Гурван зууны хүсэл буюу тусгаар Шотланд

Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

Гурван зууны хүсэл буюу тусгаар Шотланд

Шотландчуудын гурван зууны хүсэл биелэхэд тун дөхөж ирээд байна. Тэд тусгаар тогтнолынхоо төлөө тууштай тэмцэж байсан ч нэгдсэн хаант улсын засаг захиргаанаас холдож чадаагүй юм. Гэхдээ Шотландад тусгаар улсын амин сүнс бий юу гэдэг асуулт мэргэжилтнүүдийн анхаарлыг татаад байна.

Энэ асуултын хариу бол мэдээж тийм. Шотландчууд Их Британийн мэдэлд байхдаа ч АНУ-тай цэрэг болоод дипломат харилцаа сайтай байсан. Мөн дэлхийн энх тайвны төлөө дуу хоолойгоо НҮБ болоод бусад хамтын нөхөрлөлийн байгууллагуудад мэдэгдэж байсан үндэстэн. Шотланд улсын арми 8000-10 мянган цэрэгтэй. Мөн НАТО-гийн гишүүн орон гэж ерөнхийдөө ойлгож болно. 5,2 сая гаруй хүнтэй. Тэгэхээр 2014 оны сүүлээр Шотланд тусгаар тогтносноор Их Британи 5,2 сая хүн амаа алдана гэж ойлгож болно. Шотланд бүх салбараа жигд хөгжүүлэх эдийн засгийн хувьд нээлттэй бодлого баримталдаг. Их Британи төдийгүй баруун Европын орнууд дундаа хүнд үйлдвэрийн салбар түлхүү хөгжүүлсэн орны тоонд багтдаг. Усан онгоц үйлдвэрлэл, нүүрсний уурхай, төмрийн үйлдвэрлэл сайн хөгжсөн. Мөн Шотландын шийслэл хот болох Эдинбургийг Европын эдийн засгийн томоохон төвүүдийн нэг. Энэ хот Лондон, Парис, Цюрих, Амстердам, Франкфуртын дараа бичигддэг. Дэлхийн томоохон фирмийн төлөөлөгчийн салбар, банкны томоохон сүлжээ энэ хотод олноороо байрладаг, шотландчууд виски, электрон бараагаараа алдартай, экспортын гол бүтээгдэхүүн нь. АНУ, Голланд, Герман, Францтай гадаад худалдааны салбарт голчлон хамтардаг ажээ. Шотландын дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн жилийн байдлаар 173 тэрбум фунтээр хэмжигдэж байсан юм. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 26 мянган фунт.

Шотландчууд тусгаар тогтнолоо зарлахад Европын холбоо тунчиг анхаарал тавьж буй. Тэд нэн даруй Европын холбоонд гишүүнээр нэгдэх хэрэгтэй гэдгийг онцолж байгаа бөгөөд нэгдсэн мөнгөн тэмдэгт болох еврод шилжихийг зорилгоо болгож байгаа юм. Шотландын ерөнхий сайд Алекс Салмондын ярьж байгаагаас харвал фунтээсээ салахгүй бөгөөд шотланд фунт хэмээн нэрлэх гэж байгаа аж. Харин тэд Европын холбоонд нэгдэж болох ч нэгдсэн мөнгөн тэмдэгтэд нэгдэхгүй гэдгээ зарлачихсан байгаа. Европын холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр еврод нэгдэхийн ач тусын тухай евро бүсийн удирдлагууд “рекламдсан” ч Шотландад нөлөөлөхгүй гэдэг нь угтаа тодорхой болчихсон. Зарим нэгэн ажиглагчид европын холбоонд нэгдэх шаардлагагүй гэдгийг хэлж байгаа ч хамтын ажиллагаагаа бодвол Европын холбоонд нэгдэх нь ашигтай байх нь ойлгомжтой. Учир нь тусгаар тогтнолоо зарласан шинэхэн улсын хувьд хамтын ажиллагаа гэдэг асар чухал ойлголт юм.

Тусгаар улс болоход хамгаас хэрэгтэй том хөзөр тэдний гарт бий. Энэ бол газрын тосны орд. Британийн арлын хамгийн арвин их газрын тосны нөөцтэй орд Хойд Тэнгист байрладаг. Энэ нь Шотландын газар нутагт хамаардаг ажээ. Тийм ч учраас газрын тосны экспортыг бараг дангаараа хангачихаж чадна. Мөн байгалийн хийн асар нөөцтэй ч гэж яригддаг. Үүнийг яг таг судалгаагаар тогтоогоогүй байгаа юм. Энэ бүгдийг Их Британи Шотландад алдахыг хүсэхгүй нь ойлгомжтой. Тиймээс хамтын ажиллагааны гэрээ үйлдэх саналыг Девид Камерон, Шотландын удирдлагуудад тавьсан аж.

Их Британийн ерөнхий сайд Девид Камероны гаргасан тусгаар тогтнолыг зөвшөөрөх шийдвэр нь Европын холбоонд яхир гэдгээрээ гайхагддаг энэ улсын нэр хүндийг өсгөх нэгэн алхам ч гэж яригдаж байна. Үүний тулд Шотландтай гэрээ байгуулах явдал чухал. Өөрөөр хэлбэл, Шотланд тусгаар тогтносон ч Их Британиас хамааралтай байх үзэл оршиж байгаа гэдгийг ч зарим мэргэжилтнүүд онцолж байгаа юм.

Шотландын тусгаар улс болох хүсэл, эрмэлзлэл ийнхүү хоёр жилийн дараа биеллээ олох гэж байна. Угтаа эдэн шиг ирээдүйг хүссэн газар, орон бүх Европ даяар бий. Тэд соёл, зан заншил, уламжлал, үндэсний бахархлаа дээдэлж улс шиг улс болохыг мөрөөддөг. Дурьдвал Испанийн Каталон, Баск үндэстэн, Бельгийн Фландерс, Италийн Венец гээд явж өгнө. Чухам энэ хүслээ гүйцэлдүүлэхийн тулд Каталоны тэргүүн Артур Мас, Шотландын ерөнхий сайд Алекс Салмондтой утсаар ярьсан байна. Тэд ирэх сард  уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Гэхдээ каталончуудын хүсэл дахин хэдэн жилээр хойшлох нь гарцаагүй боллоо. Испанийн эдийн засгийн хүнд байдалтай холбоотойгоор Каталончууд дахин хэдэн жил энэ мөрөөдлөөрөө амьдарна гэж ойлгож болно.

Европын улс гүрнүүд дундаа газар нутгийн хэмжээгээр бага гэгдэх энэ улс том амбицитайгаар тусгаар улс болох замдаа орлоо. Европын холбоо ч үүнийг анхааралтай ажиглаж байна. Тэгээд ч энэ улсыг Европын холбооны дээд зөвлөлд багтаахыг эрмэлзэж буй. Байгалийн баялаг ихтэй Шотландын засгийн толгойд социал демократ нам байгаа.

Тоймч Б.БОЛОРСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж