“Төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2012.10.31-нд нийтлэгдсэн

“Төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй”

Хүний үр хүүхэд бүр ээж, аавдаа уулын дайтай битгий хэл бүхий л орчлонгийн дайтай үнэ цэнэтэй. Алаг үрээ алдана гэдэг аав, ээжид бүх л орчлонг алдаж байгаатай адил хэтэрхий гунигтай, харамсалтай зүйл. Тэр тусмаа золгүй тохиолдлоор эндэнэ гэдэг… Хүний үр хүүхдийг үхэлд хүргэсэн цаад шалтгаан нөхцөл нь хэн нэгний амин хувиа хоохойлох арчаагүй үйлдэл, атгаг шунал, авлига, хээл хахуулиар үнэнийг худалдаж авдаг гаж тогтолцоо. Үүнд бухимдаж байгаа олон хүн бий. Сар гаруйн өмнө “Тэнгис” кинотеатрын урд, Эрх чөлөөний талбай дээр болсон ослын хохирогч хүүг бид эргэн дурсч, түүний ээж Б.Наранчимэг, аав П.Бямбажав нартай уулзаж ярилцлаа. Тэдний сэтгэлийн зовлонг дахин хөндсөндөө уучлал гуйж байна. Монголд газар авсан авлига, гаж буруу тогтолцоо, шударга бус зүйлийн эсрэг бид хамтдаа тэмцэх ёстой учраас бид энэ ярилцлагыг танд хүргэж буй юм.

Хүү минь уул шиг түшигтэй хүн байлаа

-Хүүгийнхээ талаар ярих та бүхэнд хэцүү байгаа нь мэдээж. Гэлээ гэхдээ түүнийг ямар хүү байв гэдгийг хамгийн түрүүнд асуумаар санагдаж байна?

Б.Наранчимэг: -Би уул шиг түшигтэй гурван сайхан хүүтэй хүн байлаа. Талийгаач маань миний отгон хүү. Хүү минь цаанаа л нэг даруу төлөв, их уян сэтгэлтэй, найз нөхөд, аав ээжийхээ хайрыг татаж, хүндэтгэлийг хүлээсэн сайхан хүү байсан юм. Герман-Монголын хамтарсан 38 дугаар дунд сургуулийг төгсөөд ШУТИС-ийн Математекийн сургуулийн герман хэлний хоёр жилийн бэлтгэл ангид суралцсан. Харин энэ жил ШУТИС-ийн Уул уурхайн ангид элсэн орсон юм. Хүү минь Герман явахад бэлэн болсон байсан. Гэтэл хүү минь “Ээж ээ, хэзээ ч гадаад явж болно шүү. Би эх орондоо дээд боловсролоо эзэмшээд, мастерийн зэргээ Германд очиж хамгаалъя” гэсэн юм. Осол гарахын өмнөх өдөр гэртээ ирээд ээж, аавдаа эрхэлж байгаад явсан. Тэр үед хүүгээ тэр чигтээ явчихна чинээ даанч санаагүй. /уйлав/

П.Бямбажав: Миний хүү эх орондоо ч, эцэг эхдээ ч уул шиг хүү байсан. Хариуцлагагүй, хүнд суртал, хээл хахуульд автагдсан ёрын нөхдөөс болж амиа алдсанд харамсч байна. Түүнээс биш согтуу хөлчүү явж байгаад өөрийн буруугаас, эсвэл өвчин зовлонгоос амиа алдсан бол өөр хэрэг. Гэтэл зүгээр хичээлдээ гүйж яваад хүү минь амиа алдлаа шүү дээ.

-Ослын тухай анх хэрхэн мэдсэн бэ?

Б.Наранчимэг:-Миний том хүү Өмнөд Солонгост суралцдаг юм. Тэгээд дүүгээ зүүдлээд сэртэл “Монголд ийм осол гарчээ” гээд найз охин нь интернэтээр мэдээ хараад сууж байсан гэсэн. Лавлаад харсан чинь өөрийнх нь явуулсан пүүзийг өмссөн дүү нь мөн байсан гэсэн. Хүүгээсээ энэ тухай мэдээд гэмтлийн эмнэлэгт яваад очтол эмч нар “тархи нь цувчихсан байсан учир тусламж үзүүлэх ямар ч боломж байсангүй дээ” гэсэн. Хүүгийнхээ цогцсыг хараад зогсох ямар байдгийг төсөөлж хэлэх арга алга даа.

-Ээжтэйгээ амжиж уулзахыг хүсч байсан байх даа?

Б.Наранчимэг:-Осол гарах үед замын хажуугаар явж байсан түргэний тэргийг дуудаж аврал эрэхэд “Бидний дуудлага биш” гээд орхиод явсан байна лээ. Харин дараа нь ирсэн дуудлагын машин носилка байхгүй гэсэн байсан. Энэ мэтээр цаг алдаж байхад хүү минь 40 минут орчим үхэлтэй тэмцэлдэж хэрхэн зовж байсан бол доо.

Хотын даргатай уулзах бодолтой байгаа


-Зөвшөөрөлгүй барилгын гүйцэтгэгч, захиалагч байгууллагууд, НМХГ, Барилга хот байгуулалтын яам гээд холбогдох байгууллагуудаас хүмүүс ирж та бүхэнтэй уулзсан уу?


П.Бямбажав:-Барилга бариулж байгаа гэх К.Пүрэв гэдэг нөхөр ирж нэг уулзсан. Гэхдээ тухтай уулзаагүй. Түүнээс хойш найдтай холбоо бариагүй. Бусад байгууллагын удирдлагууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрсдийгөө рекламдахаас өөр хийж байгаа зүйл алга. Ажлын хэсэг байгуулагдсан гэхээр нь би УИХ-ын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү нартай уулзсан. Тэр хоёр залуу намайг сайхан хүлээж авсан. Тэд “Бид одоо монгол хүний амийг үнэлэх цаг болсон. Цаашдаа холбоотой байя” гэсэн. Хүүгийнхээ хоногийг хурааж дуусахаараа Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзана гэж бодож байгаа. Э.Бат-Үүл даргыг арай ч мөнгөний амтад орчихоогүй хүн гэж итгэж, хэлснээ биелүүлэх байх гэж найдаж сууна. 

-Энэ бүхний буруутан хэн гэж боддог вэ?

П.Бямбажав:-Манай улсад хариуцлага тооцох шударга эзэн гэж  алга байна. Ажилтнаас хоёр хүн, мэргэжлийн хяналтаас нэг хүнийг сэжигтэнээр татаж байгаа гэсэн. Нөгөө том эздэд халдаж чадахгүй байгаа юм байх л даа. Миний хүүгээс өмнөхөн арав гаруйхан настай охин ээжтэйгээ явж байгаад амиа алдлаа шүү дээ. Ах нь бол үнэхээр өөдрөг сэтгэлтэй хүн байлаа. Одоо надад өөдрөг амьдрах ямар ч арга алга. Хүний дотор харамсал, өшөө авалт, өс хонзон гэж зүйл бас байдаг юм билээ.
 
Б.Наранчимэг:-Бид осол болсны маргааш Чингэлтэй дүүргийн цагдаа дээр хүүгийнхээ хувцсыг авах гээд очиход н.Жамъяндорж гэдэг мөрдөн байцаагч хэлэхдээ “Шөнийн турш 400-аад хүнээс байцаалт авлаа. Энэ барилга бол “Эко” констракшны охин компанийнх юм байна. Мөн К.Пүрэв гэдэг хүний нэр дээр байдаг юм байна” гэж байсан. Яг осол гарсны дараахан энэ барилга бол “Эко консракшн”-ы охин компани гэсэн мэдээлэл гарсан. Гэтэл гүйцэтгэгч байгууллага нь “Эко” компани биш гэж хэвлэлийн бага хурал зарлахад нь сандарсан шүү дээ.

-Цагдаагийн байгууллага та бүхнээс мэдүүлэг авсан уу?

-Одоохондоо аваагүй л байна. Хариуцлага хүлээх ёстой, тооцох ёстой байгууллагууд сар гаруй хугацаа өнгөрч байхад таг чиг л байна.

-Ослын дараахан Нийслэлийн Удирдлагын зөвлөл хуралдсан. Тэр үеэр НМХГ-ын даргыг түр орлон гүйцэтгэгч М.Ням-Очир “Осол гарахаас хэд хоногийн өмнө манай байцаагчид энэ барилгыг хууль бусаар зөвшөөрөлгүй баригдаж байгааг мэдсэн. Үйл ажиллагааг нь зогсоох ёстой байсан ч бичиг цаас харах шаардлагатай байсан юм” гэсэн. Хэрэв шууд үйл ажиллагааг нь зогсоосон бол хүү тань өнөөдөр амьд байх байжээ?

-Чингэлтэй дүүргийн Засаг дарга, тус дүүргийн цагдаагийн байгууллага, НМХ-ынхан бүгд л зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилга шүү гэдгийг мэдэхийн ихээр мэдэж байсан. Энэ бүхний цаана муу муухай, бузар мөнгө л байгаа даа. Тэр үед чинь Э.Бат-Үүл дарга зөвшөөрөлгүй барилгуудыг зогсоох шийдвэрийг гаргачихсан байсан шүү дээ. Гэтэл тэр барилгыг зөвшөөрөлгүй барилгын тоонд оруулаагүй байсан юм билээ.

-Б.Есүгэн охины аавыг Ерөнхийлөгч хүлээн авч уулзсан. Охины аав “Есүгэн сан” байгуулж, зөвшөөрөлгүй барилгууд, барилгын салбарын хууль бус бүхэнтэй тэмцэнэ гэж мэдэгдсэн.  

П.Бямбажав:-Би охины аав н.Батсайханыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж байхыг харсан. Талийгаач охины аав надтай л ижил зовлон амсч яваа хүн. Би бас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзана гэж бодож байгаа. Барилгын салбар дахь хуулийн цоорхой, хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох, буруутай нөхдөд хариуцлага яаралтай тооцохыг хүсэх болно.

-Есүгэн охины аав “Есүгэн сан” байгуулж барилгын салбарын хууль бус бүхэнтэй тэмцэнэ гэсэн. Та бүхэн нэгдэх үү?

-Бид талийгаач охины аавтай уулзана. Барилгын салбарт байгаа хууль бус үйлдэл бүхэнтэй хамтарч тэмцэнэ гэж бодож байгаа. Хүүгийнхээ 49 хоногийг өнгөрмөгц уулзах байх аа.

Хүүгийн минь үхэл зөвшөөрөлгүй 93 барилгыг илчилсэн

-НМХГ-аас нийслэлд зөвшөөрөлгүй баригдаж байгаа 79 барилга байна гэж мэдэгдсэн ч сарын дараа 172 байсныг гэнэт мэдсэн гэсэн.

-Тэд чинь мэдэхийн дээдээр мэдэж байгаа шүү дээ. Хяналт шалгалт байхгүй, ажлаа шалгасан нэр зүүж хэдэн төгрөг авдаг нь тодорхой. Хууль хяналт, мэргэжлийн хяналтын байгууллагууд 0.07 га газрыг зөвшөөрөлгүй авсан айлуудын хашааг шууд л очоод нураадаг шүү дээ. Гэтэл мөнгө төгрөгтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн барилгыг бол “яг ш дээ морио” болж байгаа юм. Миний хүүгийн үхэл барилгын салбарын булхайг үнэхээр дэлгэлээ.

-Нэгэнт зөвшөөрөлгүй барилгуудын нэр тодорхой боллоо. Таны бодлоор эдгээр барилгуудыг хэрхэн шийдвэрлэвэл зохих вэ?

-Нэгэнт хүний хөдөлмөр шингэсэн зүйлийг шууд нураах нь бас хэцүү л дээ. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төр төмөр нүүрээ гаргах л хэрэгтэй байна.


Эрх чөлөөний талбайд хөшөө босгож өгөөсэй

Б.Наранчимэг:-Хичээлийн эхний өдөр ээжийнхээ гараас хөтлөн явсан охин, хүүгийн минь үхэл шиг харамсалтай зүйл дахин бүү давтагдаасай гэж залбирч сууна. Эрх чөлөөний талбай дээр явж байгаад хүү минь амиа алдсан болохоор тэр талбайд алгын чинээ газар өгөхийг Э.Бат-Үүл даргаас гуйх гэж байгаа. Тэнд нь цүнхээ үүрээд явж байгаа Б.Есүгэн охин болон хүүгийн минь хөшөөг босгож ард түмэн минь дурсгалыг нь хүндэтгэж яваасай гэж хүсч байна. Тэр хөшөөний өмнө хойчийн буянд нь сайныг хүссэн хүмүүс зул өргөдөг байгаасай гэж хүсч байна.

-Та хүүгээ ирээдүйд ямар аав болно гэж төсөөлдөг байсан бэ?

Б.Наранчимэг: -Миний хүү үнэхээр цайлган, зөөлөн зантай, буруу бүхнийг хүлээн зөвшөөрдөггүй хүү байсан. Өнгөрсөн жил бид анхныхаа ачийг өлгийдөн авсан. Тэр үед талийгаач хүү минь “Ээж ээ, би хүүхэдтэй болбол та миний хүүхдийг анхныхаа ач шиг хайрлах уу?” гэж асуусан. Тэгэхэд нь би “Юу ярьж байгаа юм бэ хүү минь, ээж нь хүүхдүүдийнхээ хүүхдүүдийг ялгалгүй хайрлана шүү дээ” гэсэн. Миний хүү халамжтай хань, сайн аав байх байсан. /уйлав/ Миний хүүд зориулж найзууд нь үнэхээр сайхан шүлэг зохиосон байна лээ. Бас 38 дугаар сургуулийн найзууд нь мөнгө цуглуулж, тэр мөнгөөрөө хүүгийн минь хойчийн буянд зориулж, Гандан хийдэд 1150 зул өргөсөн. Сургуулийн хамт олон, сурагчдын эцэг эх, бид ч бас очсон. Гэтэл буяны ажилд хандив цуглуулсан гэж 38-р сургуулийн багшийг АТГ-аас дуудсан байна лээ. Энэ бол үнэхээр хүлээн зөвшөөрч болшгүй зүйл юм.  Мөн 38-р сургуулийн сурагчид АТГ шалгуулж байгаа багшийнхаа нэр төрийг сэргээхээр хэвлэлийн хурал зарлах гэж байгаа гээд биднийг оролцох хүсэлт тавьсан. Харин бид хүүгийнхээ 49 хоногийг дуусгасны дараа оролцож болно гэсэн. Бид нарын зовлонг  ойлгож, хүндэтгэж, бидний талд  байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд болон та бүхэнд талархаж байна.

Ярилцлагынхаа төгсгөлд талийгаач хүүд найзуудаас нь зориулж зохиосон шүлгийг хүргэж байна:

Уурлах нь хүртэл цайлган анд минь
Унтах нойронд минь л ирдэг боллоо
Ухаангүй тэнэг найз чинь харин
Уйлахаас өөрийг хийхээ болилоо
Шоглож хэлсэн үгнээс минь болоод
Шорвог нулимстай орхиод явав уу
Үгүй гэдэггүй гэнэн болохоороо
Үхэлд хүртэл за гэчихэв үү
Урсах нулимсаар нүүрээ угаавч
Улам ихээр санаад л байх юм
Ургах наранд халууцан байвч
Уяхан зүрх минь даараад л байх юм
Алсын алс руу чамайг явчихаар
Араас чинь бид яараад байх юм
Хаяад одсон найз минь харин
Харих бодолгүй нойрсоод л байх юм.

/Дотны анддаа зориулав гэжээ/

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж