Өрөмдлөгийнхний “наадам”-д MUD түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.10.31-нд нийтлэгдсэн

Өрөмдлөгийнхний “наадам”-д MUD түрүүлэв


Монголын өрөмдлөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Геологи-хайгуулын баганат өрөмдлөгийн сонгон шалгаруулах уралдаан”-д “Монголиан Юниверсал Дриллинг” (MUD) компанийн баг тэргүүн байр эзэлсэн байна. Энэ сарын 27-28-нд болсон өрөмдлөгийн сонгон шалгаруулах энэхүү уралдаанд “Танан импекс”, “Монголиан Юниверсал Дриллинг”, “Монголын үндэсний алмазан өрөмдлөг”, “REO”, “Бриллиант”, “Сандвик Монголиа”, “Nippon boring tool”, “Greenland enterprises”, “MSM”, “Hera equipments” зэрэг компаниуд оролцжээ. Энэ жилийн тэмцээн уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жил, Геологийн салбарын 73 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог болж буйг Монголын өрөмдлөгийн холбоо тэмдэглэж байсан юм. 

Тэмцээнийг жил бүр өөр өөр газарт зохион байгуулдаг. Энэ удаад тэмцээн Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж буй “Монзол” компанийн “Эрвэн хүдэр” төмрийн ордод “Бриллиант” ХХК-ийн өрөмдлөгийн төхөөрөмжүүд дээр “өрнөсөн” байна. Гурван удаа дараалан түрүүлсэн багт байнга хадгалагдах болзолтой энэхүү цомын уралдаанд жил бүр өөр өөр байгууллага шалгарч, уралдааны цом байнга шилжиж ирсэн нь компаниудын ихээхэн өрсөлдөөнтэй оролцдогийг харуулна.

Энэ удаагийн уралдаан ч мөн ихээхэн өрсөлдөөнтэй болж өрөмдөгдөх чанараараа IX-XI зэргийн ихээхэн хатуу, элээх чанар өндөртэй төмрийн хүдэр болон түүнийг агуулагч чулуулаг, хувирал, бутралын бүстэй, хүндрэлтэй нөхцөлд ээлжийн 12 цагт шилжүүлэн, чанарын шаардлагын дагуу тооцоход өмнөх 2011 оны аварга Монголын Юниверсал Дриллинг компанийн өрмийн мастер Б.Ариунболд ахлагчтай, Э.Баясгалан, С.Сэрэмжбаатар туслахтай баг 45м өрөмдөж, тэргүүн байр эзэлж, уралдааны цомыг хоёр дахь удаагаа хадгалах эрхтэй болсон. Харин 2008 оны аварга Эрдэнэт үйлдвэрийн Геологи-хайгуулын ангийн өрмийн мастер Э.Эрдэнэбаяр ахлагчтай, Г.Ундрах-Эрдэнэ туслахтай баг 39м өрөмдөж аман хүзүүдсэн юм. Үүний араас MUD-ийн хоёрдугаар баг, Бриллиант, Монголын үндэсний алмазан өрөмдлөг компанийн багууд тодорчээ.

www.mongolianminingjournal.com

www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж