Биднийг очиход энд тэндгүй тарсан чулуу, овоолсон шороо, саарал манан угтсан юм. Машины цуваан дунд л орж алхахгүй бол хөл тавих газар алга. Тиймээс аргагүй эрхэнд шороо, чулуун дундуур бүдчин, гутал, хувцсаа үнсэн саарал болтол туучихаас өөр гарцгүй. “Хэрхэн энэ замыг давж гарна даа” хэмээн эргэлзэж зогсох С.Бадарчтай уулзахад, “Энэ хавиар явахад үнэхээр бэрхшээлтэй байна. Ялангуяа хөгшин хүн явах боломжгүй. Машин нь дайрчих гээд л байх юм. Ямар ч зохион байгуулалт алга. Ядаж замаа өргөсгөөд явган хүний зам тавьж болдоггүй юм болов уу. Явган хүний зам барихын оронд газраас нь л хумслаад байх юм. Явган хүн явах зайд шороо овоолоод хаячихаж. Өвлийн хүйтэнд бүүр хэцүү болно шүү дээ” хэмээн бухимдангуй өгүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Лхагватай уулзлаа. Тэрбээр ихэд яаран алхаж байснаа түр зогсч бидний асуултад хариуллаа. “Иргэд нь машин замаар зорчиж байна. Тэгэхээр ямар ч амьдралын баталгаа алга. Бүдчиж алхаж байтал араас машин ирээд мөргөчихвөл яанаа гэсэн айдастай л явж байна” хэмээв. Энд үнэхээр эмх замбараа алга. Машин замаар нэл чулуу тараагаад хаячихсан болохоор үсрээд хүн онохыг байг гэхгүй. Автобуснаас буусан зорчигчид машинтай зэрэгцэн алхаж, жолооч нар чих дөжиртөл дохио хангинуулан уцаарлацгаана. Ер нь бол энэ байдал удаан үргэлжилбэл осол аваар ч тасрахгүй биз. Хоёр удаа ахиухан цас ороход нийслэлд халтиргаагүй газар бараг байхгүй болно. Зам хөндлөн гарах хүртэл их хотын оршин суугчдын толгойны өвчин болжээ. Тиймээс явган хүний замгүй авто замаар машинтайгаа л урцалдаж алхахаас өөр аргагүй. Тиймээс машинтай уралдан яарах хүмүүс осолд орвол хэн хариуцлага хүлээх вэ. Жолооч, явган зорчигч хоёр хамт буруутан болж мэдэх нь.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Ц.Пүрэв “Явган явахад хүндрэлтэй байна. Автобусны буудлыг яаралтай тохижуулж явган хүний зам тавихгүй бол хүний амь эрсдэж мэдэхээр байна. Би энэ хавиар байнга алхдаг. Машинд дайруулчихвий дандаа түгшдэг” гэж ярилаа.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн жил явган хүний замыг чөлөөлөх арга хэмжээ авч, 215 объект буулгаж, явган хүний замгүй газарт шинээр зам тавих зэрэг ажилд 150 сая төгрөг зарцуулсан гэсэн. Гэвч гэр хорооллынхон Засаг даргын захирамжид хамаардаггүй бололтой. Явган хүний зам барих зайгүй болтол барилга сүндэрлүүлжээ. Нийслэлд ер нь стандарт гэж алга. Барилга хоорондын зай ч алга, автозамаас ядаж 40 метрийн зайд барилга барихыг хориглосон байдаг. Гэтэл энэ дүрэм огт хэрэгждэггүй.
Улаанбаатарт сүүлийн үед хамгийн эрчимтэй хийж буй ажил бол зам засвар. Жил бүр зам засварын өргөтгөл шинэчлэлд багагүй мөнгө төсөвлөдөг. Энэ жил л гэхэд он дамжуулан хийх зам барилгын ажилд 155 тэрбум гаруй төгрөг зарцуулахаар тооцоолсон. Гэхдээ зам засч, шинээр тавьсан ч ганцхан зүйлийг манай нийслэлийн удирдлагууд хийлгэж чаддаггүй. Тэр нь явган хүний зам. Ер нь явган хүний замгүй, хүмүүс нь машинтай уралдаж байгаа замыг тоолбол дэндүү олон биз. Хэдэн төгрөг төсөвлөөд явган хүний зам барихаар зарим нэгэн том толгойтой нөхөр замыг нь хуулаад автозамд тулгаад барилга барьчихна. Ингээд л ажил амьдрал, эрүүл мэндээ бодож алхах хүмүүсийн эрх боогдоно. Өглөө ажилдаа, орой гэр рүүгээ яарах хүмүүсийн цуваа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн буудлаас тасрахгүй. Бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийд, III, IV хороолол, Зүүн дөрвөн зам,Зуун айл чиглэл рүү явах Баянхошуу, Зүүнсалаа, Зурагтынхан энэ буудлаар дамжихгүй өнгөрнө гэж үгүй. Гэтэл Эх нялхсын гэх тодотголтой энэ автобусны зогсоол там болжээ. Зогсоол гэж нэрийдсэн хэсэг зайд 12 давхар орон сууцны барилга сүндэрлүүлсэн байх юм. Ийн барилга барихдаа автобусны зогсоолын сөөм газрыг нь булааж нүх ухан дулааны шугамаа татаж, машин зам дээр нь шороо чулууг овоолчихсон харагдав. Гандангийн дэнжийнхэн ийм дүр төрхтэй хэдэн жилийн нүүрийг үзэх бол. Хотын дарга та энэ газарт очиж нэг үзэх хэрэгтэй бус уу.