Хамгийн “том” нь Мобиком

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Хамгийн “том” нь Мобиком

Өнөөдөр Монголын 2,7 сая иргэний 2,2 сая нь гар утас хэрэглэгч. Хүүхэд, үүхэдгүй нэг, нэг гар утастай байна гэсэн үг. Монголын 100 хүн тутамд 84,2 үүрэн телефоны операторын үйлчилгээний цэг ноогддог гэхээр Монгол үнэхээр “гар утасжсан” байгаа биз. Энэ зах зээлд “Мобиком” ноёлогч нь гэж үзвэл архи, тамхи, алтны компаниудтай уралдан манлай татвар төлөгчөөр шалгардаг нь аргагүй юм.  Нэг хэрэглэгч нэг сард дунджаар 10 ам.доллар зарцуулдаг гэж бодохоор зөвхөн сард энэ зах зээлд жилд 20-30 тэрбум төгрөг эргэж байна. Гар утас гэдэг байнга хэрэглэж байдаг хэрэглээ учраас мөнгөний тасралтгүй урсгал гэсэн үг. Энэ нүсэр том зах зээлээр сонин юу байгааг тандаж, уншигчиддаа хүргэе.
  Их мөнгөний эргэлттэй энэ зах зээл Монголын хувьд онцлог. Ердөө л арав гаруй жилийн түүхтэй энэ зах зээлд тоглогчид гадаадынхан голдуу, үгсэн нэгдэхдээ ч, өрсөлдөхдөө ч гарамгай. Үүссэн түүх ч тун ээдрээтэй учраас энэ зах зээлд шударга өрсөлдөөн, шударга тоглолт явж байна уу гэхэд эргэлзээтэй. Анх Монголд япончууд үүрэн телефоны үйлчилгээ оруулж ирэхэд нь яагаад ч юм бэ манай Засгийн газар таван жилийн турш ганцаараа үйлчилгээ эрхэлж байхаар монополь эрх олгочихсон. Энэ эрхийг олгосон тухайн үеийн түшмэл нь эдүгээ “Мобиком”-ын  эздийн нэг гэдэг.  Таван жил төрийн ивээлээр өрсөлдөгчгүй байсан энэ хүчирхэг оператортой эн тэнцүү өрсөлдөгч гарч ирнэ гэдэг тухайн үед үнэндээ хэцүү байлаа. Гэвч яаж ийж байгаад дөрвөн оператортой болж дөнгөсөн. Хоёр сая хэрэглэгчтэй энэ том зах зээлийн тоглогчид гэхдээ дэндүү найзархаг. Илтээр дайсагналцах нь бүү хэл харин ч сэм зөвшин найрамдах дуртай гэдэг юм билээ. Тэгэхдээ мэдээж, “Мобиком” болон бусад нь гэсэн харьцаатайгаар. Хэрэглэгчээ ч мөн ингэж хуваах хандлагатай. Мобиком болон бусад нь гэсэн үнийн шатлал ч бас “хэрэгжинэ”. Олон жил ажилласан туршлагатай, сүлжээ сайтай гэдгээрээ хэрэглэгчид “Мобиком”-ыг бурханчлах ч хямдрал урамшуулалд хойрго, үнэ өндөр гэж гомдоллодог. Тэгсэн хэрнээ мобигоо гартаа тас атгаатай хэвээрээ. “Мобиком” бусад операторуудынхаа тухайд “Танайх битгий үнээ хямдруулаач ээ. Танайх хямдарчихвал, бид бүр үнэгүй болголтой биш дээ гэж гуйгаад байдаг юм аа” гэж пээдийдэг гэсэн.    
  Үүрэн телефоны дөрвөн операторын гурав нь гаднын  хөрөнгө оруулалттай гэхээр бас их мөнгөний урсгалын эцэс хааш чиглэж байгааг харахад хэцүү биш. Манай толгой оператор мөнгөний машин “Мобиком” эдийн засгийн хямрал айсуй үед асар их хэмжээний ам.доллар гадагш буюу гэр рүүгээ /хөрөнгө оруулагч руугаа/  шилжүүлж, Монголын жижигхэн зах зээлийг тэр чигээр нь хямруулсан. Дахиад ийм зүйл тохиолдохгүй гэхийн баталгаагүй.  
 Харин хэрэглэгчдийн хувьд “тэд” хэрхэн харагддаг вэ? Хэн нь хамгийн хэрэглэгчиддээ ээлтэй вэ?
“Мобиком” тагнуулын байгууллагатай хамтарч ажилладаг, хэрэглэгчдийнхээ нарийвчилсан бүртгэлийг гаргаж, гүйцэтгэх байгууллагад өгсөн гэсэн хэл аманд орж байсан бол, “Скайтель” нууцлал, хэрэглэгчдийн талаарх мэдээлэлдээ онцгой анхаардаг гэдэг. Харин “Мобиком”-оос хартай эхнэр нөхрүүд, мессежнийх нь нууцлалыг задлуулж уншуулдаг гэдэг юм билээ.  Нэгэнтээ “Мобиком” цагдаагийн байгууллагын шаардлагаар “дамжуулсан мэдээллийн утгыг тайлах боломжтой” гэж ам алдаж байсан удаатай. Харин CDMA систем ярианы нууцлал талаар арай найдвартай гэгддэг.  Тэгэхдээ ярианы нууцлал, хэрэглэгчдийн талаарх мэдээллийг хадгалах гэдэг нь тухайн оператор компанийн өөрийнх нь ёс суртахуун, бизнесийн соёл, дотоод журам “мэдэх” хэрэг гээд хэлэхэд нэг их буруудахгүй.
 Хүчин чадлын  хувьд харьцуулбал  Мобиком сүлжээ сайтай боловч “Манай үйлчилгээг авбал ав, байвал бай. Бид тэртээ тэргүй монополь” гэсэн байдалтай ханддаг аж. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт “Мобиком”-ын талаар гомдол  ирдэг ч үүнийг нохой хуцсаны дайтай тоосон нь үгүй гэнэ.
 “Жи мобайл”  хөдөөд сүлжээ сайтай мөртлөө нийслэлд муу.  “Скайтель”-ийн задгай хэрэглээ, янз бүрийн нэмэлт үйлчилгээнд хүмүүс дуртай байдаг,  Юнителийн маркетингийн ажлууд нь сонирхол татахуйц гэхчилэн оператори болгон өөр, өөрийн онцлог, давуу болон сул талтай. Тийм болохоор хамгийн түгээмэл үйлчилгээ болох дараа төлбөрт хэрэглэгчдийн үнэ ханш, урамшууллыг харьцуулъя.

Нэгж-урамшуулал
“Мобиком”: Урьдчилсан төлбөрт үйлчилгээний Мобистудент, Мобикарт, Вe гэсэн гурван ангилалтай Сүлжээндээ 70-80 төгрөг, сүлжээнээс гадуур 100 төгрөгөөр ярьдаг.
“Юнител”: урьдчилсан төлбөрт үйлчилгээний Dopin, Happy life болон “ID” ангилалтай. Dopin нь сүлжээ харгалзахгүй 50 төгрөг бусад нь 70 төгрөгөөр ярьдаг.
 “Скайтел” компанийн урьдчилсан төлбөрт үйлчилгээ Skyсall, Skyphone, D20 ангилалтай. “Skyсall” нь сүлжээ харгалзахгүй 70 төгрөгө, “Skyphone” нь сүлжээндээ 30, бусад сүлжээнд 50 төгрөгөөр ярина.
 “Жи Мобайл”: “Жи-20”-ийн үйлчлүүлэгчид нь сүлжээ харгалзахгүй 40, “Жи-30”-ынх нь хэрэглэгчид сүлжээ харгалзахгүй 50 төгрөгөөр ярина.  
Энэ төрөлд хамгийн үнэтэй нь ууган оператор  “Мобиком” харагдаж байна.

Free call & мессеж
“Мобиком”-ын картын хэрэглэгчид энэ сард 5000 төгрөгийн цэнэглэгч картаа утсандаа хийвэл 24 цагийн дотор сүлжээндээ 2000 төгрөгийн үнийн дүн бүхий яриа хийх урамшуулалтай. Харин 10 мянгын картаар цэнэглэвэл 120 цагийн дотор сүлжээндээ 5000 төгрөгөөр ярих эрхтэй болно. Сүлжээндээ минутад 70 төгрөгөөр ярьдаг гээд тооцохоор 5000-ын карт 28.5, 10 000-ын карт 71.4 минутын ярианы эрх дагалдаж байна.

 “Юнител”-ийн “Допинг” хоорондоо үнэгүй ярьдаг.
 “Жи мобайл”-ын “Жи-10” үйлчилгээ нь сүлжээндээ үнэгүй ярьдаг.
“Скайтель”-ийн 247 үйлчилгээнийнхэн 10 мянган төгрөгөөр сүлжээндээ хязгааргүй ярих үйлчилгээг авч болно.
Мобикомын баргийн хүний толгой эргэм олон “урамшуулал”,” эрх”,” бэлэг”-нээс япон маягийн наймааны арга үнэхээр “ханхлах” юм.  Гэхдээ “бэлэглээд бэлэглээд” хамгийн үнэтэй нь дахиад л Мобиком.

Мессеж
“Мобиком”-ын картын хэрэглэгчид сүлжээндээ 14, сүлжээнээс гадуур 19 төгрөг
“Юнитель” сүлжээ харгалзахгүй 20 төгрөг.
“Скайтель” 25-40 төгрөг.
“Жи мобайл” нь сүлжээндээ 5-10, бусад сүлжээ руу 20-25 төгрөг.  
Харин мессэжны хувьд  хамгийн хямд үнэ санал болгодог нь “Жимобайл” байна

Залуусын брэнд
“Мобиком”-ийн “Ве” үйлчилгээний яриа сүлжээндээ 70, өөр сүлжээ рүү 100 төгрөг, мессеж сүлжээндээ14, сүлжээнээс гадуур 40 төгрөг .
“Юнител”-ийн яриа 70 төгрөг, мессеж 14 төгрөг. Интернэт ашиглахад нэг кб нь дөрвөн мөнгө.
“Скайтель”-ийн “D20”-ын гишүүд сүлжээндээ 60, бусад сүлжээнд 90 төгрөгөөр ярина. Мессеж сүлжээндээ таван төгрөг, өөр сүлжээ рүү 25 төгрөг.
Энэ төрөлд ч мөн Мобиком үнээрээ тэргүүлэх юм байна.

Группын үйлчилгээ
“Мобиком”-ийн картын хэрэглэгчид гэр бүлийнхээ таван гишүүнтэй 55 төгрөгөөр ярьдаг. Гэхдээ зөвхөн сүлжээн дотроо.
“Скайтел”-ийн картын хэрэглэгчид груптээ 25 төгрөг.
 Үүрэн телефоны операторуудын  үнэ хөлсийг харьцуулбал иймэрхүү дүр зураг харагдаж байна. Эдгээрээс та үнэ, хөнгөлөлтийн ялгааг харж байгаа байх.  “Мобиком”  үнэхээр хамгийн “том” гэж олны ярьдаг ортой аж. 

 А.Чандмань

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж