Учир шалтгааныг тодруулбал, өнгөрсөн есдүгээр сарын 9-нд тус компанийн ажилтан БАлтангэрэл нь УНИ 72-81 улсын дугаартай “Land rover” машинаар тус аймгийн Баяндалай сумын Баян багийн Хөх толгойд нутагладаг малчин Б.Отгонтулгын гэрийг дайрч 3 эмэгтэй, 10 настай нэг хүүгийн амь насыг газар дээр нь хөнөөж нийгмийг цочроосон аймшигт хэрэг үйлдсэн юм. Б.Алтангэрэл нь “Terra energy” компанийн туслан гүйцэтгэгч “Поларис” компанийн ажилтан бөгөөд хэрэг үйлдэхдээ унаж явсан автомашин нь тухайн компанийн эзэмшлийн машин байжээ.
“Terra energy” компани нь Австрали улсын “Терра холдинг” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалтай компани бөгөөд энэ үйлдэлд хамаагүй хэмээн туслан гүйцэтгэгч компаниуд руугаа хариуцлагыг түлхэж, талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд өнөөг хүртэл албан ёсоор уучлал гуйж, эмгэнэл илэрхийлээгүй байгаа аж. Тиймээс энэ хэргийн холбогдогч Б.Алтангэрэлийг ажиллуулж байсан, гэмт үйлдэл хийхэд ашигласан техник хэрэгслийн эзэмшигч болох “Terra energy” компанид хүлээлгэж болох хариуцлагатай холбоотойгоор энэхүү асуултыг тавьжээ. Үүнд,
- Сүүлийн таван жилийн байдлаар уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын эзэмшлийн техник хэрэгслийг ашиглаж буй ажилтны буруугаас гэмт хэрэг үйлдэгдсэн хичнээн тохиолдол гарсан, уг тохиолдолд байгууллагад болон ажилтанд ямар арга хэмжээ авч байсан.
- Компани өөрийн техник хэрэгслээ согтуу ажилтанд ашиглуулахгүй байх дүрэм журам байдаг эсэх, хэрхэн хяналт тавьдаг.
- Уул уурхайн салбарт ажиллаж буй хичнээн монгол хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон. Дээрх тохиолдолд хохирогчдод төрөөс болон байгууллагаас олгох нөхөн төлбөр байдаг эсэх.
- Цаашид Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг бий болгох, хөгжүүлэх тал дээр танай яамнаас төлөвлөж буй ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү гэжээ.
Хуульд зааснаар асуултын хариуг тухайн Засгийн газрын гишүүн 14 хоногийн дотор бичгээр ирүүлэхийн зэрэгцээ байнгын хороогоор мэдээллийг сонсгох үүрэг хүлээдэг юм.