Мөн энэ материал болон Хятадад мандаад байгаа томоохон улс төрийн дуулиан хоёрын холбоог тэд олж харсан байж болох юм.  Нөлөө бүхий Foreign Policy сэтгүүлд зарим нэг хүний бичсэнээр уг материалыг Чунцин хотын намын лидер асан Бо Силайн талынхны явуулга гэхээр байгаа ажээ.
       

Бо Силай. Архивын фото AFP

Саяхан болтол Бо Силай Хятадын улс төрийн од гэгдэж байв. Түүний карьер нь Чунцин хотын дэд захирагч бөгөөд цагдаагийн дарга Ван Лизюнь АНУ-аас орогнол хүссэний дараа салам унасан юм. Удалгүй тэдний сөргөлдөөн нь Бо Силайн эхнэр Британийн бизнесмен Нил Хейвудыг хорлосон хэргээс үүдэн гарсан нь тогтоогдсон юм. Ингээд гуравдугаар сард Бо Силай тушаалаа өгч, наймдугаар сард түүний эхнэр болон Ван Лизюнийг шүүхээр шийтгэсэн билээ. Энэ хэрэгт Богийн нэр холбогдоогүй ч түүний хувь заяа тодорхойгүй болсон юм.

Асуудал есдүгээр сард тодорхой болж, Бо намаас хөөгдсөнөөс гадна өнгөрсөн баасан гаригт депутатын мандатаа хураалгасан. Мөн тэр өдөр түүнд эрүү үүсгэжээ. Нам төрийн дээд удирдлагыг солих намын их хурлын товийг Бо Силайг намаас хөөсөн өдөр зарласан юм. Уг нь их хурлыг аравдугаар сард хийнэ гэж байсан ч арваннэгдүгээр сарын 8-нд эхлүүлэхээр болж байна. Шинжээчид энэ нь цаанаа нарийн учиртай гэж харж байгаа юм.

Ийм маягийн үйл явдлууд мөн нууцлагдаж байгаа зэргээс үүдэн блогчид Америкийн сонины материалын ард Богийн нөхөд байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлж байна. Гэхдээ энэ нь баталгаатай мэдээлэл биш. Эдгээр үйл явдлуудтай холбоогүй ч байж болох. Гэхдээ ийнхүү үйл явц давхцаж буй нь Хятадын эрхтэн дархтнуудыг сандаргасаар байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж