Улс төрийн намуудын хараат бус байдалд хамгийн эрсдэлтэй байдлаар нөлөөлдөг зүйл нь санхүүжилт. Ил, далд, хууль бус санхүүжилтийн нөлөөгөөр намууд бизнесийн бүлэглэлийн нөлөөнд автах, гадны нөлөө бүхий хүмүүсийн эрхшээлд орох, мөнгөтэй хүнд ацаглагдаж албан тушаалын наймаа хийх зэрэг эрсдэлтэй байдалд ордог.
Хэлэлцүүлгийг сонсч байхад улс төрийн намууд санхүүжилтээ бүрдүүлэх гэж ямар бэрхшээл туулж өдий хүрснийг эргэцүүлэхэд хүрсэн юм. Намуудад үйл ажиллагаагаа явуулахын тулд мөнгө, хөрөнгө гарцаагүй хэрэгтэй. Энэ зовлонг Монголд олон нам үүсч, үйл ажиллагаа явуулсан өнгөрсөн 20 гаруй жилийн туршид нам, хүчнүүд амсч ирсэн. Шинэ тутам үүссэн намуудад санхүүжилт босгохын тулд үүсгэн байгуулагчид нь 1990-ээд оны эхээр гахай үүрч, ганзага зөөж юм, юм л үзсэн. Ийм түүхийг өнөөдрийн Монголын улс төрийн лидерүүд бараг бүгдээрээ амссан.
Улс төрийн албан тушаалд гарсан нэгнээ, тэр дотроо ашигтай, орлоготой газрыг тэргүүлэх аз тохиосон албан тушаалтандаа “Намын санхүүжилт босгож хандив цуглуул” гэсэн хатуу даалгавар оноодог байсны балгийг тухайн үеийн МАХН-ын гишүүн, “Гаалийн Баатар” нэрээр хэвлэл мэдээллийн дуулианы баатар болсон Х.Баатар нар үүрсэн. Намынхаа даалгаврыг биелүүлэх гэж, намаа хөрөнгөжүүлэх гэж гаалийн татварын мөнгөнөөс “шомбодсоор” энэ хүн ялд унасан байдаг. Бас албан тушаалын наймаа цэцэглэсэн. Сайд, дэд сайдын суудал, бүр доошлоод хороо, багийн Засаг даргын суудал хэдэн зуун мянгаас хэдэн сая төгрөгөөр үнэлэгддэг болсон тухай дуулддаг. УИХ-ын сонгуулийн үеэр намууд нэр дэвшигчдээсээ ил далд хандив авдаг нь нууц биш. УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө АН нэр дэвшигчдээсээ 50 сая төгрөгийн хандив татаж түүнийгээ ил зарласан бол МАН-ынх ил хэлээгүй ч 100 саяд дөхсөн гэдэг. Энэ мөнгийг олохын тулд нэр дэвшигчид мөнгөтэй хүн царайчилна. Гадаадын байгууллага, хувь хүнээс хандив цуглуулах нь хуулиар хориотой ч нууцаар авдаг байхыг үгүйсгэхгүй. Гишүүн болоод гараад ирэхээрээ “шарх”-аа нөхөх гэж, ачтан буянтандаа хариу барих гэж хандив өргөсөн хүмүүсийнхээ эрх ашигт нийцсэн хуулийг лоббидож батлуулах, улс орны нууцыг гадагш зөөх, албан тушаалын панз үсэргэх гээд юм юмыг хийнэ. Монгол Улс уул уурхайн үүцээ задалснаас хойш гадны мөнгөтэй эрхмүүд улстөрчдийг ангуучилж, мөнгөөр татахын төлөө зүтгэх болсон.
Тэгвэл улс төрийн намуудын үйл ажиллагааг хэрхэн шударгаар санхүүжүүлэх вэ, улстөрчдийг яаж цэвэр байлгах вэ хэлэлцүүлэгт оролцогчид анхаарлаа хандууллаа. Монголын хувьд парламентад суудалтай намуудын суудал бүрийг төсвөөс санхүүжүүлдэг болоод багагүй хугацаа өнгөрч байгаа. 2005 онд шинэчлэн баталсан Улс төрийн намын тухай хуулийн 19.1-д “УИХ-ын сонгуулиар тухайн намын авсан саналыг нийт хүчинтэй саналын тоотой харьцуулах зарчмаар нэг саналыг 1000 төгрөгөөр тооцож, сонгуулийн дүн гарсны дараа гурван сарын дотор багтаан УИХ-д суудал бүхий намд төр нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлнэ”, 19.2-т “УИХ-д суудал бүхий намд түүний авсан суудлын тоогоор УИХ-ын гишүүний нэг суудлыг жилд 10 сая төгрөгөөр тооцож, УИХ-ын тухайн бүрэн эрхийн хугацаанд улирал тутам улсын төсвөөс санхүүжилт олгоно. Энэ санхүүжилтийн 50 хувийг УИХ-ын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулна” гэж заажээ. УИХ-д суудал авсан намууд энэ дагуу санхүүжилтээ авсаар ирсэн. Харин парламентын суудал бүрээ 10 саяар үнэлүүлж төсвөөс мөнгө авсныхаа талыг тойрогтоо зарцуулна гэдэг заалт хэрэгжээгүйгээр барахгүй улсын төсөв батлах бүрт тойргийн мөнгө гэж тусгуулан гишүүний нэрийн өмнөөс зардаг үзэгдэл 2002 оны үеэс эхэлсэн. Энэ мөнгө 10 саяас эхэлж гурван тэрбум хүртэл өсөөд ирэх жилийн төсвөөс эхлэн зогсох гэж байна.
Төгрөгийн ханшийн уналтаас болж төсвөөс өгч буй намуудын санхүүжилт хангалттай бус болсон гэж үзэх болжээ. Ингээд Улс төрийн намуудын тухай хуульд заасан хүчинтэй саналыг 1000, УИХ-ын суудлыг 10 сая төгрөгөөр үнэлэх нь “хямд” тусах болсон тул нэмэгдүүлэх санал гараад буй ажээ. Аль ч намын санхүүгийн эх үүсвэр нь гишүүдийн татвар, гишүүд, дэмжигчдийн хандив, татаас, төрөөс олгодог нөхөн олговор гэсэн хэдэн төрөлтэй.
Судлаачдын хэлснээр намуудыг авлига, хээл хахууль, бизнесийн бүлэглэлийн нөлөө, мөнгөтэй хүмүүсийн дарангуйллаас ангид байлгахын тулд төрөөс заавал санхүүжилт өгч байх хэрэгтэй аж. Гадаад орнуудад энэ аргыг түгээмэл хэрэглэдэг болсон талаар Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн Улс төрийн нам болон Парламентын асуудал хариуцсан хөтөлбөрийн дарга ноён Сайм Ван Дер Стаак, зөвлөх Биярта Тора нар илтгэл тавьсан юм.
Сүүлийн жилүүдэд улс төрийн намуудын орлого буурах хандлага түгээмэл харагдах болжээ. Дэлхийн аль ч улс, оронд намд итгэх итгэл буурч, намуудын гишүүн цөөрснөөс татвар, хандив буурч орлого хомсдох шинж бүрджээ. Мэдээллийн технологи хөгжсөнөөр зардал өссөн байна. Намууд улс төрийн сонгууль зэрэг үеэр гишүүд дэмжигчдээсээ тусламж авахаасаа илүү мэргэжлийн баг хөлсөлж ажиллуулах нь түлхүү болжээ. Намууд хатуу гишүүнчлэлээс татгалзаж, жирийн иргэд ч нам дагаж гишүүн болж явахаас түдгэлзэх болсон нь аль ч улсын түгээмэл төрх болжээ.
Гэтэл намууд асар их мөнгөн дээр тогтдог, олон гишүүнтэй байж тэднийхээ татвар, хандиваар амь зуудаг хуучин хэлбэрээсээ татгалзаж чадахгүй байгаа нь дээрхтэй зөрчилдөж эхэлжээ. Иймд эрх баригч, сөрөг хүчин гэлтгүй намуудыг төрөөс санхүүжүүлэх хандлага нэмэгдэж буй аж. Төрөөс намуудад өгдөг мөнгө нь гурван төрөлтэй байдаг байна. Шууд санхүүжилт буюу сонгуульд нэр дэвшигчдэд чиглүүлсэн мөнгө гэж байдаг бол шууд бус санхүүжилт буюу хэвлэл, мэдээллийн байгууллагаар сурталчилгааг нь төлбөргүй хийх, татвараас чөлөөлөх, хонжворт сугалаа гаргаж орлого оруулах зэрэг хэлбэртэй байж болдог аж. Нөхөн олговор хэлбэрээр төрөөс намуудыг санхүүжүүлэхдээ намуудын сурталчилгаандаа зориулж гаргасан материал, ном, товхимолын үнийг нөхөн олгох хэлбэрээр намуудыг дэмждэг ажээ.
Намуудыг төрөөс санхүүгээр дэмжсэнээр улс төрийг авлигагүй, хээл хахуульгүй цэвэр байлгаж, албан тушаалыг наймааны хэрэгсэл болгодог, үндэсний аюулгүй байдалд гадаадын хөрөнгө мөнгөтэй компаниуд нөлөөлдөг байдал арилна гэж олон улсын хэмжээнд үздэг болжээ. Ядаж л намынхаа нэрээр улс төрийн албан тушаалд очсон нэг нь “Гаалийн Х.Баатар” шиг намдаа зүтгэж хандив цуглуулж яваад ялд унахгүй юм даа.