Дулаарал хүнсний хэрэглээнд нөлөөлж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.31-нд нийтлэгдсэн

Дулаарал хүнсний хэрэглээнд нөлөөлж байна

Дэлхийн уур амьсгал өдрөөс өдөрт дулаарч, хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний ургац улам муудаж буйтай холбоотойгоор эрдэмтэд зарим өргөн хэрэглээний хүнсний ногоог орлуулах өөр төрлийн нөөц бололцоог судалж эхэлжээ. Энэ хүрээнд хэсэг эрдэмтэд сэрүүн нөхцөлд сайн ургадаг төмсийг халуун нөхцөлд ургадаг гадил жимсээр орлуулж, хүнсэнд хэрэглэж болохыг судалсан байна. Энэ нь дэлхийн зарим оронд нүүрлээд буй хүнсний хомсдлын улмаас улс орон бүр өөрсдийн хүнсний нөөц бололцоондоо тулгуурлан хоолны цэс зохиох шаардлагатай болсонтой холбоотой юм байна. Хэдийгээр эрдэмтэд гадил жимс төмсийг бүрэн орлож чадах эсэх тал дээр санал зөрүүтэй байгаа ч энэ талаарх нөөц бололцоог судалж байгаа гэнэ.  Дэлхийн хүнсний аюулгүй байдлын байгууллагаас хийсэн судалгаагаар уур амьсгалын өөрчлөлтөөс болж 22 орны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ургац буураад байгаа аж. Энэ үзэгдэл дэлхий дахинд түгээмэл хэрэглэгддэг, илчлэгийн эх үүсвэр гурил, цагаан будаа, эрдэнэ шиш зэрэг гол гурван бүтээгдэхүүнд илүүтэй ажиглагджээ. Түүнчлэн хөгжиж буй орнуудад эдгээр хүнсний бүтээгдэхүүний  ургац улам буурах магадлалтай байгаа бөгөөд үүнийг дагаад үнэ нь ч улам нэмэгдэх магадлалтай байгаа гэнэ. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг орлох чадалтай өндөр илчлэгтэй өөр төрлийн хүнсний бүтээгдэхүүн одоогоор байхгүй байгаа ч эрдэмтэд төмсийг гадилаар оруулахын адилаар илчлэгийг бүрэн биш юмаа гэхэд тал хувийг нь орлох чадалтай хүнсний бүтээгдэхүүнийг илрүүлэхээр судалж байгаа юм байна. Ямартай ч дэлхийн дулаарал дээд цэгтээ хүрч, ихэнхи орнууд халуун дулаан уур амьсгалтай болвол хүмүүсийн хүнсний сонголтод төмсний оронд гадил жимс гарч ирэх бололтой.

Б.Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж