Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 50 жил тохиож байна

Хуучирсан мэдээ: 2012.10.31-нд нийтлэгдсэн

Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 50 жил тохиож байна

Энэ жил Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 50 жил, Дэлхийн өвийн конвенцийн 40 жилийн ой тохиож байна. ЮНЕСКО нь 1945 онд боловсрол, шинжлэх ухаан, соёлыг хөгжүүлэх замаар үндэстэн хоорондын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бий болгох, үндэс угсаа, арьс өнгө, хүйс, хэл соёл, шашин шүтлэгээр нь үл ялгаварлан  хүний эрх, эрх чөлөөг хангаж харилцан хүндлэлийг бий болгох, цаашлаад дэлхийд энх тайвныг тогтоох зорилгоор байгуулагдсан НҮБ- ын төрөлжсөн байгууллага юм. 1962 оны 11 дүгээр сарын 1-нд  БНМАУ-ын Засгийн Газрын төлөөлөгч ЮНЕСКО-гийн дүрэмд гарын үсэг зурснаар Монгол Улс ЮНЕСКО-гийн 108 дахьбүрэн эрхт гишүүн болсон. Өнөөдрийн байдлаар ЮНЕСКО-гийнбүрэн эрхт гишүүн 195орон, дэмжигч гишүүн 8 орон байгаагаас 198 нь үндэсний комисс байгуулан ажиллуулж байгаа бөгөөд Монгол  улс 1963 оны 3 дугаар сарын 1-ний өдөрЮНЕСКО-гийн Дүрмийн VII зүйлийн дагуу тухайн үеийн Сайд нарын Зөвлөлийн 77 дугаар тогтоолоор Гадаад Явдлын Яамны дэргэд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссыг байгуулсан байна.

Монгол улс ЮНЕСКО –гийн гишүүн болсноос хойш өнгөрсөн 50 жилийн түүхэнд тус байгууллагын зорилго, үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, ЮНЕСКО- гийн бодлого, үйл ажиллагааг дэмжихийн төлөө хүчин чармайлт гаргаж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд ЮНЕСКО-гийн таван Ерөнхий захира лманай улсад айлчилсан.

ЮНЕСКО дангаараа болон бусад олон улсын байгууллагуудтай хамтран олон улсын конвенц, гэрээ, хэлэлцээрийг баталж, түүнийг хэрэгжүүлэхээр ажилладаг бөгөөд Монгол улс энэ хугацаанд ЮНЕСКО-гийн нийт 10 Конвенцид нэгдэн орж амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Монгол Улсын санаачилгаар НҮБ, ЮНЕСКО 1970-1980 оныг “Бичигтэн болох арван жил ” хэмээн зарлан тунхагласан нь бүх нийтийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үр дүнтэй санаачлага болсон юм.

2007 онд Монгол улс 107 орны дэмжлэг авч хоёр дахь удаагаа ЮНЕСКО- гийн Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Монгол Улс тус байгууллагын үлй хэрэгт өөрийн идэвхтэй оролцоо, хувь нэмрээ оруулахын төлөө явуулж ирсэн хүсэл эрмэлзлэлийг үнэлж бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад онцгой гавьяа байгуулсан байгууллага, хүмүүст олгодог Н.Крупскаягийн нэрэмжит шагналыг ЮНЕСКО Монгол улсад олгов.

Өнгөрсөн хугацаанд ЮНЕСКО, Монгол Улсын хамтын үйл ажиллагааны хүрээнд олон ажил хийж гүйцэтгэснийй дотор МУИС-ийн инженерийн мэргэжлийн багш нар 1967 онд Политехникийн Дээд Сургууль байгуулах санаачлага гаргасныг Засгийн газар дэмжин хүлээн авч улмаар ЮНЕСКО-гийн 3.2 сая долларын санхүүжилтээр тухайн үеийн Политехникийн дээд сургуулийг байгуулж байжээ. Мөн ЮНЕСКО-гийн Бүх нийтийн боловсрол хөтөлбөрийн хүрээнд МҮОНТ-ийн хоёрдугаар сувгийг нээж энэ сувгаар дамжуулж алс­лагдсан хөдөө орон нутагт, нийгмийн эмзэг дав­харга, үндэсний цөөнхөд хүрч боловс­ролыг хүртээх зорилт тавин ажиллаж байна.
Түүнчлэн 2007 онд ШУА-ийн Геоэкологийн Хүрээлэн  “Гүний Усны Менежментийн Тэнхим”-ийг ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр байгуулсан ба  “Хүн ба шим мандал” хөтөлбөрт хамрагдан ажиллахын зэрэгцээ Монгол Улс ЮНЕСКО-той хамтарч соёлын эд зүйлсийг хууль бусаар хил дамнуулан худал­даалах­тай тэмцэх чадавхийг бэхжүүлэх асуудлаар идэвхитэй хамтран ажиллаж байна. МонголУлс ЮНЕСКО-гийн дэлхийн өвд Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор газруудыг бүртгүүлж  хадгалан хамгаалж байна.

ЮНЕСКО үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг дээдэлдгийн хувьд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжих зорилгоор шүүгчдийн мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч ажилладаг. Мөн шинжлэх ухааны салбарт судалгаа шинжилгээ хийж, гарамгай амжилт гаргаж байгаа залуу эрдэмтэн эмэгтэйд олгодог “ЮНЕСКО-Лореал тэтгэмжит шагналыг Монгол Улсаас Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн судлаач, ихэмч Д.Энхмаад олгосон нь Монголчууд ЮНЕСКО-гийн үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцдогийн илэрхийлэл боллоо.

Монгол улс гишүүнээр элсэн орсон цагаас ЮНЕСКО манай улсын нийгмийн бүхий л хэсэгт хамтран ажиллаж, орчин цагийн шинжлэх ухааны мэдлэг, эрдэм боловсрол түгээх, үндэсний соёл, урлаг, түүх соёлын өв болон байгаль орчныг хамгаалах, техник, технологийн дэвшилт ололтыг таниулах, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хангахыг уриалах зэргээр Монголчуудыг нийгмийн хөгжил, дэвшлийн замд үргэлж дэмжин зоригжуулж ирснийг зүй ёсоор тэмдэглэх нь зүйтэй.

Монгол Улс соёлийн биет бус өвийг дэлхийд сурталчилан  хадгалж хамгаалахаар морин хуур, уртын дуу, наадам ,хөөмэйн урлаг, цуур хөгжим, ардын бүжиг, бүргэдийн баяр, Монгол тууль, Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил болох битүү амьсгаа болон Лу. Алтан Төвч, Монгол Шунхан Данжуурыг дэлхийн баримтат өвөөр тус тус ЮНЕСКО-д бүртгүүлээд байгаа бөгөөд үндэсний морин хуур чуулгын тоглолт, Монгол дээлний загварын үзүүлбэрүүдийг ЮНЕСКО-гийн төв байранд зохион байгуулагдсан.

Монгол Улсын Засгийн Газар Зүүн Азийн хүүхдийн урлагийн 10- дугаар их наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор  эх орондоо хоёр дахь удаагаа зохион байгуулсан бөгөөд тус наадмын үеэр Зүүн хойд Азийн ЮНЕСКО- гийн Үндэсний Комиссуудын Ерөнхий нарын бичгийн дарга нарын 12- дугаар уулзалтыг  зохион байгуулж 2010-2011 оны бүс нутгийн үйл ажиллагааны төслийн хэрэгжилт ба 2012-2013 оны төлөвлөгөө болон 2014 оны ээлжит Зүүн Азийн Орнуудын Хүүхдийн Урлагийн Их Наадмын талаар хэлэлцсэн байна.

Монгол Улс ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын ээлжит 36-дугаар чуулганаар ЮНЕСКО-гийн Олон улсын Ус зүйн хороо болон Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөрийн Засгийн Газар хоорондын зөвлөлд гишүүнээр 2015 он хүртэл сонгогдон ажиллаж байна. МонголУлс ЮНЕСКО-гийн гишүүн болсон цагаасаа эхлэн түүний дүрмийн заалтад нийцүүлэн, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөө ЮНЕСКО-гоос  дэвшүүлж ирсэн үзэл санаа, санал санаачлагыг дэмжин төрийн бодлого чиглэлд тусган хэрэгжүүлж  ирсэн явдал манай нийгмийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан билээ.

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж