”Миний хэр зураач болохыг цаг хугацаа шүүнэ”

Хуучирсан мэдээ: 2012.10.31-нд нийтлэгдсэн

”Миний хэр зураач болохыг цаг хугацаа шүүнэ”

Хаа сайгүй бийр багс хөглөрч, ханаар дүүрэн элдэв зураг эгнүүлэн хадсан харагдана. Будагны өвөрмөц үнэр ханхийсэн өрөөнд ярилцлагын маань зочин сууж байлаа. Тэрбээр бийр багсаа хойш тавьж ширээний ард тухлав. Түүнийг гэр хороолол бүтээлээр нь нийслэлчүүд андахгүй билээ. Энэ удаа “Хүмүүс” булангийнхаа зочноор  Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач, СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн захирал Л.Бумандоржийг урилаа.


-Та сая хүмүүст шүлэг уншиж өгөөд байсан ямар учиртай юм бэ. Би гадаа хэсэг хүлээлээ?

-Монголын урчуудын эвлэлийн хорооны 70 жилийн ой болж байгаа юм. Тэгээд дурсамж ном хэвлүүлэх юм байхаа. Намайг шүлэг уншиж өгөөч гээд би “Зураач” гэдэг шүлгээрээ цацал өргөлөө.

-Зурах, бичих, оюутнуудыг зааж сургах гээд танд цаг зав хомс байдаг бололтой. Хаалганы ард байгаа зураг нүдэнд өртөөд байх юм. Ямар төрлөөр туурвисан бүтээл вэ, Олон янзын өнгө, дүрс ойлгоход нэг л бэрх байна шүү?

-Цаг зав үнэхээр бага шүү. Энэ зургийг саяхан зурсан юм. Чөлөөт сэтгэлгээний бүтээл. Сайн харвал миний дотоод ертөнц харагдана. Нэр өгч амжаагүй л байна. Ер нь бол абстракт буюу хийсвэр зураг гэж хэлж болно.

-Сүүлийн үед уран бүтээлчид абстракт буюу хийсвэр чиглэлээр зурахыг эрмэлздэг болжээ. Энэ юутай холбоотой вэ?

-Энэ бол дэлхий нийтийн чиг хандлага. Яах вэ хүмүүс янз бүрээр л шүүмжилдэг юм. Ойлгомжгүй сонин дүрс зурчихаад сонгодог бүтээл гэлээ. Бараг цэцэрлэгийн хүүхэд ч ийм зүй­лийг зурчихна гэж ярьдаг. Гэвч тийм биш. Абстракт зураг бол зураачийн дотоод сэтгэлийн илэрхийлэл юм. Энгийн хүн харахад элдэв хэлбэр дүрс байх боловч цаанаа далд утга агуулж байдаг. Би абстракт төрлийг гэр хорооллынхоо бүтээлд хэрэглэхийг зорьж байгаа. Нэг зүйл сонирхуулахад “Лондон 2012” зуны олимпийн үеэр дэлхийн зураач нарын бүтээлээр үзэсгэлэн гаргасан. Энэ үзэсгэлэнд миний “Эрч хүч” бүтээл тавигдсан. Бас л абстракт төрлийн зураг.

-Тийм үү. Та Лондонд өөрөө очсон уу, олон улсын үзэсгэлэнд Мон­голоос хэчнээн зураач оролцсон бэ?

-“Лондон 2012” олимпийн үеэр дэлхийн 300 зураачийн бүтээлээр үзэсгэлэн гаргасан. Тус үзэсгэлэнд Монголоос гурван уран бүтээлч оролцлоо. Ганбаатар, Хонгорзул бид гурвын бүтээлийг дэлгэсэн. Миний “Эрч хүч” бүтээл нэлээд том. Метр, хоёр метрийн хэмжээтэй зураг л даа.  Лондонд хоёр долоо хоносон. Энэ үеэр Лондонгийн урлаг соёлтой холбоотой бүх л зүйлийг үзлээ. Лондонгийн музей, галерей бол заавал үзэх ёстой газрын нэг л дээ.

-Тэндхийн музей, галерейд ямар бүтээлүүд байдаг юм байна?

-Ихэвчлэн түүх өгүүлэх эд өлгийн зүйлс байдаг юм билээ. Нэлээд ховор үзмэрүүд байсан.

-Олон улсын үзэсгэлэнд оролцсон бүтээлийг чамгүй өндөр үнээр худалдана биз?

-Сонирхсон хүн л зургийн үнийг тодорхойлно. Тухайн бүтээл зараг­дахгүй бол эзэнд нь буцааж илгээх зарчимтай.

-Гэр хорооллын сэдэвт бүтээлүүд чинь таны нэрийн хуудас болсон. Яагаад энэ сэдвээр түлхүү зурах болов?

-Гэр хороолол бол миний уран бүтээлийн нэгээхэн хэсэг. Уран бүтээлч тэр дундаа зураач хүн аливаа юмны нарийн ширийнийг анзаардаг байх ёстой. Би байгаль, хөрөг, модон бар гээд олон чиглэлээр зурдаг. Нэг хэсэг маркны зураг зурлаа. Гэхдээ гэр хороолол бол түүх. Хэмхэрч унасан хашаа, бор гэр харагдавч тэр нь давтагдашгүй урлагийн бүтээл байдаг. Байгаа байдлаар нь дүрслэвэл хэн ч сонирхохгүй. Урлаг болгож зурах нь чухал. Дэлхий дээр Монголд л байдаг  тийм натур. Ер нь нүүдэлчдийн соёл иргэншил гэдэг утгаар нь гадаадынхан ч гэр хорооллын сэдэвт зургийг илүү сонирхдог. Энэ сэдвээр зурах бүрт өөр өөр өнгө төрх, өнцөг гарч ирдэг.

-Танд гэр хорооллын сэдвээр зурсан хэчнээн бүтээл байдаг вэ, Өөртөө хадгалж үлдсэн зураг бий юу?

-1970-аад оноос эхэлж энэ сэдвээр зурсан. Ихэнх бүтээл Монголын уран зургийн галерей болон хувийн музейнүүдэд хадгалагдаж байна. Яг өөрийн гар дээр үлдээсэн бүтээл байхгүй. Уран зураг хадгална гэдэг асуудалтай шүү дээ. Зөв хадгалж чадахгүй бол сэвтчихдэг.

-Та багаасаа зурах авьяастай байв уу. Бага насаа хаана өнгөрөөсөн бэ?

-Би Архангай аймгийн Булган уулын өвөрт төрсөн. Нутагтаа дунд сургууль дүүргэж, 1974 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр төгсч, 1987 онд Германы Лейпциг хотын Урлагийн дээд сургуульд уран зураг, графикч мэргэжлээр суралцсан. Зураач болох миний хувь тавилан юм уу. Зураач хүний амьдрал бусдаас их өөр шүү дээ. Урлангийнхаа өрөөнд амьдралынхаа ихэнх цагийг өнгөрөөдөг.

-Архангай чинь байгалийн үзэсгэлэн бүрдсэн сайхан нутаг шүү дээ. Нутгийнхаа тухай олон сайхан бүтээл төрүүлсэн байх тийм үү?

-Аймгийнхаа үзэсгэлэнт газруудаар олон сайхан зураг зурсан. Даанч цаг үеийн байдлаас болоод хадгалж үлдсэнгүй. Зах зээлийн нийгмийн шилжилт энэ тэр гээд бэрхшээл тулгарч байлаа. Нөгөөтэйгүүр бүтээлийг эх хувилбараар нь хадгалах төвөгтэй байдаг юм. Тиймээс фотог нь авч үлдвэл зүгээр юм байна. Олон бүтээлийнхээ фотог авч үлдэж чадаагүй. Харин сүүлийн үеийнхээ бүтээлүүдийн фотог авч үлддэг болсон. Ер нь монголынхоо үзэсгэлэнт газруудаар явж зурсан.

-Зураач нарын бүтээл тухайн цаг үедээ олонд анзаарагдахгүй хэрнээ хэсэг хугацааны дараа үнэ цэнэтэй болдог.

-Дэлхийн урлагийн түүхэнд зураач уран бүтээлчдийг нийгмээсээ хэдэн зуунаар түрүүлж хөгжсөн гэж тэм­дэглэсэн байдаг. Амьдарч байгаа цаг үед нь уран бүтээл нь ойлгогдох­гүй байсан хэрнээ хэдэн зуун жилийн дараа үнэ цэнэтэй болдог нь үнэн. Ер нь баян чинээлэг амьдарсан зураач ховор. Учир нь бүтээлийг нь ойлгохгүй галзуу, солиотой, тэнэг мангар гэж дуудах нь олон тохиолддог байхгүй юу. Тиймээс зураачийн бүтээлийг яг өнөөдөр хийснээр нь үнэлж сайн, муу гэж дүгнэж болохгүй. Өнөө цаг үед олныг шагшруулж байсан бүтээл хожим үнэгүй болох  нь ч бий. Миний хэр зураач болохыг цаг хугацаа л шүүнэ.

-Та бусад хүмүүсийн бүтээлийг хэр сонирхож судалдаг вэ?

-Зураач нар зургаа солилцох явдал бий. Гэхдээ би бусдын бүтээлийг хураагаад байдаггүй. Бусдынхыг байтугай өөрийнхөө бүтээлийг ч хадгалж үлдэж чадахгүй л явна. Тийм болохоор надад бусдын бүтээлийг авч гэмтээх эрх байхгүй.

-Монголын уран зургийн хөгжил дэлхийтэй харьцуулахад ямар хэмжээнд байна вэ?

-Монголчуудын бүтээлийг дэлхийн олон орны хүмүүс сонирхдог болсон. Энэ бол хөгжиж буйгийн илрэл. Манай уран бүтээлчид дэлхийн хэмжээнд сэтгэж байгаа шүү дээ. Нүүдэлчдийн соёл иргэншил, онгон дагшин байгалийн сэдэвт зургууд гадаадынхны харааг булаадаг юм. Монгол гэдэг чинь өвөрмөц ертөнц шүү дээ.

-Та дэлхийн хэчнээн оронд үзэсгэлэнгээ гаргаж байсан бэ. Гадаадад үзэсгэлэн гаргахад сан­хүүгийн асуудлаас эхлээд бэрхшээл тулгардаг уу?

-Ази, Европын хэд хэдэн улсад үзэсгэлэн гаргаж байсан. Гадаадад үзэсгэлэн гаргахаар олсон орлогынхоо 50, эсвэл 30 хувийг тухайн улсад төлдөг. Заримдаа олон улсын байгууллагын тусламж дэмжлэгээр үзэсгэлэнгээ гаргачихдаг. Бүх зургаа борлуулчихвал гаргасан зардлаа нөхдөг л юм. Зураач нар өдөр бүр мөнгө олоод байж чадахгүй шүү дээ. Уран бүтээл бол цаг хугацаа, хөдөлмөр шаардсан ажил. Гадны улсад үзэсгэлэн гаргах нь бусад зураач нартай туршлага, санаа бодлоо солилцох боломж олгодог. Бид мэргэжил нэгтнүүдтэйгээ уулзахаараа дэлхийн урлаг хаашаа явж байгааг ярилцдаг. Нэг удаа надад АНУ-ын Сан-Францискод байдаг Азийн музейг сонирхох боломж тохиосон юм. 

-Тэгээд Азийн музейд Монгол зураач нарын бүтээл байх юм уу?

-Хүн үүссэнээс эхлээд чулуун зэвсгийн үе болон өнөөг хүртлэх бүтээлүүд хадгалагдаж байдаг юм билээ. Харамсалтай нь Азийн музейд монголын зураач нарын бүтээлийг тавьдаг жижигхэн булан л байсан. Манайх урлагийн арвин баялаг сантай. Монголчууд өөрсдийгөө дэлхийд таниулж чадахгүй байна. Азийн музейн жижиг булан байтугай хэдэн заал дүүргэх бүтээл манайд бий. Гэтэл үнэ цэнэтэй бүтээл хараа хяналтгүй алга болоод байна. Тэр музейн нэг давхрыг бүхэлд нь солонгосчуудын бүтээл эзэлдэг нь харагдсан. Бидэнд солонгосчуудаас дутах зүйл байхгүй шүү дээ.

Б.ГАНДОЛГОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж