хууль бусаар болон бусдын эрх ашгийг зөрчин хатгасан хашаа, барилгын
асуудлыг хөндөж байгаа билээ. Цуврал нийтлэлийн хүрээнд иргэдээс
ирүүлсэн саналын дагуу бас нэгэн “Эзэнгүй хашаа”-ны эзнийг бид
“сураглаж” байна.
Энэ том хашааны чанх ард нь “Драгон” төв бий. Нэгэн цагт хүний хөл хөдөлгөөн тасардаггүй байсан энэ газарт одоо эндхийн архичид орогнодог болжээ. Хэдийгээр хашаан дээр “Бие засахыг хориглоно” гэж бичсэн байх авч шээсний эхүүн үнэрт хамар цоргих. Тэр хавийн архичид том хашааны ар талд архи уух сайхан байрлал гаргачихсан нь энэ.
“Энэ барилга нэг л өдөр баригдчихсан. Уг нь хэрэгтэй юм босвол зүгээр. Хашаа хатгасанаас хойш ар талаар нь явж гэр рүүгээ орохоос өөр сонголтгүй болсон. Орой үдшийн цагаар үүгээр явахаас үнэндээ айдаг. Архичид нь араас хөөгөөд зүгээр байлгадаггүй. Тийм учраас бүр урд талаар нь тойрч байж гэртээ ордог болсон” гэж Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Саруул ярьсан юм.
Энэ том хашааг хатгасаны учир нь орчин үеийн авто вокзал барихад оршиж байгаа аж. Том хашаа баруун буланд хадсан жижиг бичгээс харвал энд “Олон улс хоорондын тээврийн терминал”-ыг барих ажээ. Уг нь зургийг харвал сайхан л санаа. Гэхдээ…
“Энэ газрыг Баярт гэж нөхөр авсан байдаг юм билээ. Энэ хүнтэй уулзах гэсэн боловч барилгын ажлыг гардан явуулж байгаа Цэдэнбал гэдэг хүнийг ганцхан удаа л уулзуулсан. Тэр хүн “Хоорондоо зохьц.Эвээ олъё, довжоог чинь янзалж өгнө, дулааны шугамыг нь татаж өгнө гэж амласан юм. Үүнээс хойш ерөөсөө утсаа аваагүй, холбоо бариагүй” гэж А.Батболд ярьж байна. Дэлгүүрээ газарт алдсан түүнийг захиргааны хэргийн шүүхэд гуравдагч этгээдээр татжээ. Учир нь түүний дэлгүүрийн хэсэг газрыг авахын тулд. Харин хотын даргын зүгээс иргэн А.Батболдын газрыг цуцлах эрх зүйн үндэсгүй гэсэн дүгнэлт гаргасан байна. “Хотын даргын шийдвэр гарчихсан шүү дээ. Барилгын ажил нь одоо бараг зогсчихсон байгаа байх. Хүйтний улирал наашилсан болохоор. Уг нь барилгын ажлыг зогсоох ёстой” гэж А.Батболд бас хэллээ.
Үүнээс хойш тэр Мэргэжлийн хяналтын байгууллага руу өргөдөл гаргасан боловч тус “Барилгын ажил хуулийн дагуу явж байна” гэсэн хариу ирүүлжээ. Үүний дараа тэрбээр барилгын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээсээ хэтэрсэн байна уу гэдгийг шалгуулахаар мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан ч одоог хүртэл хариу ирүүлээгүй байгаа аж.
Иргэн А.Батболдын ярьж байгаагаар бол түүний газрыг Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга асан С.Баярт авсан аж. Барилгын ажлаа эхлэхээс өмнө нэг ч албан бичиг явуулаагүйгээр барахгүй утсаар ч яриагүй байна. “С.Баярт гэдэг нөхөр утсаа ч авахгүй байгаа. Сураг сонсох нь ээ, орон нутгийн сонгуульд дэвшиж байгаа болтой юм. Гэтэл тэр одоо ийм увайгүй үйлдэл хийгээд сууж байна шүү дээ” гэж А.Батболд ярилаа.
“Драгон” төвийн урд талын барилгын ажлыг нийслэлийн газрын албанаас асуух гэсэн боловч тоймтой хариу өгөх хүн байсангүй. “Хэдэн долоо хоногийн дараа энэ талаар хариулт өгөх боломжтой” гэдгийг угтах үйлчилгээний хүн хэлээд гаргасан юм. Жирийн иргэний дэлгүүрийг таглаж, барилгын ажлаа эхлүүлсэн хэрэг дахин гарлаа. Хариуцдаг байгууллага нь харин энэ талаар мэдээлэл өгөхгүй сууж байна. Гэтэл хохирсон иргэн бас л хариугаа хүлээгээд сууж байгааг санахад илүүдэхгүй. Хохироод байгаа иргэний хүслийг танд сануулъя.
“Одоо надад нэг л хүсэл байна. Энэ хэрэгт эрүү үүсгэх хэрэгтэй. Хууль журмынх нь дагуу түрээсэлж байсан дэлгүүрийг таглаж барилга барьсан нь иргэний хувийн өмчид халдаж байгаа ноцтой хэрэг” гэж.