Хилийн шалган нэвтрүүлэх цэгт судалгаа хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.31-нд нийтлэгдсэн

Хилийн шалган нэвтрүүлэх цэгт судалгаа хийжээ

Гадаад худалдааны нэгэн чухал асуудал болох цаг хугацаа хамгийн ихээр алддаг бараа бүтээгдэхүүн хилээр нэвтрэх үйл явцад “Time Release Study" буюу “Цаг хугацааны судалгаа”-г аравдугаар сарын 16-26-ныг хүртэл хийсэн байна.

Тодруулбал, АНУ-ын Олон улсын хөгжлийн (USAID) –ийн “Бизнесийн дэмжих санаачлага” төсөл, Гаалийн ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран хилийн 00 цэг буюу БНХАУ болон Монгол Улсын хилийн хооронд, улсын хилийн шалган нэвтрүүлэх цэг болох 120, 116, 114 дүгээр цэг, Нарийн буюу шилжүүлэн ачих анги, Өртөө 2 зэрэг цэгүүдэд дараах есөн төрлийн судалгааг авчээ.

  1. Замын-Үүдийн боомт дээрхи орох урсгалын бүрдүүлэлтийг хэмжих судалгаа
  2. Боомтоор хил нэвтрэх орох дарааллыг тогтоох судалгаа
  3. Орох дарааллын орох хаалганы хяналтын цэгт хүрэх хугацааг тогтоох судалгаа
  4. Орох дарааллын гарах хаалганы хяналтын цэгт хүрэх хугацааг тогтоох судалгаа
  5. Боомтоор хил нэвтэрч буй хугацааг тогтоох судалгаа
  6. Боотмоор гарах чиглэлийн галт тэрэгний хугацааг тогтоох судалгаа
  7. Нарийн буюу шилжүүлэн ачих анги дээр хийгдэх импортын бүрдүүлэлтэнд зарцуулах хугацааг тогтоох судалгаа
  8. Экспортын бараа боомтоор хил нэвтрэх хугацааг тогтоох судалгаа (1-р хэсэг)
  9. Экспортын бараа боомтоор хил нэвтрэх хугацааг тогтоох судалгаа (2-р хэсэг)

Ийнхүү судлах болсон нь гадаад худалдааны салбарт шууд нөлөөтэй хил, гаалийн үйл ажиллагааг сайжруулах шаардлага бийгээс гадна бараа бүтээгдэхүүн гаргах болон оруулахад хил дээр очоод хамаг цагаа алддаг тухай салбарынхан шүүмжилдгээс улбаатай гэнэ.

Тиймээс  дээрх цэгүүдэд судалгаа хийж үзэхэд гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах хугацаа их байгаа нь зөвхөн бүрдүүлэлтэнд оролцогч байгууллагуудаас бус, экспорт, импортын бизнес хийдэг ААН-үүдийн гаалийн бүрдүүлэлтийн талаархи мэдлэг дутуу, бичиг баримтаа дутуу бүрдүүлдэгтэй холбоотой болох нь тогтоогджээ. Тухайлбал, дэлхийн жишгээр харьцуулахад Монгол Улсын экспорт, импортын барааны гаалийн бүрдүүлэлтэд зарцуулж буй нийт хугацааны гуравны хоёрыг ийнхүү хил дээр хүлээлтэнд зарцуулж байгаа ажээ.

Уг судалгааны эцсийн дүн 11 дүгээр сард гарах бөгөөд цаашдаа судалгааг хоёр жилд нэг удаа хийж байхаар тогтсон тухай албаныхан мэдээллээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж