Америкийн хэвлэл, мэдээллийн үйлдвэрлэл группээс тус улсад тогтмол үйл ажиллагаагаа явуулдаг хамгийн шилдэг сонингуудыг нэрлэжээ. Америкт өнгөрсөн есдүгээр сарыг хүртэлх зургаан сарын хугацаанд сонин, сэтгүүлийн хэвлэлт 0.2 хувиар буурсан бөгөөд хагас жилд нэг удаа хэвлэгддэг сонингуудыг оролцуулаад нийт 613 сонин цахим болон хэвлэл хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа гарчээ. Эдгээрээс өдөрт хамгийн олон буюу 2.3 сая хувь цахим болон хэвлэлт хэлбэрээр уншигчдад хүрдэг сониноор “Wall Street Journal” сонин шалгарсан байна. “Wall Street Journal” сонинг өдөрт хамгийн их хүн гар утас болон цахим эх үүсвэрээс орж үздэг аж. Түүнчлэн тус сонины хэвлэлт буурч байгаа дүн гарсан ч вэбсайтад зочлон цахим хэлбэрээр уншигчдын тоо нэмэгдсэн байна. Энэхүү жагсаалтанд өдөрт 1.7 сая хүнд хүрдэгээрээ “USA Today” сонин хоёрдугаарт оржээ. “USA Today” сонины хувьд цахим хэлбэрээр уншигчдын тоо багассан ч хэвлэлтийн тоо нь өссөн дүнтэй гарсан байна. Үүний араас 1.6 сая уншигчдыг татаж чадсанаар “The New York Times” сонин гуравдугаарт бичигджээ. Тус сонины хувьд цахим хэлбэрээр болон хэвлэлтээр уншигчдын тоо адил тэнцүү хувьтай байгаа аж. Гэхдээ дээрх сонингуудаас ням гаригт уншигчдад хүрдэг тоогоороо “The New York Times” сонин тэргүүлсэн байна. Учир нь нөгөө хоёр сонин нь ням гаригт дугаар гаргадаггүй байна.
Б.Анхтуяа