УИХ-ын гишүүн Я.Содбаатартай уулзахаар Төрийн ордны дөрөвдүгээр давхарт байх өрөөнд нь очлоо. Туслах нь түүнийг Байнгын хорооны хуралд сууж байгаа гэсэн юм. Удалгүй хурал дууссан бололтой эрхэм гишүүн ирж бидний ярилцлага эхлэв.
ОВОО ОЙРТСОН ОЙЛГОЛЦЛЫГ ДАХИАД ХОЛДУУЛЧИХЛАА
-Танай намынхан Байнгын хорооны хуралд орж байгаа юм уу?
-Гишүүнийхээ хувьд Байнгын хорооны хуралд оролцож болно л доо. Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай ярилцсан юм.
-Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентад МАН-ыг бүлэгтэй болгох гарц учраас илүү ач холбогдол өгсөн хэрэг үү?
-Үүнийг зөвхөн манай намын бүлгийн асуудалтай холбож ойлгож болохгүй. Шинэ парламент байгуулагдсанаас хойш анхдугаар, ээлжит бус, намрын гээд гурав дахь чуулганыхаа үйл ажиллагааг явуулж байна. Энэ хугацаанд парламент төрийн эрх барих дээд институцийнхээ хувьд өөрийгөө байгуулах, дотоод журам, үйл ажиллагаагаа жигдлэх, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжоор хангагдах асуудал одоо хүртэл шийдэгдээгүй байгаа. Гишүүд тангараг өргөснөөс хойш анхдугаар чуулганы үндсэн үүрэг нь парламент болон шинэ төр засаг байгуулагдах үйл явц байдаг. Тэгэхээр анхдугаар чуулган энэ үүргээ биелүүлж чадаагүй. Тухайн үедээ тангараг өргөсөн гишүүдийн 40 хувийнхаа эрхийг хангах тал дээр ямар нэгэн үйлдэл хийгээгүй. УИХ-ын гишүүн Байнгын хороо, дэд хороонд харьяалагдах, наймаас дээш суудал авсан нам бүлэг байгуулах ёстой. Гэтэл улс төрийн намуудын дотор эрх зүйн болон улс төрийн шалтгаантайгаар УИХ-ын даргыг сонгосноос эхлээд үл ойлголцол бий болсон. Анхдугаар чуулганаар энэ бүгдийг цэгцэлж чадалгүй ээлжит бус, намрын чуулган руугаа орсон учраас түүний хаялга нь улс орны өмнө тулгамдаж байгаа, өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой төсөв хэлэлцэхэд нөлөөлөөд байгаа юм. Анхнаасаа мордохын хазгай болчихсон энэ үйлдлээ засъя гэж гурван чуулган дамнан ярьсан. Тиймээс ээлжит бус чуулганы төгсгөлд парламентад суудалтай намуудын төлөөлөл оруулж ажлын хэсэг байгуулаад УИХ-ын дэд дарга С.Баярцогтоор ахлуулж УИХ-ын тухай болон дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар болсон. Энэ удаагийн парламент олон намын төлөөлөл орсон онцлогтой. Олонхи байхгүй. Хэдийгээр АН хамгийн олон суудал авсан ч суудлын зөрүү ойрхон, намуудын хүчний харьцаа өөрчлөгдөж болохуйц ийм л парламент бүрдсэн.
-Тэгэхээр хуульд энэ онцлогийг харгалзсан өөрчлөлт оруулна гэсэн үг биз?
-Ард түмэн нийгэм эдийн засгийн эгзэгтэй үед та бүхэн хамтарч ажилла гэж ийм сонголт хийсэн. Үүнийг буруугаар мушгих юм бол задрал, эвдрэлийн үүд нээсэн сонголт болсон. Энэ онцлогт таарсан, парламентын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд хуульд шинэлэг өөрчлөлт, шинэ журам, ойлголт оруулж ирэх ёстой гэж үзээд ажилласан. Энд ганцхан бүлгийн асуудал яригдаж байгаа юм биш. УИХ-ын даргын асуудал, Байнгын хороонд орж байгаа гишүүдийн асуудал ч бий. АН-ын гишүүн гурван Байнгын хороонд орж болж байхад МАН-ын гишүүн нэг л Байнгын хороонд орох нөхцөлтэй байгаа. Энэ мэтээр гишүүдэд ялгавартай хандаж байгаа хууль, ардчиллын үнэт зүйл, зарчмуудыг алдагдуулсан бүхнийг өөрчилье гэж ажлын хэсэг ерөнхий нэг төсөл дээр тохирсон юм. Гэхдээ үүнийгээ парламентад өргөн барихгүй нэлээд цаг алдсан. Анхдугаар чуулганы төгсгөлд энэ асуудлыг шийдэхээр Ц.Цолмон, С.Дэмбэрэл нар хуулийн төсөл өргөн барьсан. Ээлжит бус чуулганы үед УИХ-ын дарга З.Энхболд энэ асуудлыг хууль нь байвал хэлэлцэхэд бэлэн байна, намууд оруулаад ирээч гэж байв. Гэтэл төсөл бэлэн болсон ч ажлын хэсгийн ахлагч С.Баярцогт өргөн барилгүй өдий хүрсэн юм.
-Төрийн байгуулалтын байнгын хороон дээр яригдсан төсөл С.Баярцогт гишүүний өргөн барихгүй удааж байгаагаас өөр үү?
-Шинэ төсөл биш. Ажлын хэсгээс гарсан төслийг Ерөнхийлөгчийн нэр дээр өргөн барьсан юм. Саяхан болсон манай намаас явуулсан улс төрийн акцаас шалтгаалаад Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудалд оролцож эхэлсэн. Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг хангагч институцийнхээ хувьд уг төслийг өргөн барьсан.
-Тэгээд яагаад хэлэлцсэнгүй вэ?
-Төсөв хэлэлцэж буйтай уялдуулаад, нөгөө талдаа эрх зүйн, ойлголцлын, ардчиллын хэм хэмжээний хүрээнд энэ асуудлыг МАН-ынхан Төрийн байгуулалтын байнгын хороон дээр тавьсан. Гэтэл АН-ын бүлгээр хэлэлцээгүй, энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй гээд хойшлуулчихлаа.
-Гэхдээ энэ нь шалтаг уу, эсвэл зайлшгүй шалтгаан уу?
-Ерөнхийлөгч гэнэт оруулаад ирсэн зүйл биш. Сүүлийн гурван сар парламент, намууд, бүлгүүдийн түвшинд яригдсан учраас гишүүд сайн мэдэж байгаа. МАН-ын гишүүд Ерөнхийлөгчийн өргөн бариад байгаа энэ төслийг үндсэндээ гурван удаа хэлэлцсэн юм шүү дээ. Тэгэхээр үүнийг буцааж байгаа нь овоо ойртсон ойлголцлыг дахиад холдуулчихлаа. Хоёрт, энэ төслөөр ганцхан МАН-ын бүлгийн асуудал шийдэгдэх гээд байгаа юм шиг хандаад байх юм. Цаана нь УИХ-ын Байнгын хороодын үйл ажиллагаа хэвийн явах, Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнийг хамт хийж байгаа үед ямар эрх зүйн зохицуулалт хийх ёстой юм, завсарлага хугацаатай, хугацаагүй байх гээд олон асуудал байгаа. Мөн хууль зөрчиж сонгогдсон УИХ-ын даргаа эрх зүйн хүрээнд чадамжтай болгох, цаашилбал УИХ-ын гишүүдийн ирц, төсвийг яаж хэлэлцэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг яаж тооцох гэхчилэн олон асуудлыг багтаасан цогц хуулийн төсөл юм. Нэг үгээр ирэх дөрвөн жилд парламентын үйл ажиллагаа хэвийн явах, дотооддоо тоглоомынхоо дүрмийг л тохирох гээд байгаа юм шүү дээ.
-Төсөв хэлэлцэж дууссан хойно оруулж ирэх нь гэсэн хардлага байж болох уу?
-Олон оронд тодорхой суудлын хязгаар тавиад түүнээс дээш суудал авсан улс төрийн хүчин парламентад бүлгээ байгуулаад явдаг нь ардчилсан парламентын зарчим. Гэтэл түүнийг хэн нэгэн албан тушаалтнаас хамааралтай болгочихсон нь алдаа. Тиймээс ардчиллын үнэт зүйлийг алдагдуулаад, сонгогчдын эрх ашгийг зөрчиж байгаад МАН-ын гишүүдгүйгээр шийдэх асуудлынхаа жагсаалтыг гаргасан шиг байгаа юм.
-Тэр жагсаалтад чухам ямар асуудал орсон бол?
-Монголын түүхэнд анх удаа сонгуулийн хуулийг нэг нам дангаараа баталлаа. Сонгуулийн хууль бол Үндсэн хуулийн дараа ордог, ард иргэдийн үндсэн эрхтэй холбоотой хууль учраас өнгөрсөн 22 жилийн хугацаанд парламентын бүх намын зөвшилцөл дээр батлагдаж ирсэн. Гэтэл анх удаа нэг намын түрэмгийллээр батлагдлаа. Хоёрт, Засгийн газар парламентын бүх гишүүдийн үзэл бодлын уралдаан дээр сонгогддог зарчим ч энэ удаа бас л алдагдсан. АН Ашиг сонирхлын тухай хууль, байнга ярьдаг зарчмуудаа үгүй хийгээд парламент дотроосоо давхар дээл өмсгөөд л сайдаа томилчихсон шүү дээ. Таван тэрбум ам.доллартай тэнцэх бонд гэж Монгол Улсын 90 жилийн түүхэнд авч байсан гадаад өр зээлийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөний асуудал, ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг сөрөг хүчний дуу хоолойгүйгээр шийдэх гэж байна.
АРДЧИЛСАН НАМ ЭНЭ УДАА 31 СУУДАЛ, 36 ХУВИЙН САНАЛ Л АВСАН
-Ийм олон эрхийг нь зөрчөөд байхад МАН хэтэрхий томоотой байгаа юм биш үү. Нэгэнт эрхээ эдэлж чадахгүй байгаа юм чинь танай намынхан нэрээ татаж, парламентыг тарааж болохгүй юу?
-УИХ-ын гишүүнээс 25 гишүүн нэрээ татсан ч энэ парламент тарахгүй. Хуулиараа 57 гишүүн эрхээсээ татгалзсан тохиолдолд парламентын асуудал хөндөгддөг. Эсвэл Ерөнхийлөгч парламентыг тараах асуудлыг УИХ-д оруулж ирвэл хэлэлцэж шийддэг. Өнөөдөр хүссэн ч, эс хүссэн намуудын хүчний харьцаа ямар байх сонголтыг ард түмэн хийчихсэн. Аль нэг улс төрийн хүчний санаан зоргоор, мөрөөдлөөр өөрчлөх гэж оролдож болохгүй. Үүнийг Ардчилсан намд хамаатуулж хэлж байгаа юм. АН энэ удаа 31 суудал, 36 хувийн санал л авсан шүү дээ. Харин одоо шүүх, хүчний байгуулагын оролцоотойгоор парламентад хүч түрэмгийлэх замаар олонхийг бий болгох гэж оролдож байна. Аль нэг нам, улс төрийн хүчин ард түмнийг сонголтыг өөрчилж болдоггүй байхгүй юу. Ялангуяа Өвөрхангайн асуудал дээр хэлж байна. Тэднийг оруулж ирж байж 39 суудал авах гэсэн мөрөөдөл рүүгээ алхах гэсэн оролдлого шүү дээ.
Сүүлийн үед МАН-ын талаарх ойлголтыг эвдэх гэж их оролдож байна. Гэхдээ ямар ч судалгааны байгууллагын үр дүнгээр манай нам Монгол Улсыг цаашид авч явах хамгийн итгэл даах нам хэвээрээ байгаа. Хэдийгээр маргааш сонгууль болоход та аль намыг дэмжих вэ гэвэл МАН, АН урд хойноо орох ч энэ орны ирээдүйн төлөө ажиллах сонголт дээр МАН дандаа илүү байдаг. Одоо ч илүү байгаа. Улс төрийн ууган хүчин, энэ улс орны алдаа оноотой 100 жилийн түүхийг нуруун дээрээ үүрсэн нам учраас ялсан ч, ялагдсан ч хариуцлагатай байдаг. Энэ намд монгол ёс жудаг, монгол хүний уужуу ухаан, хүлээцтэй, юмны эв зүйг олох гэдэг чанар нэвт шингэсэн байдаг юм. Тийм ч учраас манай намд улс орны үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, том асуудлын зангилааг тайлах үүргийг ард түмэн өгдөг. Ийм том үүргийг дааж явдаг учраас зарим үед мохоо, хэт хүлээцтэй, асуудалд удаан хойрго хандаж байгаа мэт харагддаг байх. Том хариуцлага байдаг учраас ямар нэгэн хариуцлагагүй улс төрийн хүчин шиг үсчиж цовхчоод асуудлыг шийдэж болдоггүй юм. Би залуу хүний хувьд заримдаа асуудлыг хурдан шийдэх, зоригтой дуугарчихмаар санагдах үе байдаг ч намын соёл, хариуцлага нь чангалаад болдоггүй юм. Энэ бол ганцхан Монгол Улсад, МАН-д ч байгаа зүйл биш. Энэтхэгт, Японд, Америкт ч төлөвшсөн, өөрийн гэсэн соёлтой намууд ийм л байдаг.
-Таныхаар танай намын алдаа юундаа байна вэ?
-МАН-ын хамгийн том алдаа нь бид асуудлаа маш бага ярьдагт байна гэж хардаг. Бид олон түмэн ойлгож мэдэж, дүгнэж яваа гэж бодоод явж байтал хажуугаар өөр хүмүүс ороод буруу зөв ойлгуулчихдаг юм байна. Тиймээс бид ард түмэндээ хийж байсан, хийж хэрэгжүүлж байгаа ажлаа сайн ойлгуулах ёстой юм байна. Сайн ярьж байх ёстой юм байна.
-Тийм учраас л өмнө нь сэдэж санаачилсан ажлууд тань бусдаар овоглож, гавьяа нь та нарынх биш боллоо шүү дээ?
-Сүүлийн хоёр гурван сард манай улсад нааштай гарч байгаа шийдвэрүүдийн эхлэл нь МАН-ын үед тавигдсан. Олон хүний итгэл зүтгэл, санал санаачлага, хөрөнгө мөнгө хүч зарцуулж хийсэн ажлын үр дүн одоо гарч байгаа юм. Саяхан нээлтийг нь хийсэн Нарны гүүр үүний тод жишээ. Энэ ажлыг 2002 онд эхлүүлсэн. Тэр үеийн хотын удирдлага Японы зээл тусламжаар хийх асуудлыг тавьж байсан юм билээ. 2006 онд Япон, Монголын Засгийн газар хоорондын комиссын даргаар би ажиллаж байсан. Тэгэхэд тухайн үеийн Ерөнхий сайд М.Энхболд Япон улсад айлчлал хийхдээ гурван асуудлаар гэрээ байгуулж байсан. Нэг нь Нарны гүүр, хоёр дахь нь Хөшигтийн хөндийд онгоцны буудал барих, гуравдугаарт, Өвөрхангай аймгийн Хархорин суманд археолог, палеонтологийн музей байгуулахад зээл тусламжийн гэрээ байгуулж байсан юм. Тэр асуудал явж, ажил нь хийгдээд сая ашиглалтад орлоо. Ер нь төрийн ажил гэдэг залгамж чанартай байх ёстой. Хоёрхон сарын өмнө томилогдсон Бат-Үүл баатар ганцаараа хийчихсэн юм биш. Уг нь Бат-Үүл баатар энэ бол М.Энхболдын үеэс эхлээд нийслэлийн үе үеийн удирдлагуудын хүсч мөрөөдөж, хөрөнгө мөнгийг нь шийдэж хийсэн ажлын үр дүн өнөөдөр гарч байна гээд хэлчихсэн бол илүү олон хүнд таалагдах байсан даа. Замын түгжрэлийг арилгахад дугаарын хязгаарлалт хийх асуудлыг ч мөн 2007 оноос ярьж гадаад орны туршлага судалж, судалгаа хийж эхэлсэн. Гэхдээ яг тэр үедээ хийчих гэхээр нийслэлийн замуудад ганц ч хяналтын камер байгаагүй. Тиймээс эхлээд уулзваруудыг камержуулж, хяналтын төвтэй болгосон. Энэ ажил өнгөрсөн жилээс жигдэрч нэг үгээр нөхцөл нь бүрдээд энэ жилээс хийх гэж байсан. Гэтэл энэ бүхнээ ярьдаггүй сурталчилдаггүй байснаар үр дүн нь өнөөдөр өөр улс төрийн хүчний автортой болоод явж байна. Гэхдээ үүнийг ард түмэн ойлгож, анзаарч л байгаа байх.
ХАМГИЙН АШИГТАЙ ОРД ГАЗРУУДЫГ АН-ЫНХАН Л АВСАН
-АН-ынхан овсгоотой байгаа юм биш үү. МАН олон жил хотыг удирдсан хэрнээ ийм хэмжээний оноо авч, олон хүнд таалагдаж чадаагүй. Харин ч газрын наймаа зэрэг асуудалд холбогдсон?
-Сүүлийн 22 жилд нийслэлийг МАН удирдсан. Ингэхэд хамгийн их яригддаг зүйл нь газрын наймаа. Гэтэл одоо харж байхад МАН-аас газрын наймаанд харин ч бага оролцсон юм биш үү. Хотын төвийн аль байршил сайтай, үнэтэй газрыг АН-ынхан л авсан байна шүү дээ. Ямар аргаар гэдгийг нь мэдэхгүй. Хамгийн сүүлд Хүүхдийн паркийн газрын талаар болсон хэлэлцүүлгийн үеэр тэндээс газар авсан гэхэд МАН-ын хүн байв уу. АН-ын гишүүн Лу.Болд, Б.Наранхүү, энэ намын угшилтай MCS компани авсан байгаа биз дээ. Зөвхөн гацхан жишээ энэ. Уул уурхайн лиценз ч адилхан. Хамгийн ашигтай орд газруудыг 1997 онд М.Энхсайханы Засгийн газрын үед Ашигт малтмалын хууль гаргаад төрийн мөнгөөр хайгуул хийгээд нөөцийг нь тогтоочихсон газруудыг ардчиллын гэдэг нөхөд авсан байгаа юм. Банк, хэвлэл мэдээллийн салбарт аль намынхны эзэмшил илүү байгааг бодоод үзээрэй. Олигархи, санхүү эдийн засгийн бүлэглэл, хууль бус үйлдлүүдийн хамгийн том оролцогчид нь АН-ынхан өөрсдөө хэрнээ ард түмний тархийг угааж МАН-д наасан байгаа юм. Ой мод урттай богинотой гэдгээр МАН-д энэ 20 жилд алдсан оносон, хууль бус зүйлтэй орооцолдсон хүмүүс бий. Гэхдээ ганц нэг хүний алдааг бүхэл бүтэн намд наан харлуулж, өөрсдийнхөө харыг нууж үлдэж чаджээ гэж харж байна, АН-ыг. Бид сөрөг хүчин болсон энэ үед олон зүйлийг эргэж харж, ухаарч, дүгнэж байхад ийм зүйл бодогдож байна.
-Ардчилсан нам хийе гэсэн зүйлээ хийж чаддаг гэж харагдаад байгаа юм биш үү. Тухайлбал, сонгуулийн будилаан, танай намын бүлгийн асуудал, төсөв гээд олон зүйл дээр өөрсдийнхөөрөө бүгдийг шийдэж чадаж байна шүү дээ. Хамгийн сүүлд гэхэд улсын төсвийн таван хувийг Ерөнхий сайд дангаараа мэдэж зарцуулахаар болгох гэж байна. Гэтэл та нар улс төрийн соёл яриад суугаад байх нь зөв юм уу?
-Бид АН-ыг улс төрийн институцийн хувьд Монгол төрийн нэг тулгуур байгаасай гэж боддог. Энэ нам ганц удаа биш олон жил төр барилцаж ирсэн. Тийм ч учраас тэднийг зарим үед голлох улс төрийн хүчин байгаасай гэж боддог. Тэгж байж энэ улсад ардчиллын үнэт зүйл, үнэ цэнэ оршино. Тэднийг МАН-ын сайн өрсөлдөгч байгаасай гэж бодсон. Тэр хэрээр бид доторх идээ бээрээ зайлуулж, өсч дэвжинэ гэсэн өнцгөөр хардаг. Тиймээс өнгөрсөн жилүүдэд зарим үед манай нам буулт хийж, өсч бойжиход нь түлхэц болоход би нэг их дургүйцдэггүй байсан.Энэ удаа боломж олдоод олонхийг бүрдүүлээд ажиллаж байгааг нь хараад харин АН ч болоогүй юм байна даа гэдэг бодлыг төрүүлж байна. Ухаажаагүй, хэрсүүжээгүй улс төрийн хүчинг бий болгож гэж өөрсдөөсөө алдаа хайж байгаа, бид. Гадна талдаа өнөөх л ардчиллын үнэт зүйл парламентат ёсыг ярьдаг, гадаад дотоодгүй явж, сурч мэдлээ гэсэн нөхөд маань сөрөг хүчин байхдаа үнэний дуу хоолой мэт тоглож байсан дүр төрх нь хаачив аа гэж гайхаж байгаа. Үнэхээр өнөөдөр Монголын төрийн өндөрлөгт, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүмүүсийг хараад гайхахаас аргаггүй байна. Хамгийн эвийг сахих ёстой, парламент дахь улс төрийн хүчнүүдийг хооронд нь ойлголцуулах үндсэн үүрэгтэй спикерийн нүднээс хүртэл өс хонзонгийн оч гялалзахыг хараад би яагаад ингэж их өс зангидагдчихсаныг ойлгохгүй юм. Ойлголцдог, зөвшилцдөг, Монгол төрийн том эрх ашиг дээр нэгдэж чаддаг, зарим үед улс төр, намын жижиг эрх ашгаа хойш нь тавиад улс орны том зүйл дээр зангидсан гар мэт зогсч чаддаг өвгөдөөс ирсэн том уламжлалаа гээхгүй авч явахгүй бол их эвгүй үнэр ханхлах гэж байна даа гэж харагдаад байгаа. Монголын улс төр, хувь заяаг тодорхойлж байгаа гол хүмүүсээс гурван алдаа харагдаад байгаа юм. Нэгдүгээрт, Монгол төрийн явж ирсэн ёс уламжлал, зан заншил, жудаг алдагдаж байна. Хоёрт, үнэт зүйл үзэл санаа, хувь хүн, улс төрийн намын эрх ашиг, эрх ашгийн эрэмбэ дараа байхгүй болж, үнэт зүйлээ их мэрж идэж байгаа юм байна. Гуравт, 22 жил бид их төөрөлдөж явжээ. Ардчиллын үнэт зүйл гээд байсан маань их хэврэг байгаа юм байна. Юун гадна талд гарч туршлага ярих, Азийн ардчиллын жишээ болох. Болоогүй байгаа юм байна даа гэж бодогдож байна.
-Тэгээд энэ алдааг нь яаж ойлгуулах ёстой юм бэ?
-Ганцхан жишээ хэлье. Н.Алтанхуягийн төсвийн асуудлаар хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл, өргөн барьсан төсөв дотор байгаа алдааг нь бариад энэ хүнийг Монгол Улсын Ерөнхий сайдаас огцруулах хууль зүйн болон ёс зүйн хангалттай үндэслэл байна. Өнөөдөр соёлтой, улс төрийн зөв механизм тогтсон, хууль ёсны зөв жаяг тогтсон оронд Н.Алтанхуяг Ерөнхий сайдаас огцорчихсон байх ёстой. Гэхдээ үүнийг аль болох засахсан, алдаа мадгийг нь хэлээд өгөх юмсан гэж бодож байгаа. “Би энэ төсвийг хамгаалахгүй, сайн мэдэхгүй оруулаад ирлээ” гэж хэлээд байгаа Ерөнхий сайдыг юу гэж ойлгох вэ. Сөрөг хүчний хувьд энэ нь ард түмний нуруун дээрх ачаа, ирэх онд хоолтой, ажил амьдралтай байх уу гэдэгтэй холбоотой болохоор хүссэн ч, эс хүссэн ч үүнийг сайжруулахын төлөө л ажиллаж байна шүү дээ. Н.Алтанхуяг сайдад нэг зүйлийг хэлмээр байгаа. Жаахан дотогшоо орж ажилла гэж. Ажлыг барьж, тэмтэрч хийх ёстойгоос биш эфирийн өмнө, сонингийн цаасан дээр хийгээд явахгүй.
-Ерөнхий сайдын хувьд МАН-ынхны хийсэн төсвийг оруулж ирээд тоглуулчихлаа гээд байгаа биз дээ?
-Энэ Засгийн газар сүүлийн хэдэн Засгийн газраас хамгийн боломжтой нь. 2004, 2008 оны сонгуулийн дараа парламент найм, есдүгээр сар хүргэж байж тангарагаа өргөж Засгийн газар нь байгуулагдаж байсан. Тэгэхэд ганц сарын дотор бүх салбарынхаа асуудлыг базаад, сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан зүйлсээ шигтгэж өгөөд төсвөө оруулдаг байсан. Гэтэл энэ удаа шинэчлэл нэрийн дор тодорхойгүй төсөв мөнгө авъя гэж байна. Энэ нь парламентад сууж байгаа улстөрчид нэгэндээ найдаад өгч авчихдаг зүйл биш. Татвар төлөгчдийн мөнгийг бид Н.Алтанхуягт сайн санаад, итгээд өгч болно. Гэхдээ бид хууль зөрчинө шүү дээ. Ард түмэн бидэнд татвар төлөгчдийн мөнгөнд хяналт тавь гэж өгсөн үүргийг умартсан болох гээд байна.
АН-ЫГ ГАРГАХГҮЙ Л БОЛ ХОХИРЧ ҮЛДДЭГ БОЛООД БАЙГАА
-Таны төрсөн нутаг Өвөрхангай төрд төлөөлөлгүй байна. Энэ нь төсөв хуваарилж буй өнөө цагт сайн зүйл биш. Олон зүйлээс хасагдаж хоцорч байна гэж байгаа нь үнэний ортой юу?
-Хүн төрөлхтөн олон зуун жилийн өмнө парламентын ардчиллыг бий болгохдоо төлөөллийн зарчмаар төрөө барьдаг хуулийг бий болгсон шүү дээ. Гэтэл Өвөрхангай аймгийн ард түмэн АН-ыг гаргахгүй л бол хохирч үлддэг болоод байгаа. 2004 онд З.Энхболдыг гаргахгүй гээд явуулахад жил гаруй хугацаанд төлөөлөлгүй байлгаж байгаад дараа нь шүүхийн шийдвэрээр оруулж ирсэн. Энэ удаа Г.Батхүү, Д.Зоригт хоёрт саналаа өгөөгүй байтал шүүхийн шийдвэрээр гаргаж ирнэ гэхдээ “Та нар АН-ыг сонгоогүй юм чинь хохь нь” гээд хаячихаж байна. Дээрээс нь хамгийн олон хүн амтай аймаг парламентад төлөөлөлгүй байснаар төсөв, мөнгө, хөрөнгө оруулалт хэлэлцэж байгаа үед маш их хохирч байгаа. Тиймээс Өвөрхангайн төлөөллийг УИХ-д оруулж ирэх асуудал чухал.
-Ийм ялгаварлал төсөвт нэлээд байгаа гэсэн. Үүнийг та нар засч чадах болов уу?
-Энэ удаагийн төсвөөс харахад АН ард түмнээ ялгаварлан гадуурхсан нь илт байгаа. АН-д илүү санал өгсөн аймагт илүү төсөв тавьсан, МАН-д санал өгсөн аймгуудын төсвийг танасан. Цөөхөн монголчуудыг хооронд нь хагаралдуулдаг бодлого яваад эхэлчихлээ. Анхнаасаа олуулаа болъё, цөөхүүлээ бол хэн ч биш гэдэг бодлого явуулж байна. Санал өгсөн, өгөөгүйгээр нь төсвийн бодлогыг уядаг болж. Ялангуяа нийгэм эдийн засгийн хөгжлийн эгзэгтэй үед Монгол руу том гүрнүүд анхаарлаа хандуулж байгаа үед илүү эв нэгдэлтэй, нягт, дотроо нэг үндэстнийхээ эрх ашиг дээр нэгдэж байх ёстой. Гэтэл энэ үед хагаралдуулж, талцуулах, олонхи цөөнхөөр ялгадаг бодлого явж байгаад харамсч байна. Магадгүй энэ нь нэг хоёр жилдээ нийгэмд доргио үүсгэж харагдахгүй байж мэднэ. Гэхдээ нийгмийн ийм үзэгдэл бол Монголын эрх ашигт алсдаа тун их хохиролтой. Н.Алтанхуягийн өөрөө мэдээд авч байгаа хэдэн төгрөг, олонхиороо түрэмгийлээд авч байгаа төсвөөс илүү хохиролтой. Тиймээс аль болох эв нэгдлээ хангах ёстой. Сонгууль дууссан. Түүнээс хойш бид нэг үндэстэн, нэг Монгол. Ийм үзлээр хандаж явахгүй бол цөөхүүлээ бид хөгжихгүй. Төгсгөлд нь Монгол төрийн бодлого залгамж чанартай, уламжлал шинэчлэлээ хослуулж явах ёстой. Тиймээс өмнөх Засгийн газрын үед баталсан хөгжлийн бодлогууд дээр бид мөнгө тавьж байх ёстой. Тухайн үеийн парламент тав, арван жилээр бодож гаргасан. Түүнийг нэг нам юм уу, нэг улстөрчтөй биш Монголын хөгжлийн бас нэг гарц гэж харж үргэлжлүүлэх ёстой. “Атрын аян”, “Монгол мал”, “Шинэ төмөр зам”, “Шинэ бүтээн байгуулалт”, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр байна. Эдгээрт мөнгө тавиад л явах ёстой юм. Гэтэл байхгүй. Энэ бол энэ удаагийн нэг том алдаа. Өмнөх боловсон хүчинтэй холбоотой болохоор орхиод байгаа юм.