Хуучирсан мэдээ: 2012.10.31-нд нийтлэгдсэн

Драмын театрын энэ цаг үеийн уран бүтээлчид Уильям Шекспирийн ээлжит сорилтод ороход бэлэн болжээ. Театрын оршин байх үнэ цэнэ, чанар чансааг илтгэдэг гэх “Гамлет” Монголын үзэгчидтэй хоёр дахиа уулзах гэж буй нь энэ бөгөөд арваннэгдүгээр сарын 9-нд нээлтээ хийхээр үзэгчидтэй болзлоо.

Нөгөө талаас цаг үеийн шаардлагаар тавигддаг гэгдэх “Гамлет” чухамдаа дэлхийн утга зохиолын сор болсон бүтээлийн нэг. Эдүгээ цагаас 33 жилийн тэртээ 1979 онд анх УДЭТ-ын алтан тайзнаа амилсан “Гамлет”-ыг энэ удаад үзэгчид магадгүй огт өөр өнцгөөс хүлээн авах байх. Нийгмийн зөрчил, бухимдал, худал хуурмаг, эс бүтэх бүхнийг өөрөөрөө, өөрийн солиорлоор илэрхийлэх Гамлетын дүрийг найруулагч Н.Наранбаатар “Монголын ард түмний саруул ухаан” хэмээн тодотгосон. XXI зуунд техник технологийн хөгжлийг гэрлийн хурдаар хэмжихүйц хэмжээнд хүрсэн ч хүний эх язгуур гэгч зүйл алдагдаж, сайн муу, үнэн худлын дэнсэн дээр сөрөг тал руугаа давамгайлж, материаллаг сонирхол ихтэй, өнгөц, хийсвэр болсон энэ цаг үед “Гамлет” жүжиг тайзнаа тавигдаж байгаа нь цагаа олсон гэдгийг ч тэр онцолсон юм.

“Гамлет” жүжгийг дэлхийд анх удаа 1601 онд тайзнаа тавьсан гэх түүхэн баримт бий. Тэр цагаас хойш олон орны олон театрт солиотой, хардагч, өшөө авагч гээд тоймгүй олон “Гамлет” амилсан. Харин Монголын үзэгчидтэй уулзах Гамлетыг хамгийн энгийнээр, хамгийн товчхоноор үнэнийг хайгч, үнэний эрэлч гэж найруулагч нь тодотгсон. Найруулагчийн нүдээр нийгмийн бухимдлыг өөрөөрөө, өөрийнхөө солиорлоор дамжуулан гаргаж чадах тэр хүн нь С.Болд-Эрдэнэ гэнэ. “Гамлетын дүрийг бүтээж чадах авьяастай, чадвартай, басхүү Гамлетад тоглох чин хүсэлтэй олон уран бүтээлч манай театрт бий. Гэхдээ найруулагч миний төсөөлөлд С.Болд-Эрдэнэ буусан. Тиймээс үхсэн ч, сэхсэн ч бид хоёр хамт байна” гэж Н.Наранбаатар ярилаа.

Харин Офелиягийн дүрд сонгон шалгаруулалт явуулсан. Офелия бол Гамлетын хайртай бүсгүй, түүний нөгөө тал. Арга билигтэй зүйрлэвэл Гамлет бол эрэгтэй тал, харин Офелия эмэгтэй тал нь. Хүнд байдаг хамгийн эрхэм, хамгийн нандин, сайн сайхан бүхий л чанарыг шингээсэн Офелия бол Гамлетын амьдарч буй бухимдал дүүрэн энэ нийгмийн золиос. Тиймээс найруулагчийн хувьд Офелияг сонгохдоо ганц том шалгуур тавьсан нь солиорол гэнэ. Жүжигт Офелия ухаан санаагаа алдан самуурч, солиорч буй хэсэг бий. Харин энэ дүрийн төлөө өрсөлдсөн театрын 10 уран бүтээлчээс залуу жүжигчин А.Ганчимэг найруулагчийн дотоод сэтгэлд буусан төсөөллийг гаргаж чадсан аж. Солиорохдоо хамгаас их хайрлаж, олон жил нандигнаж, ээжийгээ хэмээн төсөөлж явсан тоглоомоо цэцэг болгон харж, мөч бүрээр нь салган цэцгийн дэлбээ адил шидэхийг харуулсан А.Ганчимэгийн тоглолт түүнд Офелиягийн дүрийг авчирчээ. Эрүүл саруул мэт боловч хийж буй үйлдэл болгон нь солиотой байсан тул найруулагч түүнийг сонгожээ. Харин хоёр дахь Офелия бол театрын жүжигчин Д.Ганцэцэг юм.

“Гамлет”-ын бусад дүрүүдийг танилцуулбал, Данийн ван Клавдийд П.Цэрэндагва, Гертрудад У.Уранчимэг, Офелиягийн аав Полонийд Б.Жаргалсайхан, ах Лаэртэд Г.Эрдэнэбилэг, Горациод Г.Амгаланбаатар, Марцеллод Д.Баттөмөр нар тогложээ. Жүжгийн туслах найруулагчаар Ч.Түвшин, ерөнхий продюсер Д.Цэрэнсамбуу, ерөнхий зураач Т.Ганхуяг, бүжиг дэглээчээр Т.Төгсөө, хөгжмийн зохиолчоор С.Сансаргэрэлтэх нар ажиллажээ.

33 жилийн дараа драмын тайзнаа амилах “Гамлет”-ын бас нэг онцлог нь үзэгдэл бүрт шинээр хөгжим бичиж, “Гамлет”-д зориулсан бүхэл бүтэн хөгжмийн бүтээл туурвисан гэнэ. 1979 онд орчуулагч Ч.Чимидийн орчуулгаар тайзнаа тавьж байсан бол энэ удаад Х.Мэргэний орчуулгаар “Гамлет”-ын үг хэл, утга санааг илэрхийлсэн байна.

Театрын уран бүтээлийн салхивчийг нээлттэй байлгах зорилгоор “Гамлет”-ыг тайзнаа тавих ховор бөгөөд хариуцлагатай даалгаврын эзнийг сонгон шалгаруулалтаар сонгосон. Зургадугаар сарын 15-нд эхэлсэн шалгаруулалтаар найруулагч Н.Наранбаатарын баг ялснаар УДЭТ-ын 81 дэх өвөл цагийн нээлтийг “Гамлет”-аар нээх завшааны эзэд болсон юм. 150 сая төгрөгийн өртөг бүхий “Гамлет” 200-гаад хүний оролцоотойгоор ийнхүү алтан тайзнаа залрахад бэлэн болоод байна. Шинэ бүтээл туурвихын тулд хөрөнгө мөнгөтэй хүний үүд сахиж суулгүй, Засгийн газраас санхүүгийн асуудлыг шийдсэнд театрын хамт олон сэтгэл өег буйгаа дуулгасан.

Оршихын төлөө тэмцэж ядан байгаа нэгэн байхад оршиж болохгүй нэгэн нь орой дээр гарсан энэ нийгэмд орших уу, эс орших уу.

С.ЦЭЛМЭГ
Гэрэл зургийг О.МӨНХНАСАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж