Тэднийг нефтийн компанийн удирдлагуудад оноосон шийтгэврийг албан тушаалаа урвуулан ашиглаж, хуйвалдан цуцалсан гэх шалтгаанаар шалгаж байсан юм. Энэ хэргийг албаны эх сурвалжаас тодруулахад, “ШӨХТГ-ын зөвлөлийн гишүүдэд холбогдох хэргийг хянаж үзээд “Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хэрэгтэй” гэсэн шийдвэр гаргасан. Одоо Эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа” гэлээ.
Хэргийг сануулахад, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нефть импортлогчдыг үгсэн хуйвалдаж шатахууны үнийг литр тутамд 200-300 төгрөгөөр нэмснийг өнгөрсөн нэгдүгээр сард тогтоож, тэднийг нийт 17 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр гарсан ч ШӨХТГ-ын дарга асан Б.Лхагва үүрэгт ажлаа авмагцаа энэхүү шийдвэрийг хүчингүй болгосон байдаг. Тиймээс тус газрын шинэ дарга О.Магнай тэргүүтэй ШӨХТГ-ынхан өмнөх зөвлөлийнхөө зургаан гишүүнийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өргөдөл гаргасан юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх зургаан хүн нь ШӨХТГ-ын дарга асан Б.Лхагва, зөвлөлийн орон тооны гишүүн С.Ганбаатар, хуучнаар ХХААЯ-ны Стратеги төлөвлөлт бодлогын газрын орлогч Б.Алтанцэцэг, Сангийн яамны Санхүү эдийн засгийн бодлогын дарга Б.Батбаяр, ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын дарга А.Эрдэнэпүрэв, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний холбооны гүйцэтгэх захирал М.Ганжолоо нар аж.