Одоо харин монголчуудыг бултаар нь ажилтай орлоготой, амьжиргаа нь баталгаатай болгох Хөдөлмөрийн яамыг чирж, чиглүүлж явах хүмүүс хэрхэн ажиллахаас л бүх зүйл шалтгаалах болж байна.
Тус яамны сайд УИХ-ын гишүүн Я.Санжмятав, дэд сайдаар Ж.Батхуяг нар тодорсон. Хоёулаа л 2004-2008 оны парламентад хууль тогтоохоор тохой нийлүүлэн сууж байсан “ангижав”-ууд. Гэхдээ улс төрийн угшил нь өөр л дөө. Нэг нь Н.Алтанхуягийн Алтангадас фракцын гишүүн бол нөгөөх нь М.Энхсайханы хүн. Я.Санжмятавын хувьд УИХ-ын 2008-2012 оны сонгуульд намаасаа нэр дэвшсэн ч тухайн үед Завханыхны сонголт Ардчилсан нам байгаагүй юм. МАН-аас нэр дэвшсэн Д.Балдан-Очир, Д.Оюунхорол, Ш.Сайхансамбуу нар түүний өмнө гишгэж, багаараа ялалт байгуулсан нь Я.Санжмятавыг парламентын гадна үлдэхэд хүргэж байв. Гэхдээ УИХ-ыг алдсан ч орон нутгаа авна гэж зүтгэсээр байгаад Завхан аймгийн Засаг дарга болсон Я.Санжмятав аймагтаа л бүх удирдлагыг гартаа авсан гэдэг. Төсөв зохиох болохоор л аймгаасаа сонгогдсон УИХ-ын гишүүдээр мундагдуулж байгаад орон нутагтаа гайгүй сайн хөрөнгө оруулалт татчихна. Дээрээс нь Ш.Сайхансамбуу нарыг хөөргөж байгаад хувиас нь хүртэл мөнгө гаргуулж, хөрөнгө оруулалт болгочихно. Ер нь түүнийг өнгөрсөн дөрвөн жил хүний хөрөнгө дээр хөөрхөн тоглолт хийж өөрийнхөө нэр хүндийг гайгүй сайн өргөсөн “зальтай” эр гэдэг юм билээ.
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан төдий тооны морин хуурчийг аймгаасаа авч ирэн, улсын нийслэлийн төв талбайг дүүргэн, улаанбаатарчуудыг уярааж байсан зайтай нэгэн.
Я.Санжмятавтай хамт Хөдөлмөрийн яамыг өргөж явах хүн бол дэд сайд Ж.Батхуяг. Түүний хувьд 2004-2008 оны сонгуульд Дорнод аймагт Эх орон-Ардчилал эвслээс нэр дэвшин сонгогдож байв. Гэхдээ тэрбээр Их хуралд суугаад хийж гавьшсан юмгүй, ерөнхийдөө парламентын “Короля” нарын нэг байсан болохоор дараагийн удаад хүрд эргүүлж чадсангүй. Дээрээс нь 2008 оны сонгуульд тэрбээр дуулгаа сольж, АН бус ҮШН-ын нэрийн өмнөөс “байлдаан”-д орсон ч хөрөнгө мөнгөөрөө шатаад өнгөрсөн юм. Мөн тэрбээр С.Баярын Засгийн газарт Батлан хамгаалахын сайд хийж байсан.
Харин тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар сонгуулиас хойш хэвлэлийн хуудаснаа “од” болоод байгаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга асан Б.Ганцэцэг томилогдсон. Одоохондоо үүрэг гүйцэтгэгч нэртэй ч үлдэж ажиллах нь тодорхой. УИХ-ын сонгуулийн 26-дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн тойргийн хорооны нарийн бичгийн даргаар ажилласан тэрбээр жинхэнэ будлианы эзэн. УИХ-ын сонгуулийн санал хураалтын дүнгийн талаарх тойргийн хорооны тогтоолыг баталж гарын үсэг зурах эрхтэй нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй аж. Учир нь тухайн тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаярын итгэлт Б.Ганцэцэг тойргийн хорооны тэмдэг, хэвлэмэл хуудас, бичиг хэргийн бүртгэлийг сэйфэндээ цоожлоод зугтсан гэж байгаа. Харин өнөөдөр Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч хийж байна. Төрийн сонгуулийг намдаа ашигтайгаар зохион байгуулсны шанд улс төрийн томилгоо өвөртөлсөн гэж хардах том шалтгаан.
Ийм л гурван эрхэм Н.Алтанхуягийн Засгийн газрын амин судас болсон Хөдөлмөрийн яамыг хөтлөх болж байна. Эхний ээлжинд 150 мянган хүнийг ажилтай болгох үүрэг авсан гэж байгаа.